Ерөнхийлөгчийн Ухаалаг төр санаачилга үзэгчдийн саналаар шилдгээр тодров
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар гардан авла
2014.03.27

Ерөнхийлөгчийн Ухаалаг төр санаачилга үзэгчдийн саналаар шилдгээр тодров

“Bloomberg” телевизээс зохион байгуулсан“Bloomberg-2013” awards-ийн шагнал гардуулах ёслол өчигдөр орой боллоо. Үзэгчдийн үнэлэмжээр шалгаруулсан онцлох шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга хүртсэн юм.

Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар гардан авлаа. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга нь хамгийн их дэмжлэг хүлээсэн санаачилга болоод байна. Энэ зуунд улс шиг улс, төр шиг төртэй, эдийн засаг шиг эдийн засагтай, цоо шинэ өрсөлдөх чадвартай Монгол Улсыг байгуулах үндсийн үндэс нь Ухаалаг төр юм. 

Өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сарын 16-нд уг саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэвшүүлсэн.

Энэ саналыг хамгийн их дэмжсэн хүмүүс нь бизнесийн салбарынхан, сэхээтнүүд, Монголын бүх ард түмэн юм. Энэ концепцийг ажил хэрэг болгохын төлөө Ерөнхийлөгчөө дэмжиж нэг баг шиг ажиллая. Та нарт их баярлалаа” гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мөн тус телевизэд ярилцлага өгсөн юм.

Хөтлөгч: -“Bloomberg-2013” awards-ийн үзэгчдийн үнэлэмжээр шалгаруулсан онцлох шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга хүртлээ. Энэ санаачлагыг гаргасан үеэс эхлээд хүн бүр, байгууллага болгон дэмжиж ухаалаг төр рүү чиглэх болсон. Ухаалаг төрийн эдийн засагт өгч байгаа өгөөжийг та юу гэж тодорхойлох вэ?

П.Цагаан:  Монголын ард түмэн бол хамгийн торгон мэдрэмжтэй ард түмэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү”  санаачилгыг үзэгчид  тэрхүү торгон мэдрэмжээрээ шүүж шагналаа өгч байнаа гэж ойлгож,  талархаж байна. “Ухаалаг төр рүү” гэдэг бол зүгээр нэг чамин үг биш.

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаас хойш 103 жил өнгөрч байна. Өнгөрсөн 100 жилд бид хаант засагтай, Бүгд найрамдах засагтай, дараа нь захиргаадалтын засагтай байсан. 1990-2014 он хүртэл шилжилтийн засагтай байна. Ухаалаг төр яагаад хэрэгтэй, түүнийг Монголын ард түмэн яагаад дэмжээд байна вэ гэвэл Монгол Улсыг XXI, XXII зуунд ард түмнийхээ амьдралаар, эдийн засгийн хөгжлөөрөө, соёлоороо, бусад бүх үзүүлэлтээрээ дэлхийн хэмжээний улс шиг улс болгох тийм хэмжээний төр, засаг хэрэгтэй. Тэр нь Ухаалаг төр байх юм гэсэн санааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасныг Монголын ард түмэн соргогоор харж, мэдэрч, дэмжсэн. Тэднээс хамгийн их дэмжсэн хүмүүс бол бизнес эрхлэгчид, эрдэмтэн мэргэд юм. Ухаалаг төр бол их ажил, чимхлүүр ажил. Түүнээс гадуур хүн гэж байхгүй.

Ухаалаг төртэй болох юм бол Монгол Улс XXI зуунд хөгжлийн гайхамшгийг үзүүлж чадна. Тусгаар тогтнолоо хамгаалж чадна. Хүн бүрийн ярьдаг, мөрөөддөг улс болж чадна. Тиймээс ч Монголын ард түмэн дэмжсэн.Энэхүү олгож байгаа шагнал бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний багийнхан, санаачлагыг дэмжсэн нийт хүмүүсийн шагнал гэж ойлгож байна.

Хөтлөгч: -Ухаалаг төр санаачлагын хүрээнд хийх ажлуудын талаар та юу хэлэх вэ?

П.Цагаан: -Ухаалаг төр санаачилга хоёр том хэсэгтэй. Нэг нь улс төртэй холбоотой. Төр, засгаа төвхнүүлэх ажлаа ухаалаг хийе. Төр засгийн ухаалаг түшээдтэй болъё. Судалгаанд суурилсан шийдвэр гаргадаг байя. Түүнийгээ хэрэгжүүлдэг, хянадаг, тайлагнадаг хариуцлагатай улс төртэй байя.

Нөгөө талдаа эдийн засгийн салбарт хувийн өмч давамгайлсан, чөлөөт зах зээлтэй байя. Төрийн оролцоог багасгая. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компани байгуулахыг зогсоолоо. Зарим компанийг хувьчлах хэрэгтэй. Төр бол  бизнесийн сайн менежер биш. Өнөөдөр Монголын ДНБ-ний 75-80 хувийг хувийн сектор үйлдвэрлэж байна. Гэтэл одоогоос 24 жилийн өмнө энэ нь хориотой байсан.

Монгол Улс өнгөрсөн 24 жилд улс төр, эдийн засгийн хос шилжилтийг амжилттай хийж, дэлхийн, хүн төрөлхтний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан. Төр нь ч, эдийн засаг нь ч, бизнес нь ч ухаантай, нэг баг болж ажиллавал ирэх 24 жилд хөгжлийн гайхамшгийг бүтээх боломж байна. Ирэх 24 жилд жил бүр эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөх юм бол бидний амьжиргааны түвшин, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ, сайн сайхан байдал, мэдээллийн технологи, бүх зүйл дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны хэмжээнд хүрэх боломж байна. 2050 он гэхэд Монгол Улс дэлхийн өндөр хөгжилтэй орны эгнээнд хүрэх боломж бий. Түүнийг бодит байдал болгох хамгийн гол арга механизм, хөтлөгч нь Ухаалаг төр юм. Тиймээс Монголын ард түмэн дэмжиж байна гэж ойлгож байгаа.

Энэ санааг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт шаардагдана. Цаг хугацаа шаардагдана. Тэвчээртэй байх юм бол амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэлээ.