С.Бямбацогт:Тавантолгойн хувьцаанаас иргэд 20,аж ахуйн нэгжүүд 10 хувь эзэмших боломжтой
2012.02.13

С.Бямбацогт:Тавантолгойн хувьцаанаас иргэд 20,аж ахуйн нэгжүүд 10 хувь эзэмших боломжтой

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа. Тэрээр Тавантолгойгоос иргэдэд эзэмшүүлэх хувьцааг нэмэгдүүлэх агуулга бүхий нэр бүхий гишүүдийн санаачилсан төслийг нэгтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг ахалж байгаа юм.

-Тавантолгойн ордыг ашиглах 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудал юу болж байна вэ. Ажлын хэсэг дээр ойлголцолд хүрсэн үү?

-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Хоёр ч төсөл парламентад орж ирсэн. Иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх арван хувийг хоёр дахин нэмэх агуулгатай төслүүд л дээ. Харин 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явцад Засгийн газар 98, 335 дугаар тогтоол гэж гаргасан байдаг юм. Мөн энэ оны төсвийг УИХ батлахдаа Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуулийг  хэрэгжүүлэхтэй  холбогдуулан 53. 58 дугаар тогтоол гэж гаргасан. Эдгээр тогтоолыг хооронд нь уялдуулах, нэг ижил утгатай болгох шаардлага гарсан. Тиймээс урд өмнө гаргасан шийдвэртэй нийцүүлэх байдлаар 39 дүгээр тогтоолд гишүүдийн өргөн барьсан төслөөс илүү томоохон өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Энэ үүднээс Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж нэлээд ажилласан. Ажлын хэсэгч ерөнхий шийдэлд хүрээд байна.

-Ямар шийдэлд хүрсэн юм бэ. 39 дүгээр тогтоолыг өөрчлөхтэй зэрэгцэн иргэдэд Тавантолгойгоос 1072 ширхэг хувьцаа эзэмшинэ гэсэн хүлээлт үүсчихээд байна?

-Хувьцааны тоо, нэрлэсэн үнэ, төрөл ямар байхыг УИХ ярихгүй. Бид зарчмаа л тодорхойлно. Энэ зарчмын дагуу иргэдэд хэдэн ширхэг, ямар төрлийн, хэдий хэмжээний үнэтэй хувьцаа олгохоо Засгийн газар шийднэ.

-Хувиар нь ярих юм бол?

-Тавантолгойгоос иргэдэд эзэмшүүлэх 10 хувийг 20 болгож нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тогтоосон шийдвэр, журмын дагуу иргэдийн эзэмших гэж байсан хувьцааны тоо хэмжээ, үнэ цэн хоёр дахин нэмэгдэнэ. Ингэхдээ иргэн бүрт ижил тэгш хүртээх зарчмыг баримтална. Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй гээд заачихсан байдаг шүү дээ. Энэ л зарчмыг баримтлах юм. Мэдээж ижил тэнцүү баримтална гэхээр оюутнуудын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, ахмадуудын асуудал гарч ирж байгаа. Хувьцаа, эсвэл бэлэн мөнгө, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, орон сууцны төлбөр гээд төрөл бүрийн хэлбэрээр Хүний хөгжил сан-гаас хишиг хүртэх гэж байгаа шүү дээ. Энэ хүртэх хишиг, хувь маань 1.5 сая төгрөгтэй тэнцэхүйц, гэхдээ ижил тэнцүү байх ёстой гэсэн зарчмаар УИХ-ын ажлын хэсэг шийдчихээд байгаа.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан 1.5 сая төгрөгийн амлалтын хүрээнд энэ оны улсын төсөвт хэдэн төгрөг суусан байгаа вэ. Хэнд өгөх вэ?

-Энэ оны төсөвт нийт 800 тэрбум орчим төгрөг суусан. Үүнээс 334 тэрбум төгрөгийг ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийг бэлнээр олгоход зориулж төсөвт суулгасан. Мөн оюутнуудад сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг нь олгоход зориулсан мөнгө суусан. Иргэн бүрт 128 мянган төгрөг буюу сар бур 21 мянган төгрөг олгоход тодорхой хөрөнгө төсөвт туссан. Нийтдээ 800 тэрбум гаруй төгрөг Монгол Улсын 2012 онд төсөвт суусан. Эдгээрийн цаана 1.5 сая төгрөгийнхөө нэг саяыг аваагүй үлдэж байгаа иргэдэд хувьцаа, эсвэл бэлэн мөнгөний сонголт олгоно. Хувьцаа эзэмших сонирхолтой байгаа хүмүүс нь Тавантолгойгоос хувьцаа эзэмшиж, ногдол ашгаа авдаг, үнийн зөрүүгээс ашиг олоод явж болно. Харин хувьцааны үр ашгийг хүлээж чадахгүй нь, банкны өрөө төлмөөр байна ч гэдэг юм уу зайлшгүй бэлэн мөнгө шаардлагатай байгаа иргэдийн хувьцааг нь нэг сая төгрөгөөр Засгийн газар худалдаж авах юм. Ийм байдлаар хүнд ямар хэрэгцээ байна, түүнийг нь сонгуулах боломж өгнө. Ингэж л 1.5 сая төгрөгөө олгож дуусъя гэсэн агуулгаар 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж байгаа.

-Тэгвэл надад 500 мянган төгрөг бэлнээр хэрэгтэй байвал хагас сая төгрөгөө аваад, бас үлдсэн боломжиндоо таарсан хувьцаа эзэмшиж болох уу. Өөрөөр хэлбэл, хувьцаа, мөнгө хоёрыг зэрэг авч болох уу?

-Энэ асуудлыг УИХ дээр нарийвчилж шийдэхгүй. Тогтоолд өөрчлөлт оруулсны дараа  Засгийн газар журмаараа зохицуулах болно.

-Үндсэн хуулийн зарчмаар иргэн бүр тэгш боломж хүртэх ёстой. Гэтэл оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад яагаад сонголт өгөхгүй нэг сая төгрөг өгөх гээд байгаа юм бэ. Тэр хүмүүст хувьцаа авах боломж байгаа юу?

-Байгаа. Тэр хүмүүс нэг сая төгрөгөө бэлнээр авахгүй, хувьцаа эзэмшинэ гэвэл хувьцааг нь өгнө. Харин нэг сая төгрөг өгөхгүй. Оюутнууд сургалтын төлбөрөө төлүүлэхгүй, Тавантолгойгоос хувьцаа эзэмшмээр байна гэвэл сургалтын төлбөрт авсан мөнгөө төрдөө буцааж өгөөд хувьцаагаа эзэмшээд явах эрх нь нээлттэй.

-Нэгэнт л 1.5 саяын амлалтын хүрээнд шийдэж байгаа юм чинь сар бүр авч байгаа 21 мянган төгрөгийнхөө оронд Тавантолгойн хувьцаа авъя гэвэл болох уу?

Энэ нь өөрөө асуудал болно. Бид иргэн бүрт нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа эзэмшүүлнэ гэсэн. Тэгэхээр зарим иргэн нэг сая төгрөгийн, зарим нь 1.5 сая төгрөгийн хувьцаа эзэмшихээр ижил, тэнцүү гэсэн зарчим байхгүй болчихно. Тийм болохоор нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа эзэмших эрх Монгол Улсын 2.8 сая иргэнд ижил байгаа гэж болно.

-Ажлын хэсэг дээр явж байгаа саналаар бол хувьцааг зөвхөн Засгийн газар л иргэдээс нэг сая төгрөгөөр худалдаж авч болох юм билээ. Гэтэл аж ахуйн нэгжүүд яах вэ. Тэдний оролцоог Тавантолгойд оруулах уу?

-УИХ-д орж ирсэн хоёр төслөөр бол аж ахуйн нэгжүүдэд нэг ч хувьцаа өгөхөөргүй байгаа. Үүнийг ажлын хэсэг дээр ярих явцдаа үндэсний, татвар төлдөг, ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдээ оролцуулах ёстой гэж үзсэн. Яагаад гэвэл, Монгол Улсын нийт хун амын 80 хувийг хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ үүрч явна. Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байна.

Ийм хүмүүсээ төр дэмжих ёстой.

Өөрөөр хэлбэл, төр татвар төлөгчдөө дэмжвэл тэр хэмжээгээр татвар төлөгчид урамшиж төсвийн орлого нэмэгдэнэ. Тиймээс татвар төлдөг аж ахуйн нэгжүүддээ хувьцаа эзэмшүүлье гэж шийдэж байгаа. Бэлэн мөнгөний хэрэгцээтэй байгаа иргэд хувьцаагаа зарах байх. Үүнийг нь тогтоосон, нэрлэсэн үнээр нь Засгийн газар аваад, аж ахуйн нэгжүүддээ худалдах юм. Ингэж бэлэн мөнгөний хэрэгцээтэй байгаа иргэдийнхээ асуудлыг ч, Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр нь эзэмшмээр байна гэсэн аж ахуйн нэгжүүдээ ч дэмжиж болж байгаа юм.

-Иргэдийн зарсан хэмжээнд л аж ахуйн нэгжүүдийн Тавантолгойгоос эзэмших хувь хамаарна гэсэн үг үү?

-Зөрүү гарвал өөрөөр зохицуулна. Жишээ нь, Тавантолгойн 20 хувийг эзэмшиж байгаа иргэдээс таван хувь нь л хувьцаагаа заръя гэвэл яах вэ гэсэн асуулт гарна. Нөгөө талд нь 10 хувийг нь аж ахуйн нэг-жүүд авмаар байна гэвэл таван хувийн хэрэгцээ гарч ирнэ шүү дээ. Үүнийг нь гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй борлуулах 29 хувиас нөхөх байдлаар аж ахуйн нэгжүүдэд хүсвэл 10 хүртэл хувийг нь Засгийн газрын тогтоосон нэрлэсэн үнээр нь өгье. Гэтэл бас 20 хувь эзэмшиж байгаа иргэдээс 15 хувийн хувьцааг нь авахгүй, бэлэн мөнгөний гэсэн асуудал гарч мэднэ. Мэдээж Засгийн газар түүнийг нь худалдаад авна. Гэтэл аж ахуйн нэгжүүд Тавантолгойн хувьцааны таван хувийг нь л авах сонирхолтой байвал яах вэ гэсэн асуудал гарна. Ингэвэл иргэдийн зарах гээд байгаа арван хувийг гадаад, дотоодын зах зээлд гаргах 29 хувиа 39 болгож нэмэх юм. Ийм байдлаар уян хатан зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгөхөөр ажлын хэсэг томъёолж байгаа.

-Иргэд 20 хувиа, аж ахуйн нэгжүүд 10 хувиа бүгд эзэмшинэ гэвэл яах вэ. Олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах 29 хувиа 19 болгож бууруулах юм уу?

-Тэгнэ.

-29 хувиа 19 болгож бууруулбал Тавантолгойгоо хөдөлгөх хөрөнгийг олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгож чадах уу?

-Цаана нь 51 хувь байгаа шүү дээ. Тэндээс тодорхой хэмжээгээр хөрөнгө босгох, хөрөнгө оруулалт татах аргыг хэрэглэж болно. Энэ бол бололцоотой. Гэхдээ бодит байдал дээр судалгаа хийхэд өөр байгаа л даа. "Монгол 999" нэгдлээс надад албан бичиг ирсэн. Тэд манай нэгдэлд нэгдсэн компаниуд 100 тэрбум төгрөгийн хувьцаа худалдаж авах бололцоотой байна гэсэн. Миний баримжаагаар бол 100 тэрбум төгрөгийн хувьцаа гэдэг нь Тавантолгойн нийт хувьцааны нэг хувьд ч хүрэхгүй л дээ. Тэгэхээр цаана нь байгаа аж ахуйн нэгжүүд хэдэн  хувь эзэмших вэ гэдэг бас асуудал. Ингээд үзэхэд аж ахуйн нэгжүүд арав хүртэл хувийг худалдаад авах боломж ч харагдахгүй байгаа л даа.

-Хувьцааны нэрлэсэн үнийг тогтоогоогүй байгаа. УИХ ч тогтоохгүй байх. Гэхдээ иргэдэд эзэмшүүлэх хувьцааны тоо бол 1072 гээд гарчихсан. Тэгэхээр нэг хувьцаа нэг мянган төгрөг гээд ойлгочихож болох уу?

-Болохгүй л дээ. Засгийн газар Тавантолгойн арван хувь буюу нэг иргэд 536 ширхэг хувьцааг эзэмшүүлнэ гэсэн байгаа. 20 хувь болохоороо 1072 ширхэг болно. Нэг сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа нь 1072 байх юм бол нэгж хувьцаа нь 936 төгрөг байх нь гэж хүмүүс тооцоод байгаа юм. Үүнийг бол Засгийн газар өөрөө шийдэг. УИХ дээр хувьцааны нэрлэсэн үнийг хэзээ ч тогтоогоогүй, тогтоох ч үгүй. УИХ-аас шийдэж байгаа ганц зарчим бол нэг сая төгрөгийн үнэ бүхий хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх ёстой гэсэн шийдвэр. Нэрлэсэн үнээр нь авсан иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээл дээр IРО хийсний дараа хохирох ёсгүй. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн хувьцаа гээд өгсөн нь хөрөнгийн зах зээл дээр гараад 700 мянган төгрөг болчихож болохгүй. Ингэж иргэдийг хохироож болохгүй гэж тогтоолдоо оруулж өгнө.

-Ажлын хэсгийн энэ саналыг бүлгүүд дэмжиж байгаа юу. АН-ын бүлэг завсарлага аваад байгаа шүү дээ?

-2008 онд МАН, АН хам-тарсан Засгийн газар байгуулж, мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулахдаа "Уул уурхайн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар иргэн бүртээ 1.5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувь, хишиг хүртээнэ" гэж оруулсан. Өөрөөр хэлбэл, хоёр намын амлалтыг нийлүүлж 39 дүгээр тогтоолоор биелүүлэхийг зорьж байна. Үүн дээр АН-ын бүлэг иргэд зөвхөн хувьцаа эзэмших ёстой, бэлэн мөнгө өгөхгүй гэдэг байдлаар асуудлыг удаасан тал бий.

МАН-ын хувьд иргэд сонголттой байх ёстой гэж байгаа юм.

Бид зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлнэ гэвэл зөвхөн бэлэн мөнгө өгнө гэж болно шүү дээ. Гэхдээ бид уян хатан байгаа. Нэгэнт л тухайн үед хамтарсан Засгийн газар байгуулсан юм чинь аль, аль намын сонгуулийн амлалт биелэг гэсэн байдлаар хандаж байгаа. Харамсалтай нь, тодорхой асуудлууд байна гээд АН-ын бүлэг завсарлага авчихсан. Гэхдээ удахгүй шийдэгдэх байх. Зарчмын том асуудлуудынхаа ард гарчихсан. Монгол Улсын эрх ашиг, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд намын бүлгүүд, УИХ-ын гишүүд маань улстөржихгүй шийднэ гэдэгт итгэлтэй байгаа,

-Намрын чуулганы хугацаанд амжаад Тавантолгойн ордыг ашиглах 39 дүгээр тогтоолыг өөрчилж чадах уу?

-Энэ чуулганаар өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Өмнө нь гарсан зөрчилтэй тогтоолуудыг 39 дүгээр тогтоолоор засаж залруулахгүй бол тэгш бус байдал үүсчих гээд байна. Иргэдийн хамгийн их хүлээж байгаа намуудын амлалтыг  биелүүлэхийн тулд энэ тогтоолыг маш яаралтай гаргах шаардлага байна.

Нийтлэлч
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.