2014.04.15

Х.Батсайхан:ХААИС, МУИС-ийн төлбөрийг эсэргүүцэж байг

Хичээлийн шинэ жил эхлээд долоо ч хоноогүй байхад зарим сургуулийн оюутнууд сургалтын төл­­­­бөрөө эсэргүүцэн жаг­саал цуглаан хийх тухай яригдаж эхэллээ.

Ту­хайл­бал, “MIU” гэдэг сур­гуу­лийн төлбөр нэмэгд­сэн­тэй холбогдуулан хичээ­лийн шинэ жилийн эхний өдөр л эсэргүүцэл илэр­хийлж МОХ-нд хандсан бай­на. Энэ дагуу МОХ тус сургуулийн захиргаа бо­лон оюутнуудтай ирэх баа­­сан гаригт уулзалт зо­хион байгуулж төлбөрийг бууруулах чиглэлээр ярил­цах юм байна. Сургалтын төлбөр тойрсон асууд­лаар МОХ-ны дэд тэргүүн Х.Батсайхантай ярилц­лаа.

-Оюутнууд түрүүчүүсээ сургалтын төлбөр өндөр байгааг эсэргүүцэж эхэл­лээ. Энэ тал дээр танай холбоо ямар байр суурьтай байгаа вэ?

-Төлбөр нэмэгдсэн асуу­далд оюутнууд бүгд л шүүмж­лэлтэй хандаж байгаа. “MIU” сургуулийн тухайд бид ирэх баасан гаригт уулзаж ярилца­хаар болсон. Ер нь бол тус сургуулийн төлбөр нэ­мэг­дэх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь өнгөрсөн хавар БСШУЯ-наас зохион байгуул­сан аттестатчилалын шалгал­таар тус сургууль хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Аттес­татчилалын шал­галт гэдэг нь сургуулиудыг шалгах хам­гийн эхний шат байдаг. Өөрөөр хэлбэл, энэ шалгал­тад тэнцэж байж л тухайн сургууль сургалтын үйл ажил­лагаа явуулах эрх­тэй болдог. Аттестат­чила­лаар 59 оноо авсан сургууль тэнцдэг бол “MIU” сургуулийн хувьд 62 оноо авсан. Энэ оноог авах гол шалгуур нь сургалтын чанар, хөтөлбөр гэхээсээ илүүтэй том байр савтай, нэг оюутанд ногдох талбайн метр квадрат нь том. Компью­терийн тоо, номын сангийн үзүүлэлтээр дээрх оноонд хүрсэн. Тэрнээс сур­галтын чанар сургалтын хө­төл­бөр, төлөвлөгөө, магист­рын зэрэг цолгүй багш баг­шилдаг олон дутагдал илэр­сэн. Оюут­нуудаас ч сургал­тын чанар­тай холбоотой олон санал ирүүлж байсан. Энэ үндэс­лэлүүд дээр тулгуурлан сур­гуу­лийн төлбөр нэмэгдэх шаардлагагүй гэж үзэж бай­гаа. Түүнчлэн тус сургууль АНУ, БНСУ-д дэмжих сантай бөгөөд энэ нь есүсийн шуга­маар санхүүждэг юм билээ. Иймээс л оюутнууд нээлтэн дээр эсэргүүцэл илэрхийл­сэн.

-Бусад сургуулийн ту­хайд ямар байна. Ер нь МОХ төлбөрийг бууруулах тал дээр дорвитой ажил хийж чадаж байгаа юу?

-Өдгөө 171 их, дээд сур­гууль үйл ажиллагаа явуулж байна. Зарим хувийн сургуу­лиуд төлбөр нэмэгдэх тухай хавар яриагүй мөртлөө намар гэнэт нэмж байна. Тухайлбал, Кино урлагийн дээд сургууль 100 мянган төгрөгөөр нэм­сэн байгаа. Ингэхдээ Удирдах зөвлөлөө хуралдуулалгүй нэмсэн учраас энэ талаар ирсэн саналын дагуу сургуу­лийн захиргаатай ярилцах байх. Мөн МУИС, ХААИС-тай төлбөрийн асуудал дээр эц­сийн тохиролцоонд хүрч ча­даагүй байна. Бусад төрийн өмчийн их, дээд сур­гуу­льтай тодорхой хэм­жээнд үнийг барих талаар ярилцсан.

Манай холбоо сургалтын төлбөр бууруулах тал дээр тодорхой алхмуудыг хийсэн. Өнгөрсөн хавар ШУТИС-ийн төлбөр 15 хувиар нэмэг­дээд бараг 700 мянга гаруй болох тухай яригдахад манай хол­боо оюутнуудтай хамтран эсэргүүцэж эцэст нь тэрхүү өндөр нэмэгдлийг бууруулж чадсан. Мөн ЭМШУИС төлбө­рөө 21 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлэхэд харилцан ярилцсаны эцэст 16 хувиар нэмэгдсэн. Тус сургуулийн хувьд 3-4 жил сургалтын төлбөрөө нэмээгүй учраас бусдаас арай өндөр хувиар нэмэгдээд байгаа л даа. СУИС-ийн хувьд дундаж төлбөр хуучин 440 мянган төгрөг байсан. Өнөө жил нэгдүгээр курсын төлбөр нэмэгдэж 594 мянган төгрөг болсон. ХҮДС мөн нэгдүгээр курс нь 70 орчим мянган төгрөгөөр нэмэгдээд байна.

-Гэхдээ л Төрийн өм­чийн сургуулиудын төлбөр өндөр байгаа. Ингэж нэмэх болсон шалтгаанаа юу гэж тайлбарладаг вэ?

-Ихэнх сургууль Зас­гийн газраас тогтоосон инфля­цийн түвшингийн дагуу юмны үнэ, бензин шатахууны үнэ нэ­мэгдэж байгаатай хол­бог­дуулан 5-7 хувиар нэмж байгаа. Жишээ нь, ШУТИС л гэхэд 6-9 хувиар нэмсэн.

Төрийн өмчийн их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэг­дүүлж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “хэдийгээр төрийн өмчийн сургууль гэг­дэж байгаа ч бидэнд төрөөс ямар нэгэн халамж дэмжлэг үзүүлэхгүй байгаа учраас л сургалтын төлбөрөө нэмэ­хээс өөр аргагүй байна. Багш нарынхаа цалинг нэммээр байна” гэдэг. Үнэхээр төрийн албан хаагчдын цалин 20-30 хувиар нэмэгдэхэд их, дээд сургуулийн багш нарт энэ нь хамаардаггүй. Тэгэхээр сур­гуулиудын төлбөрөө нэмэх зайлшгүй шаардлага гарч байна гээд байгаа. Багш нарын цалингаас гадна ла­боратори анги, танхимын асууд­­лыг шинэчлэх, гадаад харил­цаагаа өргөжүүлэх, байр сууцны асуудлуудтай холбон тайлбарлаж байгаа.

Гэхдээ бид төлбөр нэ­мэгдэхийг учир утгагүй эсэр­­гүүцэхгүй байгаа. Хам­гийн гол нь төлбөр нэмэгдэ­хийн хэ­рээр чанар­тай байх ёстой гэсэн шаард­лага тавьж бай­гаа. ШУТИС-ийн төлбөр жил бүр л нэмэгд­дэг хэрнээ да­раа жил нь бахь байдгаараа л байдаг.

Бас нэг зүйлийг хэлэхэд, зарим сургуулийн оюутны холбоо сургуулийн захиргаа хоёр зөвшилцөөд оюутнуу­дын саналыг харгалзахгүй­гээр төлбөрөө нэмсэн то­хиол­дол байгаа. Сургалтын төлбөр сая төгрөг болсон ч зөвшөөрнө гэсэн оюутны холбоо байдаг гэсэн.

-Өнөө жил төрийн сан­гийн зээлд хичнээн оюутан хамрагдах боломжтой вэ?

-Ер нь жилд 5000 орчим оюутанг төрийн сангийн зээ­лээр сургадаг. Өнгөрсөн жил 5600 оюутан хамрагдаж бай­сан. Өнөө жил мөн тэр хавь­цаа тооны оюутан хамрагдах болов уу. Уг нь наймдугаар сарын 25 гэхэд төрийн сан­гаар сурах оюутнуудыг бүрт­гээд дуусчихсан байдаг. Энэ жилийн хувьд сонгон шалга­руулалт эхлээгүй байна. Хэ­зээ, хаана болох нь ч тодор­хойгүй байна. БСШУ-ы бо­лон Сангийн сайд нар төрийн сангийн зээлээр сурах оюут­нуудыг баталгаажуулдаг. Ин­гэх­дээ техник мэргэжлийн сургуулиудыг илүү дэмждэг. Ноднингийн төрийн сангийн зээлд ШУТИС-д 700 гаруй хүүхэд хамрагдсан байхад энгийн хувийн сургуульд 10 гаруй байх жишээний. Өнөө жилийн хувьд сонгон шал­гаруулалтын үеэр сургууль тус бүр дээр МОХ-ноос нэг хүн ажиллахаар болсон. Энэ нь төрийн сан “боломжтой хүүхдийг сургачихлаа” гэдэг гомдол саналд хяналт тавих зорилготой юм.

Одоо сургуулиуд төрийн сангийн зээлээр сургана гээд оюутнуудаас баахан ма­те­риал аваад л байна. Тухайн сургуульд хэдэн лимит ирэ­хийг мэдэхгүй байж тэр олон хүүхдээс санал авах нь буруу юм. ХААИС, МУИС-ийн төл­бөрийг эсэргүүцэх гол шалт­гаан төрийн сангийн зээлтэй холбоотой. ХААИС-ийн төл­бөр дунджаар 470 мянга зарим нь 500 мянгад хүрсэн. Ингэснээр төрийн сангийн зээлээр сурч байгаа оюут­нууд суралцах боломж­гүй болчихож байгаа юм. Учир нь нэг оюутны сургалтын төл­бөрийн төрөөс авах мөнгө 210-310 мянган төгрөг байдаг. Төрөөс өгч байгаа мөнгө ийм бага, өөрөөр хэлбэл сур­гуулийн төлбөр түүнээс хоёр дахин их болчихлоор төрийн сан­гийн зээлээр сурч байгаа оюутнуудын суралцах эрх боогдож байгаа юм. Бид тө­рөөс олгож байгаа мөнгөн санг өсгөх асуудлыг Засгийн газарт тавьсан. Үүнийг өнгөр­сөн наймдугаар сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн боловч хойш­­­логдоод байгаа.