С.Бямбацогт: Миний хувь эзэмшдэг компаниуд Таван толгойн хувьцаанаас ашиг харахаар жижиг биш
2011.12.05

С.Бямбацогт: Миний хувь эзэмшдэг компаниуд Таван толгойн хувьцаанаас ашиг харахаар жижиг биш

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Таван толгойн хувьцаанаас үндэсний аж ахуйн нэгжид олгох арван хувийг ард иргэдэд нэмж өгөх саналын эсрэг байр суурьтай байв. Харин УИХ-аар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахлах болсон юм. Түүнтэй ярилцлаа.
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахыг парламент дэмжлээ. Уг асуудлын эсрэг саналтай байсны хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-УИХ-ын 39 дүгээр тогтоолыг өөрчлөх тогтоолын төслийг Д.Одбаяр, Я.Батсуурь нарын гишүүд санаачилсан. УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь шийдээд Эдийн засгийн байнгын  хороонд ажлын хэсэг байгуулсан. Миний бие ажлын хэсгийг ахалж байгаа. Монгол Улсын иргэддээ хувьцааны арван хувийг өгөх, татвар төлдөг үндэсний аж ахуйн нэгжүүдэд мөн арван хувийг нэрлэсэн үнээр худалдах тогтоол байсан. Аж ахуйн нэгжүүдэд олгох арван хувийг иргэдэд нэмж 20 хувь болгохыг шийдэх гэж байна.
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахыг гишүүдийн цөөнх эсэргүүцсэн. Тэднийг "Монгол 999" нэгдлийн лоббид орлоо гэж хардаж байна. Хувьцааны арван хувийг аж ахуйн нэгжүүдэд өгөх байр сууриа хамгийн идэвхтэй илэрхийлсэн гишүүн нь та. Тиймээс энэ хардлагыг тантай холбож байх шиг?
-Татвар төлдөг үндэсний аж ахуйн нэгжүүддээ Таван толгойн хувьцаанаас олгох нь зөв гэдэг байр суурийг хадгалах шалтгаан бий. Монгол Улсын төсвийн орлогын 80 хувийг татвар төлөгчид бүрдүүлдэг.
Нийт ажиллах хүчний мөн 80 гаруй хувь нь хувийн хэвшилд байдаг.
Тиймээс төсвийн орлогыг бүрдүүлдэг, ард түмнийг ажил, орлоготой байлгадаг 80 хувиа төр хэр сайн дэмжинэ, тэр чинээгээр Монгол Улсын төсвийн. орлогыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна. Төсвийн орлогыг УИХ, Засгийн газар хуваарилдаг. Бид чинь орлого бүрдүүлж, баялаг бүтээдэггүй. Татвар төлөгчдийн төлсөн орлогоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, эрчим хүчний шугам гээд олон зүйлд зарцуулдаг. Дээр нь төрийн албан хаагчдын цалинг тавьж, ахмадын  тэтгэврийг өгнө. Нийгмийн халамж тусламж зайлшгүй хэрэгтэй бүлгээ дэмжинэ, тэтгэнэ. Татвар төлөгчид их татвар төлөх тусам төсвийн орлого нэмэгдэж, тэр хэмжээгээр бидний хуваарилдаг зардлуудыг бүрэн санхүүжүүлэх, ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэдэг үүднээс татвар төлөгчдийг дэмжих ёстой. Нөгөөтэйгүүр ард иргэдэд хувьцаа нэмж өгөхийг эсэргүүцэхгүй. Түүнийг аль болох бүтээлч, бодитой, үнэ цэнэтэй байлгахыг тооцох ёстой гэдгийг л хөндсөн. Юм элбэг дэлбэг болохоороо үр дүн багатай болдог. Тиймээс үнэ цэнэтэй байлгах ёстой. Түүнтэй холбогдуулж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарим нь "Монгол 999" нэгдлийн лообийд орсон гэж  байсан.
-Та өөрийн хувь эзэмшдэг компаниудыг Таван толгойн хувьцаанаас авахгүй байх шийдвэр гаргасан. Энэ нь "Монгол 999" нэгдлийн лоббид автаагүй гэдгээ батлах гэсэн оролдлого уу?
-"Монгол 999" нэгдэлтэй нэг удаа ч уулзаж байгаагүй, тэднээс нэг ч хүнийг танихгүй. Би хувийн хэвшилд өмнө нь ажиллаж байсан, жаргал зовлонг нь мэддэгийнхээ хувьд итгэл  үнэмшлээрээ энэ асуудлыг эсэргүүцсэн. Мөн намайг хэд хэдэн аж ахуйн нэгжтэй, олон компанид хувьцаа эзэмшдэг болохоороо хувьцаагаа нэмэгдүүлэхийн тулд ингэлээ гэж мушгиж байсан. Миний хувьцаа эзэмшдэг компаниуд Таван толгойн хувьцааны арван хувиас ногдох багахан хувьцааг харах, ашиг хайхаар жижиг компани биш. Түүнийг  тоох ч үгүй. Тиймээс Таван толгойн хувьцааг хувийн сонирхлоор яриагүй, татвар төлөгч хувийн хэвшлийг төлөөлж байгаагийн хувьд хэлсэн. Зарим нь нэг нэгнээ "бизнес гишүүд" гэлээ. Төрийн төлөө ажилладаг УИХ-ын гишүүн, бизнес гишүүн гэж юу байдгийг би мэдэхгүй. Адилхан л гишүүн.
-УИХ-ын гишүүдийн хэдэн хувь нь бизнес эрхэлдэг юм бол?
-УИХ-ын  76 гишүүний  54 нь ямар нэгэн хэлбэрээр компаниудын хувьцаа эзэмшиж байгаа. Тиймээс бие биенээ мушгиж хардаж сэрдэх буюу асуудлаа авч гарахын  тулд бусдыгаа дайрч доромжлох шаардлагагүй.
-"Монгол 999" нэгдэл Таван толгойн хувьцааны арван хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд өгөхийг дэмжээч гэсэн бичгийг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн гэж байсан. Тухайлбал, Б.Батбаяр гишүүн өөрт нь арваад бичиг "Монгол 999" нэгдлээс ирсэн гэдгийг дэлгэсэн. Танд ирсэн үү?
-УИХ-ын гишүүнд бүгдэд нь ирсэн юм билээ. "Монгол 999" нэгдэл гэдгээс гадна Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг олон байгууллагаас ирсэн. Татвар төлөгчид болох хувийн хэвшлийнхэн бидний "хоол"  буюу ерөөсөө "гахай" гэж болно. Төрийг тэжээдэг тэр "гахай"-г хэр бордож томруулж чадна, тэр хэмжээгээр бидний хоол нэмэгдэнэ. Тэгэхгүй бол тэр гахай өсөхгүй, таргалахгүй, томрохгүй тул бидний хоол багасна гэдэг энгийн логикоор асуудалд хандаж байна.

-Аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарах гэж байсан хувьцааны арван хувийг ард иргэдэд өгөхөөр шийдчихвэл  Таван толгойгоос хувийн  хэвшлийг дэмжих өөр ямар гарц харагдаж байна?
-Иргэд хувьцаагаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Үнэгүй юманд хүн бүхэн л дуртай байдаг. Авчих юмсан гэж чи ч, би ч бодно. Аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй "Их үнэ хүрэх юм гэсэн.
Нэрлэсэн үнээр нь авчихвал дараа нь хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ өсч 2-3 мянга болж магадгүй.
Тэндээс ашиг олох юмсан” гэж бодно. Гэтэл  хувьцааны  тоо хэмжээ хэд билээ, мөн Орос, Хятад Америк, Япон, Солонгос гээд бүгд сонирхож  байгаа шүү дээ. Монголын төр 50 хувиас доошгүйг нь эзэмшинэ гэж ярьж байдаг. Төр 50 хувиас доошгүйг нь авч, ард иргэддээ 20 хувийг нь үнэгүй өгчихөөр цаана нь  байгаа  30  хувиар Таваг толгойг эхлүүлэх буюу олборлох, төмөр зам,   цахилгаан   станц  барих, тээвэрлэх   түүнтэй   холбоотой дэд  бүтцийн  зардлыг  босгож чадах уу, үгүй  юу гээд шийдэх ёстой олон асуудал бий. Тиймээс босгох   мөнгө   маань   багасах магадлалтай. Энэ мэтийг нэлээн сайн тооцох ёстой. Мөн үнэгүй хувьцаа авсан иргэдээс тодорхой хэсэг нь "би хувьцаа эзэмшээд бухын хувьцаа эзэмшээд бухын  доодох харсан үнэг турж үхсэний үлгэрээр хэзээ хөрөнгийн зах зээл дээр гарах вэ. IPO хэзээ хийх, үнэ нь өсөх ч юм уу, буурах ч юм уу. 1990 оны цэнхэр, ягаан тасалбартай адилхан болох вий. Эртхэн зараад сая төгрөгөө авъя" гэсэн бодолтой хүмүүс нэлээн зарах   байх.   Хэрэгтэй   байгаа сая төгрөгийг нь хувьцаа авах сонирхолтой аж ахуйн нэгжүүдээс  өгүүлэх замаар боломж олгоё. Тэр боломжийн  нөхцөлийг бүрдүүлж өгөх байдлаар шийдье гэсэн урьдчилсан яриа бий. Өөрөөр хэлбэл, ард иргэд хувьцаагаа нэрлэсэн үнээр заръя гэвэл нөгөө талд нь, нэрлэсэн үнээр хувьцаа эзэмшье гэсэн аж ахуйн нэгжид жигд байдлаар өгөх юм. Хэрвээ иргэд бүгд хувьцаагаа зарахгүй гэвэл үлдэж байгаа 29 хувиасаа арван хувийг нь аж ахуйн нэгжүүддээ жигд хуваагаад нэрлэсэн  үнээр өгч болно. Өөрөөр хэлбэл, тогтоолыг "Хонь  бүрэн, чоно цатгалан" гэдэг шиг өөрчлөхөөр ажиллаж байна.
Ирэх оны улсын  төсөв батлагдлаа. Хоёр намаас томилогдсон ажлын хэсэг засгийн  газраас өргөн барьсан төсвийг нэлээд танасан. Та 2012 оны төсвийг ямар болсон гэж дүгнэж байна?
-Харьцангуй    сайн     төсөв  болсон. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд дөрөв дэх төсвөө баталж байна. 2008, 2009 онд дэлхий нийтэд нүүрлэсэн санхүү, эдийн засгийн хямралаас болж бидний  тооцож  байсан орлогууд багасаж  байсан. Түүнтэй хамааруулж зарлагаа бууруулах гэж маш хүнд төсөв хийж байлаа. Бусад тохиолдолд төсвийн зардал, орлогыг   нэмэгдүүлэх   замаар Засгийн газрын өргөн барьсан төсвийн   төслийг   нэмэгдүүлж баталсан. Харин 2012 оны төсвийг гишүүд сонгуулийн төсөв гэж яриад байгаа. Би тэгж харахгүй байна. Хэрэв сонгуулийн төсөв байсан бол мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд гээд орлого зарлагыг нэмэгдүүлээд батлах байсан.   Гэтэл   УИХ   Засгийн газрын өргөн барьсан төслийн зарлагыг 1.2 их наяд төгрөгөөр танаад, тэр хэмжээгээр орлогыг нь бууруулсан. Европт нүүрлэж байгаа эдийн засгийн хямрал ирэх жил дэлхий нийтийг ч хамарч магадгүй тул болсных нь дараа хашгирах биш юмыг яаж мэдэх вэ гэдгээр хаширлаж төсвөө баталсан.
-1.2 их наяд төгрөг гэсэн тоо хаанаас гарчихав аа. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж Засгийн газрын өргөн барьсан төслийг дор хаяж нэг их наяд төгрөгөөр хасахгүй бол инфляцийг барьж дийлэхгүй гэж мэдэгдсэнээс болов уу. Хэрэв Л.Пүрэвдорж хоёр их ваяд төгрөг танах хэрэгтэй гэсэн бол тэр хэмжээгээр зарлагыг бууруулах боломж байсан уу?
-Үгүй. Бид төсвийн зардлыг зүйл заалт болгоноор нь авч үзсэн. Урсгал зардал дээр юуг нь тэвчиж болох, аль нь гарцаа байхгүй шийдэх ёстой гэдгээр ангилахад нэг тоо гарч байгаа. Нөгөө талд нь хөрөнгийн зардлууд бий. Хөрөнгө оруулалтын зардал дээр ч гэсэн автомашин, тоног төхөөрөмжийг 50, шинээр эхэлж байгаа объектийн зардлыг 25 хувиар бууруулъя, шинээр баригдах конторын барилгыг 100 хувь  хасья гэх мэтээр зардлыг бууруулах ямар боломж байгааг судалж нэгтгээд үзэхээр 1.2 их наяд төгрөг болж байгаа. Түүнээс биш Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй нийцүүлэх гээгүй.
-Сонгуулийн хууль энэ долоо хоногт батлагдана гэж ажлын  хэсгийнхэн хэлж байна. Одоо яригдаж байгаа хувилбар дээр таны байр суурь ямар байна?
-Сонгуулийн хууль батлагдах түвшиндээ байгаа. Би Төрийн байгуулалтын байнгын  хороонд байдаггүй учраас Сонгуулийн хуулийг УИХ-ын чуулган дээр хэлэлцэх үед л сонирхож уншиж байна. Гэхдээ тодорхойгүй асуудлууд бий. Хувилбар нь 48:28 гэж байгаа. Гэхдээ түүндээ тойргоо яаж хуваах, аль аймаг дүүрэгт хэдэн мандаттай байх нь тодорхойгүй. 48 нь мажоритар гэхэд 28 нь яаж нэр дэвших, нэрсийн жагсаалтад хэрхэн бичих вэ. Хамгийн гол нь 48-аасаа 28 руу шилжих үү үгүй юу зэрэг асуудлыг ба сайн ойлгохгүй байгаа. Гэхдээ Сонгуулийн хуулийг аль болох бүх хүнд ойлгомжтой, зарчим нь тодорхой болгож батлах ёстой.
-Х.Баттулга сайд Сонгуулийн тухай хуульд архи, тамхины бизнес эрхэлдэг хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй  байх саналыг өргөн мэдүүллээ. Энэ саналыг та дэмжиж байгаа юу?
-Бизнес бол бизнес. Хүн хуулиар хориглоогүй бол ямар ч бизнес эрхлэх эрхтэй. Тийм байхад тэр бизнес муу энэ нь сайн гэж хэлэхийн аргагүй. Хүн хүний ойлголт янз бүр. Өнөөдөр уул уурхайн олборлолт хийж байгаа хүнийг сайн, муу гэж хэлэх үү. Тэгвэл дараа нь уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхээ болих санал гараад ирж болно. Татвар төлдөггүй хүнийг УИХ-д сонгохгүй гэх мэтээр хүний эрхэд халдсан зүйл зөв биш  байх.
Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.