С.Бямбацогт:Гулсахгүй,шилжихгүй бол гэртээ унтаж байгаад л УИХ-д сууж магадгүй
-Та Хөшөөтийн уурхайн талаар Д.Зоригт сайдад асуулга тавьж байгаа гэсэн. Яагаад асуулга тавих болов?
-Манай аймаг байнга ,ярьж байдаг Хөшөөт гэдэг Нэг ордтой. Сүүлийн гурав, дөрвөн жил Хөшөөтийг тойрсон хэрүүл өрнөлөө. Стратегийн ордод оруулах ёстой, оруулахгүй, орон нутгийн удирдлага байх ёстой, энэ ордод хөрөнгө оруулагчдыг улс төрчид, ялангуяа их хуралд Ховдоос сонгогдсон гишүүд хаацайлдаг гэсэн янз бүрийн хардлага, элдэв яриа байнга гарч байдаг.
2008 оны сонгуулийн өмнө ч ярьж эхэлсэн.
Тиймээс яриад л байдаг, ашигладаггүй, ашиглаж эхэлдэг ч үгүй, эзэн нь тодорхой биш, хэн нэг улс төрч хамгаалдаг гэсэн эх захгүй энэ ярианд дэг тавья гэсэн үүднээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад асуулга тавьж байгаа юм. Хөшөөтийн уурхай стратегийн орд мөн үү биш үү, үнэхээр том орд бол оруулаач,эсвэл жижиг орд юм бол оруулах шаардлагагүй гэдгээ ил тод зарлаач гэж байгаа.
-Улс төрчид хамгаалаад байдаг гэж та хэлсэн. Таны нэр ч бас дуулддаг шүү дээ?
-Хэн хамгаалаад байдаг юм, тэрийг нь ил тод болгоё. Би холбоотой юм бол "С.Бямбацогт хамгаалаад байдаг" гэж зарлаад нэг мөсөн шийдээч гэж хүсээд байгаа юм. Энэ ордыг цаашид яаж ашиглах юм, яавал орон нутгийн ард иргэдэд өгөөжтэй болгох вэ. Өнөөдөр Хөшөөтөд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тэндээс Монголд, тэр тусмаа Ховдын ард түмэнд ямар үр өгөөж наалдаж байгаа юм бэ. Зөвхөн гадаадын нэг компани ашиглах биш харилцан үр ашигтай хамтарч ажиллах хэрэгтэй. Нүүрсээ олборлоод борлуулахаа 100 хувь хөрөнгө оруулалттай компани хийг. Тээвэрлэлтийг нь орон нутгийн тээвэрчдээр хийлгэе, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, амьдарч байгаа иргэдийн хэрэгцээний хоол хүнс, шатахууныг, сэлбэг материалыг нь Ховдын компаниуд нийлүүлдэг байгаач. Ийм байдлаар харилцан ашигтай хамтарч ажиллаж болохгүй юу. Алийн болгон бие биеэ хардах вэ, харилцан ярилцъя, ойлголцъё гэдэг үүднээс асуудалд хандъя гэж байгаа юм.
-Томоохон компаниуд, тэр дундаа Ховдынх гэж ярихаар танай "Нью Прогресс" группыг бас хардана даа. С.Бямбацогт томоо-хон компаниуд гэж байгаад өөрөө ашиглах нь гээд л?
-Надад бусдаас илүү хараад байх шаардлага байдаггүй. Миний бизнес хөл дээрээ тогтчихсон. Харин орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүс үр ашгийг нь илүү хүртдэг байгаасай гэдэг үүднээс Ховдын томоохон аж ахуйн нэгжүүд гэж онцолсон юм.
-Асуулгынхаа хариуг хэзээ авах вэ?
-Дэгийн хуульд заасан хугацаанд багтаж хариу өгнө. Өмнө нь олон асуулга байвал дарааллаараа хариулах байх. Цөөн асуулгатай бол намрын чуулганд багтаад хариу өгөх байх.
-Хөшөөтөөс гадна стратегийн ордод багтаагүй 39 орд бий. Эдгээрийг стратегийн ордод багтаах ёстой гэдгийг УИХ-ын гишүүд байнга ярьдаг. Уул уурхайгаар өвчилж байгаа сиймхийг ашиглаад хүмүүсийн сайн мэдэхгүй ордуудыг эрх мэдэлтнүүд хувьдаа завшиж, ашиглаж байна ч гэдэг. Та энэ талаар судалтаа хийж байв уу?
-Стратегийн 15 орд бий. Хуулийн дагуу эдгээр ордын 51 хувийг төр эзэмших ёстой. Гэхдээ төр эзэмшихгүй байгаа ордууд байна. 39 ордод том ордууд ч бий, жижиг ч байдаг юм билээ. Өмнөх Засгийн газар хэлэлцээд шийдсэн учраас одоо зөв, бурууг нь дүгнэх нь шаардлагагүй байх. Ер нь стратегийн орд гэж байх ёстой юм уу, байвал төрийн оролцоо ямар байх юм, цаашид "ашигт малтмалын салбарт байгаа хуулийн цоорхойг ойрын үед ярилцаж шийдэх ёстой гэдэгтэй санал нийлдэг.
Өөрөөр хэлбэл, ойрын үед Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна.
Энэ ажил жаахан удаашралтай байна. Үүнийг цэгцэлж баялгийг тойрсон эх захгүй хэрүүл маргааныг цэгцлэх ёстой. Цэгцэлж чадахгүй удаад байвал маргаан,хардлага даамжирна. -Өнгөрсөн долоо хо-ногт гишүүд гурван жил зургаан сар ярьсан Сонгуулийн хуулиа баталлаа. Хэдийгээр баталчихсан ч гэсэн энэ хуулийн талаарх таны дүгнэлтийг сонсмоор байна. Зарим судлаач "УИХ-ын гишүүд өөрсдөдөө ээлтэй хууль баталлаа гэж дүгнэсэн байсан. Харин та бүхэн бидний эрх ихээхэн хязгаарлагдсан гэж байгаа?
- Хэрэв одоо сууж байгаа 76 өөрсдөдөө ашигтай хууль баталчихлаа гэвэл 76 тойрог байгаад л түүнд бүгдээрээ очъё гэсэн хууль гаргана шүү дээ. Гэтэл 48 тойрог мандаттай байхаар хүссэн хүсээгүй Их хурлын гишүүд өөрсдөдөө халтай хууль баталсан нь эндээс шууд харагдаж байгаа юм.
-Гэхдээ "гулсалт" гэдэг сайхан нэрийн дор 28-аа Их хурлын гишүүн болгох бас нэг арга байгаа юм биш үү?
-Ард түмнээс санал авсан, итгэл даасан хүн гишүүн болох ёстой юу, эсвэл намын нэрээр хэн ч танихгүй хүмүүс Их хуралд орох ёстой юу. 48 нь мандатаар ороод ирдэг, 28 нь гулсахгүй, шилжихгүй бол гэртээ унтаж байгаад Их хуралд хэн ч орж магадгүй. Нам шийднэ гэж байгаа. Гэхдээ төрийн эрх барих байгууллагын гишүүнийг нам сонгож байж таарах уу.
-Гулсалт гэдгийг намын даргад тал зассан хүн ард түмнээс хангалттай санал аваагүй байсан ч гулсаад гишүүн болох боломж гэж үзэж болох юм?
-28 хувиас дээш санал авсан хүмүүсийг дахиад эрэмбэлнэ. Ялагдсан мөртлөө хамгийн өндөр санал авсан хүмүүсийг эхэнд бичнэ гэсэн үг. Тэгэхээр намын удирдлагуудын оролцох хувь хэмжээ багасна.
-Ер нь энэ хуулийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Ямар ч гэсэн хоёр нам 2008 онд амласандаа хүрч өөрчиллөө. Урьд өмнөх мөнгөний сонгуулийг болиулах хууль болж байгаагаар том давуу талтай болсон гэж харж байгаа.
-Цэцэд очоод унана гэж байгаа?
-Хоёр нам 3,6 жил ажиллалаа. 76 гишүүний 3,6 жилийн хөдөлмөрийг гурван сарын дотор 3-4 хүн шууд үгүйсгэчихэж болохгүй байх. Мэдээж гишүүд бид Үндсэн хуулиа яаж зөрчихгүй байх вэ гэдэгт илүү анхаарч баталсан. Тэгэхээр миний бодлоор Үндсэн хууль зөрчсөн заалт нэг их ороогүй байх.
-Эмэгтэйчүүдийн асуудлыг эрчүүд та нар орхигдуулчихсан юм биш үү. 20 хувийн нэр дэвших квот олгосон ч Сонгуулийн хуульд пропорциональ хувилбарт байршуулахдаа хаана нь яаж оруулахаа нарийн тусгаагүй юм билээ?
-Эмэгтэйчүүдийн квот 15 хувь байсан, одоо 20 хувь болсон. Энэ бол маш том дэвшил. Энэ 20 хувьд заавал 20 хүн оруулах ёстой гэвэл хүний эрхийг зөрчинө. Тиймээс боломжийг бүрдүүлж өглөө, тэр 20 хувьдаа хэдэн хүн орж ирэх нь эмэгтэйчүүдийн чадварын асуудал.
-Байршуулахдаа тодорхой болгоогүй байгаа юм билээ?
-Яг тодорхой биш. 48 дотор ч 10 хувь байж болно, пропорциональд 10 хувь байж болно. Энэ бол нэр дэвшүүлэх субьект, нам эвслийн асуудал. 20 хувийн квотод нэр дэвшүүлсэн болоод орхилоо, тэрний дараа өөрсдөө шахаад гарч ирэх нь гэж хардаад байх шаардлага байхгүй.
-Ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүс эрх чөлөөгөө хасуулж байгаа гэж гишүүд хошигнож байна лээ. Энэ үнэн юм уу?
-Ирэх сарын 1-нээс эхлээд нэр дэвшье гэж бодож, зүүдэлж, мөрөөдөж байгаа хүмүүсийн эрх хязгаарлагдаж байгаа нь үнэн. Үүнийг зөв гэж бодож байгаа. Үнэхээр тэр хүний хэлж байгаа үг, цаашид итгэл даах ноён нурууг нь харж саналаа өгдөг болохоос биш ёолкны мод шиг мөнгөөр өөрийгөө чимсэн, явсан газар болгондоо мөнгө амлаж, юм тарааж, хаана л арга хэмжээ болно ивээн тэтгэж, хандив өгч байдаг хүмүүс олон бий. Тухайн нэр дэвшигчийн хэн бэ гэдгийг харахаас илүү гадна талдаа наасан мөнгө, эд зүйлсийг нь хараад сонгогчид төөрөлдөх тал бий.
-Танай намд залуу баячууд олон шүү дээ. Тэд мөнгөөр "зодоод" гарч ирнэ гэж мөрөөдөж байгаа. Танай намын залуучуудын энэ байдал таны сая ярьсантай зөрчилдөж байгаа юм биш үү?
-Зөв зорилготой, бодолтой, зөв үйлдэл хийдэг хүний зам мөр дандаа зөв байдаг, амжилтад хүр Буруу бодолтой, амар хялбар аргаар өндөрлөгт хүрэх гэсэн хүнд с аад бэрхшээл тохиолддог. Мэдээж Их хурлын гишүүн болъё гэж хэн ч бодож болно. Гэхдээ тэр зорилгодоо буруу замаар хүрэх гэж байгаа бол түүнийг нь энэ хуулиар хааж байгаа юм.
-Х.Баттулга сайд архи тамхины бизнес эрхэлдэг хүмүүсийг УИХ-д дэвшүүлэхгүй байх хуулийн төсөл санаачил сан ч тэр нь удаа дараа бүдрээд байгаа. Та энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу?
-УИХ-д байгаа хүний 54 нь ямар нэг компанийн хувьцаа эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл тодорхой бизнестэй гэсэн үг. Төрийн өндөр дээд албан тушаалтай 220 гаруй хүн байгаа. Тэдний 100 гаруй нь бизнес эрхэлдэг.
Үүнд хуулиар хориглосон зүйл байхгүй. Тэгэхээр архи тамхины бизнест гэдгээр нь ялгаж болохгүй. Бүгдээрээ л хуулийн дагуу татвараа төлж байгаа. Тэгвэл үүний дараа байгалийн баялаг сүйтгэдэг, уул уурхай эрхэлдэг гээд хориглох ёстой гэсэн үг үү. Үр хөнддөг эмчийг ажлаас нь болоод сонгуульд дэвшүүлэхгүй байх уу. Энэ мэтээр хуульд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг ялгаварлаж болохгүй. Харин ч тодорхой хэмжээгээр ажлын байр бий болгож байгаа. Төсвийн орлогын 80 хувийг хувийн хэвшлээс бүрдүүлж байна. Нийт ажиллах хүчний 80 хувь нь хувийн байгууллагад ажиллаж байна. Тэгэхээр төрийг тэжээж байгаа хувийн хэвшлийг ад үзэх шаардлага байдаггүй.
-Та бизнесмен учраас өмгөөлсөн тайлбар хийлээ?
-Би бас 54 гишүүний нэг нь шүү дээ.
-Долдугаар сарын 1-ний үймээний төлөө төрийг төлөөлж Ерөнхийлөгчөөр уучлалт гуйлгах тухайд та ямар байр суурьтай байна?
-Хэн буруутай гэдгийг эхлээд тогтоох ёстой. Үнэхээр буруутай хүнийг нь тогтоочихвол тэр хүн уучлалт гуйх ёстой. Ингэхэд хэн буруутайг хэзээ, хэн албан ёсоор тогтоосон юм бол гэж гайхаад байгаа юм. Төр буруутай гэж хэн тогтоосон юм бэ.
-Төр буруугүй гэж үү?
-Буруутай гэж хэн тогтоосон юм.
-Сонгуулийн будилаан үүссэн, сонгуулиа шударга явуулж чадаагүй, таван хүний амь эрсэдсэн, цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн гээд олон шалтгаанаар төр буруутахгүй гэж үү?
-Сонгууль шударга болсон гэдэгт би эргэлздэггүй. Ялагдсан хүмүүсийн гомдлын золиосонд олон хүн хохирсон.
-Тэгэхээр таныхаар Ерөнхийлөгч уучлалт гуйх шаардлагагүй юм уу. Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар уучлалт гуйлгах гээд байгаа юм биш үү?
-Хэн буруутайг нь хурдан тогтоочихъё. Тэгээд дараа нь уучлалт гуйх ёстой.
-Тогтоогдохгүй бол яах вэ. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 11 жил болсон ч буруутан нь олдоогүй байна?
-Мэдэхгүй юм.
Зууны мэдээ сонин