С.Бямбацогт: “Муу л бол бидэнд сайн” гэж байгаад гэрээ нураачихгүй юмсан
-2012 оны сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдлээ. Гэтэл Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргачихаад байна. Цаашид үйл явдал яаж өрнөх бол гэдэг улс төрийн гол асуулт болоод байгаа учраас яриагаа эндээс эхэлье?
- Үндсэн хуулийг манаж байдаг цэц нь Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргачихсан учраас УИХ зайлшгүй хэлэлцэж таараа. Гулсахгүй, шилжихгүй, шороотой бөх туг тойрохгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад 48 мажоритар, 28 пропорциональ хэвээр сонгууль явуулна гэвэл 28 пропорциональд зөвхөн нам дугуйлна. Энэ тохиолдолд дахиад Үндсэн хууль зөрчих асуудал үүсэх болов уу гэж болгоомжилж байна.
-Яагаад?
-Үндсэн хуульд ард түмэн УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж зааснаас биш намаар дамжуулж сонгоно гээгүй. Тэгэхээр Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад гулсч, шилжихгүй байх заалтыг өөрчиллөө гэхэд дахиад Үндсэн хууль зөрччих вий. Тийм болохоор УИХ энэ асуудлыг нилээн нухацтай хэлэлцэх байх. Яаж Үндсэн хууль зөрчихгүй байх вэ. Уг нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт эцэг хуульд бий. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт Сонгуулийн хуульд бас бий. Ингэхээр Үндсэн хуульд хүрч болохгүй учраас Сонгуулийн хуульд зайлшгүй гар хүрнэ. Тэр өөрчлөлт нь яавал Үндсэн хууль зөрчихгүй байх вэ гэдэг л гол. Тийм болохоор хуульч гишүүд маань, улс төрийн намууд бүгдээрээ зөвшилцөж, ярилцаж, ойлголцож байж асуудлыг шийдэх хэрэгтэй. Сонгууль хаяанд ирчихлээ. Гэтэл ямар хуулиар, яаж булхай луйваргүй сонгууль явуулах вэ гэдгээ шийдэхгүйгээр сонгуульд орж болохгүй. Маш хариуцлагатай цаг үе УИХ болоод улс төрийн намуудын өмнө ирчихээд байна. Бие бие рүүгээ үг чулуудаад эсвэл чиний буруу, миний буруу, чи хийх ёстой, би хийх ёсгүй гэж цэц булаалдаад суух биш аль болох ойлголцох, ярилцах зөвшилцөх замаар яаралтай асуудлыг шийдэх ёстой.
-Таны хувьд Үндсэн хууль зөрчихгүйгээр энэ заалтыг өөрчлөх боломж байна уу?
- Би Сонгуулийн хуулиар мэргэшсэн хуульч биш учраас энэ зөв, буруу гэж шууд хэлж чадахгүй. Гэхдээ намын нэрээр сонгогдох 28 хүний нэрийг дугуйлах байдлаар сонгох хувилбар байж болох юм. Эсвэл 2008 оны сонгууль явуулсан томсгосон мажоритар хэлбэрээр сонгууль явуулж болно гэж төсөөлж байна. Гэхдээ энэ бол хамгийн зөв, сайн шийдэл гэж хэлэхгүй.
-Хуучин мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гэхээр урагшилсан биш ухарсан болох юм биш үү. Тогтолцоогоо л өөрчлөхгүй бол болохгүй гэж зүтгэсээр шинэ хуулийг баталсан биз дээ?
- Сонгууль луйвартай, булхайтай болдог асуудал тогтолцооноос боддоггүй, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, процессоос болдог. Кампанит ажлыг зохион байгуулахдаа бэлэг тараах, мөнгө өгөх, шашны зан үйл хийх, элдэв юм амлах, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, эмнэлгийн үзлэг хийх гэх зэргээр сонгогчдын саналыг татахын тулд олон зүйл хийдэг байсан. Харин энэ асуудлуудыг сая шинэ баталсан Сонгуулийн хуулиар маш сайн хааж өгсөн. Сонгуулийн булхай хийх, санал хураалтын дүнд нөлөөлөх гэж оролдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, сонгогчдод 10 мянган төгрөг өгсөн баримтыг нотолж чадвал 100 мянган төгрөгөөр урамшуулна гэх мэтээр сонгуульд шударга бусаар ялалт байгуулах арга замыг хаасан. Энэ бол дөрвөн жилийн турш ярьсан энэ хуулийн гол давуу тал.
-Тэгэхээр та тогтолцооны хувьд хуучнаа сонгож болохоос биш хуучин хуулиар явахгүй гэх гээд байна уу?
-Тийм. Байж болох юм л гэсэн гаргалгаа.
-Цэцийн дүгнэлт гарсан, гараагүй 28 буюу пропорциональ хувилбар оруулж ирсэн нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж нэг хэсэг тайлбарлаж байгаад намжсан. Тухайн үед хууль батлахдаа Үндсэн хууль зөрчинө гэдгийг анхнаас нь сануулж байсан юм биш уу?
- Ер нь МАН-ын бүлэг шилждэг гулсдагийг зөвшөөрөхгүй байсан. Харамсалтай нь АН-ын бүлэг "28 хувиас дээш санал авсан нэр дэвшигч намын нэрээр Их хуралд орж болно. Үүнийг батлахгүй бол Сонгуулийн хууль гацаанд орно" гэсэн учраас арга буюу хүлээж авсан. Харин одоо сонгууль дөхчихлөө. Тиймээс асуудлыг яаралтай ярилцаж шийдэх ёстой. Өнөөдрийнхөөрөө бие биеийнхээ өмнө буулт хийхгүй, хоёр талд гэдийгээд байвал монгол төрийг авч явах хоёр намаас өөр хэн ч хохирохгүй. Тиймээс үүрч байгаа ачаа, хариуцлагаа аль аль талдаа ухамсарлах ёстой.
-Орон нутгийн сонгуулийг Их хурлынхтай хамт явуулах эсэхийг"бас л шийдэж чадалгүй өдий хүрлээ. Ардчилсан нам орон нутгийн сонгуулийг хамт явуулах ёстой байр сууринаасаа ухрахгүй гэж мэдэгдээд байгаа. Харин танай нам яах бол?
-Хамтад нь явуулахад болохгүй юм байхгүй. Хамтад нь явуулбал Ардчилсан нам ялна, тусад нь явуулбал Ардын нам ялна гэж хэн хэлээд байгаа юм бэ. Хамгийн гол нь цаг хугацаа бий юу. Дээр нь одоо мөрдөж байгаа хоёр хуулийн заалт бүгд хоорондоо зөрчилдөж байгаа. Их хурлын сонгуулийн тухай хуулиар бэлэг тарааж болохгүй, урлаг, спорт, шашны арга хэмжээ зохион байгуулж болохгүй, эмнэлгийн үзлэг хийж болохгүй гээд заачихсан. Гэтэл Орон нутгийн сонгуулийн хуулиар энэ бүгд нээлттэй. УИХ-ын сонгуулийн хуульд санал хурааж дуусах хугацааг 20 цаг гээд заачихсан. Гэтэл орон нутгийн сонгуулийн хуульд 22 цаг гэж байгаа. Их Хурлын сонгууль дангаараа явагдвал сонгогч 1 -3 хүнийг дугуйлна. Харин Их Хурал, орон нутгийн сонгууль хамтдаа явбал Их Хуралд 1 -3 хүнийг, аймаг нийслэлийн иргэдийн хуралд 2-4 хүн, сум, дүүргийн иргэдийн хуралд 3-9 нэр дэвшигчийг дугуйлна. Ингэхээр нийт 6-16 хүнийг дугуйлах болж байгаа юм. Ингээд аваад үзэхээр санал хураах цаг нь багассан мөртлөө сонгогчийн нэр дэвшигчийг дугуйлах хугацаа нь 10 дахин нэмэгдэж байгаа юм. Бөөн будлиан. бужигнаан үүсэх эхлэл энд байна. Бид одоо долдугаар сарын 1-нийг яаж давтуулахгүй байх вэ гээд хүн болгон ярьж байгаа.
Тэгсэн мөртлөө энэ хоёр хуулийг шийдэхгүй байгаа нь долдугаар сарын 1-н аяндаа бий болох нөхцлийг үүсгээд байна.
Долдугаар сарын 1-нийг л үнэхээр хүсэхгүй байгаа бол Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах ёстой. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Долдугаар сарын 1-ний үйл явдал Улаанбаатарт болсон. Гэтэл Улаан-баатар хотод Ардчилсан намын нэр дэвшигчдийн олонхи нь ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, будлиан боллоо гэж хашгираад бослого үймээн болсон газарт Ардчилсан нам ялсан. Тэгэхээр МАН сонгууль луйвардаад, түүнийг нь эсэргүүцэж ард түмэн боссон гэж яриад байх нь утгагүй асуудал.
-Товчхондоо бол долдугаар сарын 1-ний эхлэлийг МАН биш АН тавьсан гэх гээд байна уу?
-Би бол тэгж л хэлэх гээд байна.
-Долдугаар сарын 1-ний хэргийн буруутан тухайн үеийн цагдаагийн дарга байсан хурандаа нар болж байна. Үүнийг та хэрхэн харж дүгнэж байгаа вэ?
-Эцсийн шийдвэрийг шүүх л тогтооно. Гэхдээ миний хувьд тангараг өргөсөн цагдааг төрийн өмнө хүлээсэн нийгмийн хэв журмыг сахиулах үүргээ биелүүлснийх нь төлөө яллаж байгаа нь буруу. Төрийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн хүнийг ингэж ялладаг юм бол энэ төрд хэн ажиллах юм бэ.
-Долдугаар сарын 1-ний үймээнээс үүдэж дөрвөн хүн буудуулж нас барсан. Цагдаа нар буудсан бууныхаа хонгиог хүртэл сольсон гэж ярьдаг шүү дээ?
-Одоо шүүгдэж байгаа дөрвөн хүнийг буудсан үгүйг яг тогтоосон юм уу. Хэн буудсаныг нь тогтоогоогүй байж яагаад яллах гээд байгаа юм бэ.
-Цагдаа нар биш бол хэн хариуцлагын ширээний ард суух ёстой юм бол?
-Долдугаар сарын 1-нээр дөрөөлж зарим нэгнээ хар хэрээ болгож, монголчууд хоорондоо гал-цах нь зөв биш. Долдугаар сарын 1-нд монголчууд бүгдээрээ л хохирсон. Бүгд хохирчихоод дээрээс нь хэн нэгнийгээ дахиж яллах гээд байгаа нь зарчмын хувьд зөв биш гэж би бодож байгаа. Нэгэнт Монголын төр буруутай гээд Ерөнхийлөгч уучлал гуйчихсан, УИХ нь гэм буруутай байж магадгүй гэсэн бүх хүнийг хууль гаргаад өршөөчихсөн. Гэтэл энэ дундаас хэдэн хүн сугалж аваад яллах гээд байгаа нь буруу. УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллага нь өршөөчихсөн юм чинь, бүгд хохирсон юм чинь үүгээр нь л дуусгах ёстой.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тухайн үед Их хурлын сонгуулийн хуультай хамт өөрчилж болоогүй юм уу?
-Энэ тухай яригдаж байсан. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын сонгуулийн тухай хуультай хамт шийдээд явъя, өөрчлөлтөө нэг мөр хийе гэсэн. Харамсалтай нь Ардчилсан намын бүлэг тусад нь шийдье гээд хойш тавьсан. Дараа нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлж амжаагүй байтал нэгдүгээр сар гараад, Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсан. Орон нутгийн сонгуулийн тухай хуулиа намрын чуулган завсарлахаас өмнө шийдье гэсэн боловч хамтарсан Засгийн газраас гарсан АН-ын бүлэг завсарлага авсаар байгаад намрын чуулганыг хаалгасан. Ээлжит бус чуулганыг зарласан бас нэг гол асуудал ч энэ байсныг бүгд мэдэж байгаа. Гэвч АН-ын бүлэг Засгийн газар хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүл,
хүчинтэй хуулиа мөрд гэж шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, АН-ынхан "муул бол бидэнд сайн" гэсэн зарчмаар ажиллаад шаварт унасан шарын эзэн чи л энэ асуудлаа зохицуул гэсэн байдлаар МАН-д хандаж байгаа. Гэхдээ үүнээс болж эцсийн эцэст МАН ганцаараа хохирохгүй, Монголын төр, ард түмэн хохирно. Харин АН-ынхан манай нам ганцаараа хохирох юм шигээр загнаж, дээрээс нь дэвсэлж байгаа нь дэнд үү жудаггүй зан.
-АН Засгийн газраас гарахдаа хэлж байснаараа сөрөг хүчний үүргээ л гүицэтгэж байгаа юм биш үү?
-Ер нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд байна уу. Монголын төрийг тогтворгүй болгож, ард түмнийг үймээн самуунд уриалан дуудах гээд байна уу гэдгийг ойлгохгүй байна. Хамт явуулах ямар ч боломжгүй. Их хурлын сонгууль, Орон нутгийн сонгуулийг хамт явуулж будлиантуулах, Иргэний ухаалаг үнэмлэхээр санал хураах ёстой гэсэн мөртлөө түүнийгээ хэрэгжүүлэхдээ зориуд удаашруулж, иргэдийг бухимдуулах, зориуд программчилсан санал хураах төхөөрөмж оруулж ирж.луйвар хийх гэх мэт үйлдэл болоод эс үйлдлүүд АН-ынхны зүгээс гарч байгаад харамсч байна. Хамгийн түрүүнд Монголын төрийн эрх ашиг, ард түмний эрх ашиг байх ёстой. Гэтэл сонгууль дөхчихсөн юм чинь төр, ард түмний эрх ашиг хамаагүй, өрсөлдөгч хүчнээ сайн балбаж шаварт нь шигтгэе, өөрсдөө энхийн цагаан тагтаа шиг харагдъя гэдэг улс төр л явж байна. Ингэж байж гэрээ нураачихгүй юмсан.
-Хөшөөтийн уурхайн тухай асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллээр их яригдаж байна. Та Хөшөөтийн уурхайн талаар ЭБЭХ-ний сайдад асуулга тавьж байсан. Хариу нь ирсэн үү?
-Хөшөөтийн уурхай Ховд аймгийн хувьд нэлээд анхаарал татсан сэдэв болж, олон жил яригдаж байгаа. Ер нь сонгууЛь дөхөхөөр Хөшөөтийн асуудлыг их ярьдаг. 2008 оны сонгуулиар л гэхэд бөөн улс төр болсон. Тиймээс би Хөшөөтийн уурхайтай холбоотой асуудлыг олон нийтэд ил үү тодорхой, нээлттэй байлгахын тулд ЭБЭХ-ний сай-дад асуулга тавьсан. Хариу нь ч саяхан ирсэн. Энэ орд стратегийн ордод орох юм уу, үгүй юм уу, ямар нөөцтэй юм, гадуур яригдаж байгаа нөөц нь үнэн юм уу, худал юм уу. Нэр бүхий улстөрч ард нь байдаг гэдэг, түүнийг ил тод зарлаж, ил гаргаач гэсэн. Мөн энэ орд байгуулагдсанаар орон нутгийн иргэддээ хэр өгөөжтэй байх юм, тодорхой юу хийх юм гэдгийг тодруулсан. Хариулт нь ирсэн байгаа. Асуулгын хариуг хаврын чуулганы эхэнд хэлэлцүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгнө.
-Яг хэзээ хэлэлцэх бол?
-Хэлэлцэх асуудлын дараалалд эхний ээлжинд оруулж өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад өгсөн.
-Хөшөөтийн уурхайн нөөцийн талаар зөрүүтэй мэдээлэл байдаг. Танд ирсэн хариунд нөөцийг нь ямар хэмжээтэй гэж тодорхойлсон байна вэ?
-2,4-4 тэрбумын нөөцтэй гэж яригддаг. Надад ирсэн хариун дээр бол 2007, 2008 оны тогтоосон байдлаар 85,7 саяын нөөцтэй гэж гарсан. Тэрнээс хойш хайгуул хийсэн бол нөөц нь нэмэгдсэн л байх. Хөшөөттэй холбоотой асуудалд баталгаа, нотолгоотой хамгийн сүүлийн баримтыг эрх бүхий байгууллага өгөхгүй л байна даа.
-Хөшөөтийн хамаг нүүрс урагшаа гараад дууслаа. Ховдын сайхан үзэсгэлэнт байгаль юу ч үгүй боллоо, орон нутгийн төсөвт мөнгө төвлөрүүлдэггүй гээд энэ уурхайг тойрсон саар яриа дуусдаггүй. Та ер нь газар дээр нь очиж танилцаж байв уу?
-Хөшөөтийн уурхайгаас хил рүү нүүрс зөөх гэж тавьсан замыг нь үз-сэн. Боломжийн юм билээ. 2009 онд УИХ-ын дарга бид хоёр Хөшөөтийн уурхай орон нутагт оруулах татвар, мөнгөө өгч байна уу гэдгийг хянаж үзсэн. Бараг тэрбум орчим төгрөгийн нөхөн төлбөр тавиулж байсан. Тухайн үед тэрбум орчим төгрөгийн татвар төлөөгүй л явж байсан байна лээ.
-Хөшөөтийн уурхай орон нутагтаа хэр өгөөжтэй байж чадаж байгаа вэ?
-Орон нутагт өгөөжтэй байлгах асуудалд нэлээн анхаарч байгаа. Тухайлбал, уурхайгаас нүүрс тээвэрлэхдээ зөвхөн Улаанбаатарын жолооч нараар зөөлгөнө гэсэн гэрээ байсныг өөрчлүүлсэн. Орон нутгийн иргэдээс ажиллуулахаар болсон. Мөн мах, сүү, гурил, будаанаас эхлээд ханган нийлүүлтийн хувьд орон нутгийн аж ахуйн нэгж, компаниудыг эхний ээлжинд дэмжих ёстой гэж үздэг. Нүүрсээ боловсруулах, цахилгаан станц барих, орон нутгийн бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах, нутгийн иргэдэд ээлтэй байх шаардлагуудыг байнга тавьж байгаа. Тэгж байж Хөшөөт орон нутагт бодит хөгжил авчирна гэж үздэг. Одоо ч энэ байр суурь дээрээ байгаа.
Б.Нямсүрэн
Эх сурвалж
Зууны мэдээ