Ой хээрийн түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл дутагдалтай байгаа.
2014.04.08

Ой хээрийн түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл дутагдалтай байгаа

Ахуйн хүрээний болоод ой хээрийн гал түймэр ихсэх хандлагатай байгаа гэдгийг ОБЕГ-аас  мэдээлж байна. Ихэвчлэн иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас шалтгаалан гал түймэр гарах гол шалтгаан болдог. Иймээс нийт ард иргэд та бүхэн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Сүүлийн 10 жилийн байдлаар манай улсад нийт гарсан 17041 гал түймэрт 502 хүн өртөн амь насаа алдаж, 280 хүн түлэгдэж бэртсэн бөгөөд үүнээс дунджаар манай улсад жилдээ 1704 галын зөрчил, хэрэг гарч тэдгээрт 50 хүн нас барж, 28 хүн түлэгдэл бэртэл авдаг байна. Үүнээс нийт гал түймрийн 25.2%-д иргэдийн орон байранд гарсан бөгөөд нас барагсдын тоо 78%-ийг эзэлжээ. Хамгийн эмгэнэлтэй нь гал түймэрт өртөн амь насаа алдаж байгаа хүмүүсийн тал хувь нь буюу 57% нь хүүхэд, хүүхэд дотроо 3-6 насныхан хамгийн ихээр өртдөг байна. Тэгвэл өмнөх онтой харьцуулахад ой хээрийн түймэр 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж: “Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 29 түймэр гарчээ. Оны өмнөхтэй харьцуулвал 3.5 дахин ихэссэн. 29 түймрийн 80% нь иргэдийн хайхрамж болгоомжгүй үйлдлээс болж гарсан түймрүүд эзэлж байна. Үүнийг манайн албан хаагчид, тухайн орон нутгийн иргэдтэйгээ хамтарч богино хугацаанд унтрааж байна.”

Галын дуудлага өгсөн айл өрхүүд уулын орой, эгч өндөр газар буусан, зарим үед галын автомашин багтаж ороход бэрхшээлтэй нарийн гудамжтай байдаг зэргээс гал түймэрт өртсөн объектыг унтраахад хугацаа алдах тохиолдол байгаа.

Яг өнөөдрийн байдлаар Нийслэлийн ногоон бүсийн хэмжээнд ой хээрийн түймэр гараагүй байна. Ой хээрийн түймрийн гарч байгаа гол шалтгааны 90% нь болгоомжгүй үйлдлээс, үлдсэн 10% нь байгалийн хүчин зүйлс болох аянга, цахилгаан буух, химийн урвал явагдах, санаатай үйлдэл зэргээс үүдэн гардаг байна. Мөн хөдөө орон нутагт ч гал түймрийн зөрчил багагүй гардаг гэдгийг орон нутгаас мэдээлж байлаа.

“Ой хээрийн түймэртэй тэмцэх багаж хэрэгсэл улсын хэмжээнд нэлээдгүй дутагдалтай байгаа. Одоо ОХУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраагуур, цуравдагчаар бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ онд худалдан авалтаар хийж байгаа тоног төхөөрөмжүүд одоохондоо ирээгүй байна” гэж Т.Дуламдорж дарга хэллээ.\

Мөн галын дуудлага өгсөн айл өрхүүд уулын орой, эгч өндөр газар буусан, зарим үед галын автомашин багтаж ороход бэрхшээлтэй нарийн гудамжтай байдаг зэргээс гал түймэрт өртсөн объектыг унтраахад хугацаа алдах тохиолдол гарсаар байгаа гэсэн юм. Энд галын дуудлага өгөхдөө гэрийн хаяг, газрын байрлалаа тодорхой мэдээлж байх нь хамгийн чухал байгааг ОБЕГ-аас сануулж байлаа.