Я.Содбаатар: Мэргэжлийн хяналт Засгийн газраас илүү УИХ-ын дэргэд байх ёстой
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2014.04.14

Я.Содбаатар: Мэргэжлийн хяналт Засгийн газраас илүү УИХ-ын дэргэд байх ёстой

Засгийн газраас оруулж ирсэн Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг гишүүд дэмжихгүй байна. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар энэ төслийг хэлэлцэхээс татгалзаж “Түүхий байна” хэмээн буцаах шийдвэр гаргалаа. Хуулийн төсөлд мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь салбар, салбарынх нь яамдад шилжүүлэх тухай заажээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийг Засгийн газарт буцаах ямар шалтгаан байв. Хэдийгээр Засгийн газарт буцаахаар болсон гэх ч “Хуралдаанд ирээгүй гишүүд санал өглөө” гэж буцаах шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээж авахгүй гэсэн юм биш үү?


-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар энэ төслийг олон гишүүн санал нэгтэйгээр “Засгийн газарт буцаая.

Дахин боловсруулж байж оруулж ир” гээд буцаах шийдвэр гаргасан юм. Санал хурааж дууссаны дараа УИХ-ын дарга “Гишүүд ирээгүй байхад картыг нь өмнөөс хийсэн байна” гэсэн маргаан гарч улмаар энэ пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар дахин санал хураахаар болно лээ. Ер нь гишүүдийн өмнөөс санал өгдөг, нэгнийхээ өмнөөс карт хийдэг асуудал энэ парламентын үед байнга гарч байгаа. Ялангуяа, УИХ-ын дэд даргаар Р.Гончигдорж гишүүнийг сонгох, тусгаар тогтнолын өдрийг болиулах зэрэг маргаантай асуудалд энэ байдал дэндүү гаарсан гэхэд болно. Үүнийг парламентын хариуцлагагүй байдал гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас гишүүдийн хариуцлагын асуудлыг дээшлүүлэх нь чухал байна.

-Хуулийн төслөөр бол мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгахаар заасан гэх юм. Та Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга байсан хүний хувьд хуулийн төсөлд ямар дүгнэлт өгч байна. Дэмжих юм уу эсвэл үгүйсгэх юм уу?


-Төслийн гол утга нь мэргэжлийн хяналтын системийг тарааж, яамдад нь буцаагаад эрх мэдлийг нь шилжүүлье гэсэн санаа. Тодруулбал, мэргэжлийн хяналтын хэрэгжүүлж байгаа зарим чиг үүргийг үлдээгээд нийтийн хяналтын агентлаг гэж байгуулъя гэж. Өнөөдөр олон чиг үүргийг салбарын яамдад буцааж өгөх нь зүйтэй гэсэн зүйл ярьж байна. Тэгвэл салбарын яамдынх нь дэргэд хяналтыг нь хийж явсан үе бидэнд бий. 1990-2003 онд хяналтыг салбарынх яам буюу сайд нарынх нь дор явуулж байлаа. Байгаль орчны хяналт сайдынхаа дэргэд, дэд бүтцийн хяналт мөн л сайдынхаа дэргэд, санхүүгийн хяналт Сангийн сайдынхаа дэргэд явжээ. Ингээд 2003 он болоход хяналтын 13 агентлаг бий болчихсон байлаа. Бизнес эрхлэгч, ард иргэдийн нуруун дээр 13 газраас шалгалт очиж, дарамт үзүүлж, шалгалтын давхцал нь ихэссэн гэсэн үг. Энэ бүхнийг тэр үеийн парламент нэгтгэж нэгдсэн нэг хяналтын механизмтай болгосон юм. Нэгдсэн хяналт нь төрийн хүнд суртал бууруулна гэж үзсэн учраас 2003 оноос өнөөг хүртэл энэ системтэй явж ирлээ. Гэвч бас л санал шүүмжлэл тасрахгүй байна. Улсын байцаагч нартай нь холбоотой, мэргэжлийн хяналтаас ирж байгаа төрийн хүнд суртал, дарамттай холбоотой гомдол тасрахгүй байна. Тэгэхээр бид өнгөрсөн 23 жилээ авч үзэхээр төрийн хяналт шалгалтыг нэг даргаас авч нөгөөд өгдөг. Нэг агентлагаас аваад нөгөө яаманд өгдөг байдалтайгаар явжээ.

-Одоо явсан замаараа эргээд буцъя гэж шийдэж байгаа бололтой?


-Үүнд эсрэг байр суурьтай байдаг хүн, би. Монгол Улсад хөндлөнгийн мэргэжсэн нэгдсэн хяналт гэж байх ёстой. Ялангуяа, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргүүдийн нэлээд хэсгийг нь мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжийн дотоод хяналт руу шилжүүлэх ёстой. Харамсалтай нь, энэ хуулиар ийм зохицуулалт орж ирсэнгүй. Нэг ёсны төр өөрөө дотроо шилжүүлэх процессыг гүйцээчихлээ. Дэлхийн нийтийн чиг хандлага бол хөндлөнгийн мэргэжсэн хяналтын байгууллага нь бие даасан, хараат бус нэгдсэн байх чиглэл рүү хандаж байна. Зарим оронд хүнс аюулгүй байдал, техникийн хяналтаа салгаад хяналтын хоёр байгууллага байгуулах нь ч байна. Гэхдээ тэд салбарын яаманд бол өгдөггүй. Дэлхий нийтээрээ тэр. Харин манайх энэ жишгээс урваж өөрийнхөө явсан зам руу буцах гэж байна. Ер нь аливаа байгууллага А гэдэг албан тушаалтнаас Б гэх албан тушаалтанд очоод сайжирдаггүй. Хүнд суртал нь арилдаггүй, төрийн нэрээр очиж бай­гаа байцаагчийн дарамт нь арилдаггүй юм байна.

-Тэгвэл ямар арга зам байна?

- Аюулгүй байдалтай холбоотой голлох хяналтаа төр нь авч үлдээд, харин салбарын чанартай хяналтаа мэргэжлийн холбоод буюу төрийн бус байгууллагууд руу шилжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл. Тухайлбал, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хяналтыг Үйлдвэрчний эвлэлд шилжүүлж болно шүү дээ.

-Тэд гүйцэтгэж чадаж байна уу. Тийм хэмжээний үүрэг гүйцэтгэхээр бэхжиж чадавхижсан гэж үү?

-Чадна. Чадах ч ёстой. Би мэргэжлийн хяналтын дарга байхдаа хоёр шинэчлэл эхлүүлсэн юм. Энэ шинэчлэл маань өнгөрсөн жилүүдэд хэрэгжихдээ үр дүнтэй бас дутуу дулимаг зүйл нь ч байна. Ямар шинэчлэл гэхээр Монголд төрийн хяналтыг эрсдэлд суурилж хийх. Нөгөөх нь зарим чиг үүргээ мэргэжлийн холбоодод шилжүүлье гэх хоёр саналыг хуулиар оруулж ирсэн. Уг нь хяналт шалгалт давхцахгүй байх, эрсдэл ихтэйг нь байнга шалгаж, багатайг нь 2-3 жил тутамдаа шалгах хэлбэр рүү орох хуулийнх нь эрх зүйн орчин бүрдчихсэн юм. Үүнийг практикт хэрэгжүүлэх гэж Монголд байгаа 30 гаруй мянган аж ахуй нэгжийг үнэлэх, төсөл хөтөлбөрийг үнэлж эрсдлийн үнэлгээнд оруулах ажлыг гүйцэтгэжээ. Нийтдээ 34 төрийн хяналт шалгалт гэж бий. Энэ 34-ийг чиглэл бүрт нь хяналтын хуудас бий болгохоос эхлээд техник практикийн ажилд цаг алдаж байгаа нь нууц биш. Зарим нэг нь хэрэгжээд үр дүнтэй харагдаж байгаа. Үлдсэн цөөн хэсгийнх нь үр дүн гараагүй учраас шүүмжлэл дагуулсан нь хэвээр байх шиг байна. Тэгэхээр одоогийн явж байгаа эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, зарим чиг үүргээ төрийн бус байгууллагад шилжүүлэх, аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг сайжруулах талдаа явбал олон улсын жишигт нийцэх учиртай. Энэ алхам хамгийн зөв. Тийм ч учраас би мэргэжлийн хяналтын дарга байхдаа хөдөлмөрийн зарим чиг үүргийг Үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлсэн юм. Барилгачдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэл зэрэг төрийн бус байгууллагуудад шилжих ёстой. Буруудах юм ердөө байхгүй.

-Магадгүй энэ хуультай зэрэгцүүлээд Төрийн бус байгууллагын тухай хуулийг хамтад нь оруулж ирэх ёстой байж?


- Монголд төрийн механизмийг илүү иргэнлэг, үйлчилгээний байгууллага руу оруулах гэж байгаа бол Төрийн бус байгууллагын тухай хуульд томоохон өөрчлөлт хийх ёстой. Ер нь төрийн бус байгууллагуудын санхүү, хүний нөөцийн чадавхийг нь үнэлээд эрхийг нь өгөхөд болохгүй гэх газаргүй. Хэрэв ингэж чадвал төр өөрөөсөө хүнд ачаагаа суллаж чадна. Түүнээс биш нэг агентлаг олон яаманд хуваагдснаараа сайхан болж дарамт багасна гэж байхгүй. Энэ хуульд байгаа гурван том алдааны нэг нь энэ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг сайжруулах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэхэд олигтой шинэчлэл харагдахгүй байна. Тэгэхээр өнөөх төрийн хүнд суртал, дарамт багасч чадахгүй. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын механизмийг илүү төгөлдөржүүлэх чиглэлд хуулийн ямар ч заалт ороогүй. Өмнөх хуулийн заалтыг хуулаад оруулчихаж.

-Та чуулганы нэгдсэн хуралдаанд хяналт шалгалтаас илүү захиргааны байгууллагын тухай хууль болсон байна гэж шүүмжилж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Төслийн 50 хувь нь захиргааны байгууллагын тухай хууль болчихсон нь үнэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт өгнө. Энэ нь дэргэдээ хяналтын зөвлөлтэй байна. Харин Шадар сайд болохоор хяналтын байгууллагын удирдах зөвлөлтэй байна гэж зааж. Өөрөөр хэлбэл, Шадар сайд болон Хэрэг эрхлэх газрын до бүр тус, тусдаа бүтэцтэй байх нь. Тэгээд бас яам бүр дороо хяналтын албатай гэхээр илүү данхайсан, эрх мэдлээ хуваалцсан болж байгаа юм. Нэг ёсондоо иргэдэд очиж байгаа дарамтыг багасгах биш харин ч нэмэгдүүлэх болж байна. Төрийн хязгаарлалтыг хийхээс илүү албан тушаалаар нь дээд шатны байцаагч, доод шатны байцаагч гэх шиг нэршлээсээ эхлээд бүтэц рүү анхаарчихаж. Нөгөө талаас бид аливаа зүйл хийхдээ гаднаас туршлага авах нь зөв. Сайн туршлагыг хэрэгжүүлэх шаардлага бий. Гэхдээ гадныхны шууд заавраар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийж огт болохгүй. Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай энэ хууль Олон улсын санхүүгийн корпорацийн дэмжлэгээр хийгдсэн юм шүү. Намайг дарга байх үед л эхэлсэн юм. Үүнийг нь эсэргүүцээд төслийг өргөн бариагүй юм. Монгол төрийн хяналтын систем ямар байх уу гэдгийг бид л хийнэ. Гадны хөрөнгө оруулалттай хууль ямар сөрөг үр дагавар дагуулдагийг бид мэднэ. 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг Дэлхийн банкны санхүүжилтээр хийгээд долоо хоногийн дотор баталж байлаа. Энэ хууль нь салбартаа бол ахиц дэвшил гаргасан байх. Харин Монголын эдийн засаг, байгаль экологид бол сөрөг үр дагавар авчирсан шүү дээ. Энэ маргаан дагуулсан хуулийг 2006 онд сайжруулж чадсан юм.

-Энэ хуулийн сургаар мэргэжлийн хяналтын үйл ажиллагаа цалгардах, хяналт сулрах, байцаагч нар нь ажилдаа бүтээлч байдлаар хандах нь багассан гэх шүүмжлэл бий?

-Тэр үнэн. Шинэчлэлийн гэж нэрлэгдэж байгаа энэ Засгийн газар гарч ирснээс хойш төрийн албаны дархлааг маш их сулруулж байгаа. Хууль тогтоох дээд байгууллага бол парламент. Парламентад ямар нэгэн асуудал шийдэгдээгүй байхад түрүүлээд тухайн салбарт өөрсдийнхөө бодлогыг тулгаад зарлачихдаг. Тухайлбал, “Төрийн албаны хууль хүчингүй болно. Нийтийн албаны хууль гаргана” гээд хэлчихээр нь төрийн албанд байсан механизм хүлээлтийн байдалд орчихож байгаа юм.

Гэтэл тэр хуулийнх нь төсөл хаана байна. Ямар үзэл баримтлалтай байх, бусад хуультайгаа нийцэж байгаа юу гээд асуухаар боловсруулсан төсөл нь байхгүй байх жишээтэй.

Н.Алтанхуягийн Засгийн газар нэг санаа гаргаж ирээд түүнийгээ байнга яриад явчихдаг. Цаасан дээр буулгаж, бусад салбарын бодлоготой уялдуулаад Монголын хөрсөнд чиг хандлагыг тавьсны дараа тэгж мэдэгдэх ёстой байхгүй юу. Тэр хүлээлтээс нь үүдэж төрийн ажил цалгардаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад ч гэсэн “Тарна” гэсэн мессеж үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байна. МАН-ын бүлэг Монгол төрийг хүнд чиглэсэн, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, хариуцлагажуулах, төрийн хүнд суртал, дарамтыг багасгах аливаа алхамыг дэмжихэд хэзээд бэлэн. Ялангуяа, мэргэжлийн хяналтын байгууллагыг мэргэжсэн, эрсдэлт суурилсан хяналтыг хэрэгжүүлдэг, дарамт шахалт багатай болох чиглэлд хамтран ажиллахад бэлэн. Энэ ч утгаараа бид ийм л хуулийн төслийг хүлээж байлаа. Харамсалтай нь, дуншин байж орж ирсэн төсөл хүлээлтэд нийцэж чадсангүй.

-Мэргэжлийн хяналтыг салбар, салбарт өгнө гэхээр шалгалтын давхардлыг эргээд үүсгэх байх даа?

- Мэргэжлийн хяналтын байгууллага бол хамгийн хэцүү ажил. Хэдэн байцаагч нар нь төрийн нэрийн өмнөөс явдаг, чичлүүлдэг, тэгээд сайн нэргүй. Шалгуулж байгаа хүн бүр дуртай байдаггүй. Байцаагч нар шалгалт хийх бүрдээ дүгнэлт бичиж өгдөг. Тодруулбал, “Энэ хуулийн заалт амьдралд хэрэгжихдээ ийм үр дагавар дагуулж байна” гэж дүгнэлт бичиж өгдөг. Гэвч мэргэжлийн хүмүүсийн энэ дуу хоолой шийдвэр гаргагч нарт хүрдэггүй. Мэргэжлийн хяналтынхан УИХ-д “Та бүхний гаргасан хуулийн хэрэгжилтийг шалгахад амьдрал дээр ийм байна. Ийм өөрчлөлт хэрэгтэй” гэж хэлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас илүү УИХ-ын дэргэдэх агентлаг байх ёстой.

-МАН-ынхан энэ хуулийг батлуулах хүсэлгүй байна гэж ойлгож болох уу?

-Харин ч бид бат­луулахын төлөө байна. МАН-ын бүлэг миний дээрх хэлсэн үндсэн зарчмуудыг хуульдаа тусгасны дараа батлуулахын төлөө явна. Харин нэг эрх мэдэлтнээс нөгөө рүү шилжүүлэх гэж байгаа бол уучлаарай. Хүлээж авахгүй.