С.Бямбацогт:МАН,МАХН-ын үзэл баримтлал ижил учраас нэгдэж ,гишүүд шилжиж болно
2012.02.08

С.Бямбацогт:МАН,МАХН-ын үзэл баримтлал ижил учраас нэгдэж ,гишүүд шилжиж болно

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-УИХ-ын чуулган завсарлахад богино хугацаа үлдлээ. Хэлэлцэх ёстой чухал асуудлуудаа баталж амжих болов уу?

-Намрын чуулган товлосон хугацаанаасаа удаан хуралдлаа. Хэлэлцэх асуудлуудын жагсаалтад бичигдсэн зүйлүү дээ бараг дуусгасан. Гэхдээ чухал шаардлагатай том асуудлууд хойш тавигдаж, тунаж үлдэх гээд байна. Тухайлбал, Таван толгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол, Бүсийн нэмэгдэл, алдарт эхийн одонтой эхчүүдэд 500, нэг сая төгрөг өгөх, тэтгэврийн зөрүү арилгах зэрэг асуудал шийдлээ хүлээж байна. Мөн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэх асуудал гацаанд орох шинжтэй болчихлоо. АН-ын зүгээс хэрэв цалин тэтгэвэр нэмбэл зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой гээд байна. Хэрэв төсвийн тодотгол хийнэ гэвэл амжихгүй л дээ.

-Сонгуулийн хууль батлагдчихаад байхад танай намын гишүүд бэлэн мөнгө олгох тухай олон янзын хууль санаачлаад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Бүсийн нэмэгдлийн тухай хуулийг 2009 онд өргөн барьсан юм. Тэгээд УИХ-аас нэг удаа буцаа-сан учраас дахин өргөн барьсан. Энэ хугацаанд Засгийн газраас энэ хуулийг оруулж ирэх болов уу гэж нэлээд харсан. Гэвч тэгээгүй. Олон хүүхэдтэй эхэд урамшуулал олгох тухай хуулийг би 2010 онд өргөн барьсан юм.

Харамсалтай нь хойшилсоор байгаад өдий хүрсэн нь энэ.

Түүнээс биш сонгууль дөхсөнтэй холбогдож энэ хуулиудыг оруулаад байгаа юм биш. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх  чиглэлээр хууль санаачлалгүй хугацаа алдсанаар өдий хүрч байна. Тийм учраас УИХ-ын гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө санаа зовохдоо өөрсдөө хууль санаачилж оруулаад байгаа хэрэг. Одонтой эхчүүдэд сая хүртэлх төгрөг олгох асуудал бол хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл шүү дээ.

-Ер нь энэ Засгийн газрын үйл ажиллагааг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Ард түмэн дүн тавих биз ээ. Ирэх сонгуулиар энэ бүхэн тодорхой болох байх. Одоогийн байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай байгаа гэсэн. Хэлбэр талаасаа ингэж дүгнэж болох л байх. Гэхдээ Засгийн газар улс оронд тулгараад байгаа том асуудлуудаа үнэхээр шийдэж чадсан уу гэдгийг бодитоор харах ёстой. Ийм шалгуураар аваад үзвэл учир дутагдалтай. Тэгэхээр одоо үлдсэн хугацаанд сайн ажиллах хэрэгтэй байна.

-Ядуурал 40 хувьд хүрчихсэн гэсэн биз дээ. Тэгэхээр үлдсэн богино хугацаанд Засгийн газар сайн ажиллана гэдэг юу л бол?

-Хүмүүсийн унаж яваа машин, эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг харвал амьдрал бас ч гэж дээшилж байгаа, Ядуурал 39 хувьд хүрчихсэн гэх статистик тоо хэр бодит тоо юм бол доо. Уг нь ажлын зар маш их байгаа. Гэвч ажил хийх хүн олдохгүй байна шүү дээ. Ажил хийх, амьдралаа дээшлүүлэх боломж байсаар байхад ядуу хүмүүс яагаад ашиглахгүй байна вэ гэдгийг бодож үзэх л хэрэгтэй.

-Ядуурсан нь ард түмний өөрсдийнх нь хохь гэж үү?

-Тэр утгаар хэлсэнгүй. Ингэж мушгиж болохгүй. Зүгээр сууж байгаад халамж дэмжлэг авах бэлэнчлэх сэтгэлгээтэй хэсэг нэлээд байна. Тэдэнд төр засгийн бодлогоо чиглүүлж, сэтгэлгээг нь өөрчлөх шаардлагатай байгаа юм.

-Ард түмнийг 21 мянган төгрөгөөр хуурч, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж байгаа нь энэ Засгийн газар юм биш үү?

-Үгүй. Хавтгайрсан халамжийн бодлого чинь 2008 оноос өмнө хамгийн их байсан. Харин ч 2008 оноос халамж эрс багассан байдаг. Хүний хөгжил сангаас 1.5 сая төгрөг олгож байгаа нь халамж хавтгайраад байгаа юм шиг санагддаг байх. Үнэндээ 2008 оноос өмнө төр халамжийн чиглэлээр 300 тэрбум төгрөг зарцуулсан бол өнөөдрийн байдлаар 100 тэрбумыг халамжид зориулж байна шүү дээ.

-Тэгэхээр яриагаа улс төрийн сэдэв рүү чиглүүлье. Танай намд сүүлийн үед юу.болоод байна аа. МАН-ын Засгийн газарт шинээр оруулах сайд нарын томилгооноос хойш бужигначих шиг боллоо...

-Томилгоо маш зөв нүдээ оносон гэж хэлж чадахгүй. Ерөнхийдөө боломжийн хүмүүс томилогдсон. Гэхдээ зарим хүний сонголт арай биш байж дээ гэж боддог.

-Жишээ нь хэн?

-Заавал хүний нэр хэлээд яахав. Мэдлэг чадвар, туршлагыг нь харсан ч, сонгуульд оролцох намаа бодсон ч энэ томилгоог бодож үзэх л байсан.

-МАН ахмадуудаа биш залуучуудаа сайд болгосон гэх гомдол заримд нь бий. Гэхдээ МАН-ын бас ч үгүй хөдөлмөрч залуучуудын нэгд тооцогддог та яагаад сайд болсонгүй вэ?

-Яалаа гэж. Манай Ж.Энхбаяр чадвартай залуу. Монгол Улсад их зүйл хийх мэдлэгтэй хүн. Энхбаяр маань сайд болж байхад бид бүгдээрээ сайд болно гээд байх шаардлагагүй. Миний хувьд сайд болох сонирхол байгаагүй. Надад чадал байна уу гэвэл байна. Гэхдээ юм болгон дээр би л байх ёстой гэдэг үүднээс хандаагүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шүү дээ. Цаг нь ирэхээр болно биз.

-Намдаа гомдчихоод яваа юм биш үү?

-Үгүй. Манай нам намайг гомдоох зүйл хийгээгүй. Надад гомдоод байх шаардлага ч алга.

-Намаасаа гарах бодол тээгээд байгаа юм биш биз дээ?

-Үгүй. Энэ намыг сонгуульд ялуулахын тулд юу хийж чадах бүхнээ дайчилж ажиллана гэж бодож , байгаа. Надад хийх ажил хангалттай байна.

-Намын явуулж байгаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй бүлгийн гишүүд сэм уулзалдаж, эсэргүү төлөвлөгөө зохиогоод байгаа гэл үү?

-Намын бүлгийн гишүүд зохион байгуулалтад орсныг би мэдээгүй. Гэхдээ намд ямар нэг асуудал байгаа учраас тэд зохион байгуулалтад орж байгаа юм болов уу. Ер нь овоо босгоогүй бол шаазгай юунд суухав. Намд ярих, хэлэх, засаж залруулах зүйл байгаа учраас манай гишүүд ийм алхам хийж байгаа байх. Намын удирдлагууд үйл ажиллагаандаа дүгнэлт хийх ёстой.

-Тэдний зарим нь намаасаа гарах тухай яриад байгаа юм уу. МАХН-ыг бараадах гээд байгаа юм биш үү?

-МАН, МАХН-ын үзэл баримтлал нэг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зүүн төвийн үзэл баримтлалтай намууд шүү дээ. Олонхийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Ардчилсан нам бол өөр. Амь амиа бодоорой гэдэг үзэл баримтлалтай. Л.Гантөмөр гишүүн "АН-ын үзэл баримтлал МАН-аас ялгагдахаа байлаа" гэж яриад байгаа.

Үүнийг нь дэмжиж байна.

Намуудын үзэл баримтлал, үнэт зүйл нь юу вэ гэдгээ ялгаруулж харагдуулж байж дэмжигчдийн тоогоо нэмэх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд намууд дандаа зүүн төвийн үзэл баримтлалаар явсан. Тиймээс АН, МАН хоёр ялгагдахаа байсан. Үүнээс болоод намуудын нэр хунд унаж байна. МАН, МАХН-ын үзэл баримтлал ижил болохоор энэ хоёр нам нэгдэж болно. Гишүүд нь нааш цаашаа шилжиж болно шүү дээ.

-Тэгвэл танай намын гишүүд МАХН руу орж гарах нь энгийн үзэгдэл байх нь ээ?

-МАН-ын гишүүд намынхаа үзэл баримтлалд тууштай байх байлгүй дээ.

-Та бол МАХН-д орсон ч яахав гэж бодож байгаа юм уу?

-Үгүй ээ. Надад л бодол байхгүй.  намын Удирдах зөвлөлийн гишүүн хүний хувьд итгэл хүлээгээд ажиллана гэж бодож байна.

-Гэхдээ танай намын дарга нар  хэдхэн хүний тохироогоор бүх ажил явдаг болсон юм биш үү?

-Ялыг нь эдэлж байгаа бол ямбыг нь эдлэх ёстой гэдэг. Энэ Засгийн газар, намыг удирдаж байгаа хүмүүс бүх хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Тиймээс тэдэнд ажиллах боломжийг нь бид бүрдүүлж өгөх ёстой. Ажил нь хутгалдаад яваад ба шаардлагагүй байх.

-Та намынхаа ажилд идэвхтэй оролцохоо больчихсон юм шиг харагдаад байна. Сая болсон Бага хурал уйтгартай санагдсан уу яасан та ховор үзэгдэх шиг боллоо?

-"Ард түмнээ сонсъе аян"-аа Бага хурлаараа дүгнэх саналыг Удирдах зөвлөл дээр би гаргасан. Түүнийг намын удирдлагууд дэмжсэн. Тэгээд ч би тооллогын комиссын даргаар ажилласан шүү дээ.

Нийтлэлч
Я.Мөнгөнцэцэг
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.