С.Бямбацогт: Өдөрт арван мянган хувь хэвлэгддэг сониныг стратегийн аж ахуйн нэгжид тооцно
Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдийн гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ талаар төсөл санаачлагчдын нэг С.Бямбацогт гишүүнтэй ярилцлаа.
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гарвал аж ахуй нэгжүүдэд халгаатай гэсэн шүүмжлэл гараад байна. Ямар учиртай юм бэ?
-Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. 1990-ээд оны үед манай улсын нийгэм, эдийн засаг хүнд байсан. Тэр үед гаднаас хөрөнгө оруулалтыг татах сонирхол ч их байлаа. Гаднаас зээл, хандив их хэмжээгээр авдаг байсан даа. Харин уул уурхай ашиглалтад орж эхэлснээс хойш гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Үүнээс хойш бид гадныхныг нэгдүгээрт тавьчихдаг болсон. Гадныхан Монголд үнэн сэтгэлээсээ хөрөнгө оруулалт хийхийг боддоггүй. Богино хугацаанд их ашиг олж, баялгийг нь цөлмөөд гарахаа боддог. Үнэндээ хөрөнгө оруулалтаас монголчууд наалдаж үлддэг зүйл ховор байна шүү дээ. Монголын газар нутаг, байгалийн баялаг цөм ард түмний мэдэлд бий. Тиймээс гадны хөрөнгө оруулалтыг харилцан ашигтай эзэмших нөхцөлийг бүрдүүлэх гэж ийм хууль санаачилсан юм.
-"Саус гоби сэндс" компанийн асуудал энэ хуулиар зохицуулагдах юм уу?
-Тийм. Гэхдээ зөвхөн энэ компанид зориулсан хууль биш шүү дээ. Уг хуулийг 2010 онд өргөн барьсан. Дөнгөж одоо л хэлэлцэж эхэлж байна. Ер нь бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа нь энэ гээд эдийн засгаа дэмжих бизнесийн бүх салбараа нээлттэй хаячихаж болохгүй биз дээ. Зарим салбарт гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах хэрэгтэй.
-Ямар салбаруудын гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах гэж?
-Хуулиа боловсруулахдаа нийт 19 салбарыг хамруулна гэж тусгасан. Гэтэл УИХ-аас гаргасан ажлын хэсэг хуульд нэлээд өөрчлөлт хийж, зарим салбарыг нь хасаад уян хатан хандаж байх шиг байна. Энд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан аж ахуй нэгжүүд ч орж байгаа.
-Нэрлэвэл...
-Тухайлбал, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, авто зам, төмөр зам, эрчим хүч, уул уурхайн салбар багтаж байна. Мөн тэсэрч дэлбэрэх бодисын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбарын аж ахуйн нэгж ч орно.
-Ямар шалгуураар стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид тооцогдох юм бэ?
-Зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй компани стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид тооцогдож, гадны хөрөнгө оруулалт авахдаа Засгийн газраас зөвшөөрөл авна.
-Хэвлэл мэдээллийн байгууллагыг стратегийн аж ахуйн нэгжид оруулдаг нь ямар учиртай юм бэ?
-Үзэл суртал бол асар том зэвсэг шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллага ард түмний санаа бодолд их нөлөөлдөг. Тиймээс телевиз, радиог оруулж байгаа юм. Өдөрт арван мянган хувь хэвлэгддэг сониныг стратегийн аж ахуйн нэгжид тооцно. Хэвлэл мэдээллийн байгууллагад гадны хөрөнгө оруулалт давамгайлаад, явуулж байгаа бодлого нь үндэсний эрх ашигтай зөрчилдөөд байвал яах юм. Тэгвэл улс оронд зөрчилдөөн үүснэ шүү дээ.
-Үндсэндээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл Засгийн газраас хараат ажиллах нь ээ?
-Үгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гадаадын хөрөнгө оруулалтад Засгийн газар зохицуулалт хийнэ гэсэн үг. Түүнээс биш хувийн хэвшлийн бизнестэй хутгалдахгүй. Ийм зохицуулалт дэлхийн улс орнуудад ч байдаг. Зөвхөн Монгол Улс дэлхий дээр ганцаараа сондгой хуультай болох гээд байгаа юм биш.
-Гадны хөрөнгө оруулалтын хувь хэмжээ хэд байвал Засгийн газар зөвшөөрөх юм?
-49 хувиас дээшгүй байх ёстой гээд заачихсан байгаа. Монголчууд биднийг алтан дээр суусан гуйлгачин гэж ярьдаг байлаа. Гэтэл өнөөдөр бид гадныханд алтаа хулгайлуулсан гуйлгачид болох гээд байна шүү дээ. Манай баялгийг гадныхан хөрөнгө оруулагч нэрээр орж ирээд хамаад, цөлмөх гээд байна. Гадныхан манай баялгаас өм цөм авах гээд улайраад байвал төр засаг нь хязгаарлалт тавьж өгье л гэсэн юм.
-Жишээ нь манай сонинд гадны хөрөнгө оруулалт орж ирлээ. Түүнийг нь Засгийн газар зөвшөөрлөө гэж бодъё. Тэгвэл төр тэндээс тодорхой хувь эзэмших юм уу?
-Үгүй ээ. Тухайн сонин хувьцаагаа худалдаж, гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх гэж байгаа бол Засгийн газраас зөвшөөрөл авна. Түүнийг нь Засгийн газар хянаж үзээд гадныхны хувь хэмжээ бага байх юм бол зөвшөөрнө. Тэглээ гээд Засгийн газар хувь хүртэж, ашгаас нь авахгүй. Зөвхөн тухайн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулж байна.
-Энэ хууль бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт олох боломжийг нь хаачихаж байгаа юм биш үү?
-Тийм биш ээ. Манайхан гадны шар толгойтой нөхрийн мөнгийг хараад өөрийнхөө эрх ашгийг Монголын эрх ашгаас дээгүүрт тавьж болохгүй. Өөрт л ашигтай бол Монголын хууль цааз хамаагүй гэдэг байдлаар наймаа хийж хандаж болохгүй.
-Энэ хууль батлагдвал гадны хөрөнгө оруулагчдыг үргээчихгүй биз?
-Гадаадынхан Монголын ард түмэнд хүндэтгэлтэй хандаж бизнесээ хийх ёстой. Нүүдэлчин монголчуудыг яасан ч яахав гэдэг байдлаар хандаж болохгүй. Монгол Улсын эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй. Гадныхан Монголын баялгийг хямдхан авч, эзэнд нь үлдээлгүйгээр баялгийг нь цөлмөх ёсгүй биз дээ.
-Хууль гарсны дараа манайд өмнө нь орж ирсэн гадны хөрөнгө оруулалтуудыг яах вэ?
-Хууль эргэж үйлчлэхгүй. Гэхдээ тодорхой зохицуулалт хийх байх.
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин