С.Бямбацогт: АН-ыг манайд санал тавьж, хамт эхлүүлсэн ажлуудаа дуусгах байлгүй гэж харсан
2012.07.24

С.Бямбацогт: АН-ыг манайд санал тавьж, хамт эхлүүлсэн ажлуудаа дуусгах байлгүй гэж харсан

УИХ-ын гишүүн С.Бямбацогт
-Ардын намынхан чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа учир нь юу вэ?

-УИХ-ын даргыг томилох тухай зөвшилцөх бичиг манай намд ирээгүй. Тийм учраас бид чуулганы хуралдаанд оролцоогүй. УИХ-ын даргыг томилох үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэж байсан шүү дээ. Нэг ёсондоо гудамжинд Засгийн газраа байгуулахаар яарч байна. Түүнийгээ зас гэдэг шаардлага тавь­сан. Чуулганы хуралдааныг ч хууль бусаар зарлаж хуралдуулсан. Чуулганы хуралдааныг УИХ-ын дарга зарлах ёстой байдаг. УИХ-ын дарга байхгүй тохиолдолд парламентын хамгийн өндөр настай гишүүн чуулганы хуралдааныг зарлаж, даргалж явуулах эрхтэй. Гэтэл хэн, хаанаас УИХ-ын чуулганы хуралдаа­ныг зарласан нь өнөөдөр тодорхойгүй байна. Ийм учраас манай намын бүлэг хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын тухай хуульд заасан заалтыг барим­талж бид асуудалд хандаж байна.

-Ардчилсан намынхан танай намд зөвшилцөх тухай албан бичиг хүргүүлсэн гэсэн. Тиймээс зөвшилцсөн гэсэн үг биш юм уу?

-Ардчилсан намынхан өнгөрсөн баасан гаригт манай намынханд албан бичиг хүргүүлсэн. Тиймээс манай намын бүлэг хуралдаж, тэр бичгийн хариуг албан ёсоор өгөх гэж байна. Түүнээс биш гацаа үүсгээд байгаа юм биш. Парламентад олон суудал авсан нам манайхаас бусад намтай хамтраад хууль зөрчсөн үйлдэл гаргаад байна шүү дээ. Энэ алдааг нь засч залруулах гэж байгаа юм.

-Гэхдээ МАН-ын бүлэг ямар ч шийдвэр гаргасан бай олонхийн саналд нөлөөлөхгүй. Тэртэй тэргүй АН ИЗНН, "Шударга ёс" эвсэлтэй зөвшилцөөд парламентад олонхио бүрдүүлчихсэн. Тийм учраас олонхи нь УИХ-ын даргад хүнээ нэр дэвшүүлж байгаа байх. Энэ утгаар аваад үзвэл харин танай нам төр засгаа эмхлэх ажлыг гацааж байгаа юм биш үү?

-УИХ-ын чуулганыг гацаасан зүйл огт байхгүй. Албан ёсны зөвшилцөл хуулийн дагуу явагдахгүй байна шүү дээ. Хүмүүс өндөр албан тушаалд суух гэж яарч байж болно. Гэсэн ч хуулийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах ёстой. Хэтэрхий яарч төр засгаа эмхлэх ажил эхнээсээ мордохын хазгай болчих вий дээ гэж санаа зовж байгаа юм.

-Сонгуулиар Өвөрхангай аймгийн тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчдийн асуудлыг МАН-ын талд шийдэж өгөхөөс нааш танай нам чуулганыг гацаана гэсэн яриа байна. Үнэн юм болов уу?

-Өвөрхангай аймагт манай намаас ялалт байгуулсан хоёр нэр дэвшигч олонхийн саналыг авсан байхад тангараг өргүү­лэхгүй байгаа нь яах аргагүй ноцтой асуудал мөн шүү дээ. Гэтэл ялих, ялихгүй шалтгаар тангаргийг нь өргүүлэхгүй байна. Зүй нь бол УИХ-ын гишүүнийх нь тангаргийг өргүүлсний дараа асуудлыг шийдэх ёстой. Хэрэв тэр хүмүүс хууль зөрчсөн нь тогтоогдох юм бол УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах боломж нээлттэй. Ийм байхад ингэж авирлаж байгааг манай намынхан буруушааж байгаа. Энэ асуудлыг үнэнээр нь шийд гэдэг шаардлагыг манай намынхан тавьсан. Цаашид ч энэ байр сууриа хамгаална. Гэхдээ энэ асуудлаас болоод чуулганыг гацаагаагүй. Энэ бол буруу ойлголт байна. Манай намын бүлгийн шийдвэр яаж ч гарсан бай, УИХ-ын чуулганд манай намын бүлэг оролцохгүй байсан ч хуралдааныг ердийн олонхиороо хуралдуулаад явах боломжтой.

-Танай нам зөвшилцөж ширээний ард суухыг хүсээд байгаа юм уу. Зөвшилцөнө гээд байгаагийн гол учир нь юундаа байгаа юм бэ. Танай нам УИХ-ын даргыг авах сонирхолтой байгаа юм уу?

-Асуудал мэдээж олонхийн саналаар шийдэгдээд явна. УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн хүнийг Ардын нам дэмжсэн ч, дэмжээгүй ч чуулганы хуралдаан болно. УИХ-ын даргыг томилж болно шүү дээ. Ардын намын шийдвэр энд нө­лөөлөхгүй. Зүгээр л зөвшилцөх процессоо хууль ёсны дагуу хийхийг шаардаж байна.

-Сүүлийн үед танай намын дотоод асуудал ундарч байх шиг байна. Бага хурлын зарим гишүүн нийлж, жигүүр байгуулжээ...

-Манай нам УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанд оролцсоноороо ялагдлаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Монгол Ардын намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар намаа сонгуульд ялуулаагүйн төлөө хариуцлагаа хүлээж сайн дураараа огцрох санал гаргасан. Ингээд Удирдах зөвлөлийн хурлаар тэдний саналыг шийдвэрлэсэн. Намын удирдлагууд маань дүрмээ биелүүлж соёлтойгоор албан тушаалаасаа татгалзсан байгаа. Манай нам энэ удаагийн сонгуульд ялагдсан боловч ялсан нам байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-Сонгуульд ялагдсаны хариуцлагыг зөвхөн дарга нараас гадна Удирдах зөвлөлийн гишүүд хүлээх ёстой юу. Гэтэл Удирдах зөвлөлд багтдаг хүмүүсээ намын удирдлагад нэр дэвшүүлсэн нь хэр зөв юм бэ?

-Манай намын зарим гишүүн, журмын нөхөд маань сонгуулийн ялагдалд Удирдах зөвлөлийнхөн хариуцлага хүлээх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Аливаа улс төрийн хүчин сонгуульд оролцохдоо ялах гэж л оролцдог. Ялахын төлөө манай намынхан бүх бололцоогоо дайчлан ажилласан. Харамсалтай нь ялагдсан. Энэ бүхний хариуцлагыг Удирдах зөвлөлийн гишүүд хүлээх ёстой. Хэнд, ямар хариуцлага тооцох вэ гэдгийг бид намын Бага хурлаараа ярилцана. Сонгуульд оролцохдоо ямар алдаа, дутагдал гаргасан болон цаашид ямар бодлого баримталж ажиллах вэ гэдгээ ч ярилцах нь мэдээж. Бага хурлын гишүүд "Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой" гэсэн шийдвэр гаргавал хүн бүр л дагаж биелүүлнэ. Үүнээс өмнө яаран хэн нэгнийг буруутгах ёсгүй.

-МАН-ын сонгуульд ялагдсан гол шалтгаан нь нэрээ сольсонтой холбоотой гэж олон хүн үзэж байгаа. Та санал нийлэх үү?

-Намынхаа уугуул нэрийг сэргээж, нэрээ сольсон нь ялагдахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн л байх. Өрсөлдөгч нам маань бидний сул тал дээр сайн ажилласан. Үнэндээ Ардчилсан намынхан хүчтэйдээ, зохион байгуулалт сайтай үйл ажиллагаа явуулсандаа манай намаас олон суудал авсан юм биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Ардчилсан намынхан манай намын гаргасан алдаанууд дээр чадварлаг сайн ажиллаж, бидний гаргасан алдааг дөвийлгөснийхөө хүчинд хэдэн суудлын илүүтэйгээр ялалт байгуулсан. Миний хувьд Монгол Ардын нам уугуул нэрээ сэргээсэнд ха­рамсдаггүй. Бидэнд цаашид хийх зүйл их байна.

-Хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээрийн гадна зөвхөн танай нам үлдлээ. Үүнд гомдолтой байгаа юу?

-УИХ-ын 2008 оны сонгуульд МАН 45 суудал авч олонхи болсон. Тухайн үед 45 суудалтай манай нам 25 суудалтай Ардчилсан намынханд хамтарч ажиллах санал тавьсан. Алийн болгон улстөржих вэ гэсэндээ ард түмнийхээ өмнө хү­лээсэн үүргээ биелүүлж, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж АН-д хамтарч ажиллах санал тавьж байсан. Тиймээс хамтарсан Засгийн газар байгуулсан. Засгийн газар боломжийн ажилласан гэж үзэж байгаа.
Даанч АН-ын дарга Н.Алтанхуяг "Хамтарсан Засгийн газраас хөөсөн ч явахгүй" гэж хэлж байснаа мартаад сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газраас явсан. Гэтэл өнөөдөр 31 суудал авсан АН 28 суудал авсан манай намд хамтарч ажиллах санал тавьсангүй. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхдөө манай намын дарга Ардчилсан намынхантай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэтэл үл тоож байна билээ. Ийм л намтай бид өнгөрсөн дөрвөн жилд хамтарч ажиллаж байжээ. 

-АН-ыг горьдоод хүлээж байжээ?

-Хамтарч ажиллахад бэлэн байсан. Бид парламентад 45-уулаа олонхи байх үедээ АН-ыг засагт урьж л байсан. Одоо АН 31-үүлээ боллоо. Тиймээс манайд хамтарч ажиллах санал тавих байлгүй дээ. Хамтдаа эхлүүлсэн ажлаа дуусгах байх гэж харж байсан. Гэтэл үгүй л юм байна.

-Танай намын даргаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин болох юм шиг байна. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ. Таныг бүлгийн дэд дарга болно гэсэн ч яриа байна. Үнэн үү?

-Ө.Энхтүвшин дарга бол манай намын туршлагатай боловсон хүчин. Манай намыг цөөнх байх үед Ерөнхий нарийн бич­гийн даргын хариуцлагатай албан тушаалыг хашиж, ялалт байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн нэг. Тиймээс энэ албан тушаалд тэнцэх хүн яах аргагүй мөн. Цөөнх болсон үед намын удирдлагууд хүнд ачаа үүрдэг. Энэ хүнд ачааг үүрч чадна гэж бодож байна. Ардын нам цөөнх болж байна. Тиймээс хүнд бэрх үед хүчтэй ажиллах шаардлага манай намд тулгарч байга. Ийм үед цөөнхийн бүлгийн дэд дарга болох гэж дурлаад байх ажил биш. Гэхдээ миний нэрийг бүлгийн дэд даргад дэвшүүлбэл татгалзах зүйл байхгүй. Хүнд ачааг үүрээд явна даа.
Нийтлэлч
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.