С.Бямбацогт:  Арван аймгийн 173 сумыг алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэлд хамруулахаар тусгажээ
2011.04.13

С.Бямбацогт: Арван аймгийн 173 сумыг алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэлд хамруулахаар тусгажээ

УИХ-ын нэр бүхий 30 гишүүн санаачлан,боловсруулсан Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өргөн барилаа. Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогтоос хуулийн төслийн талаар тодруулсан юм.

-Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөлд тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн ахуй амьдралд нэмэр болохуйц ямар саналыгтусгасанбэ?

-Хуулийн төсөлд алслагдсан боло н говийн бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалинг 20 хувь нэмэгдүүлэх талаар тусгасан байгаа. Энэ нь дээрх бүсийнхэн бусад нутгийнхны цалингаас 20 хувь илүү байна гэсэн үг. Мөн ажилласан таван жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал нэмж олгох заалт орсон байгаа. Харин ажилгүй болон малчид, хувийн хэвшлийнхэн зэрэг бүс ийн нэмэгдлийг шууд авч чадахааргүй хэсэг байна.Тиймээс гаалийн боомтоор орж ирж байгаа гурил, шар, цагаан будаа, элсэн чихэр, ногоон цай зэрэг бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөх, дизель түлшийг дээрх хоёр татвараас гадна онцгой албан татвараас чөлөөлөх заалтыг тусгаж өгсөн. Дээрх иргэдийн орлогыг нь нэмэгдүүлж чадахгүй юм бол, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах замаар зарлагыг нь бууруулах арга хэмжээ юм л даа. Мөн аж ахуйн нэгжүүд ажлын байр нэмэгдүүлсэн байвал хөрөнгө санхүү, зээл, татварын бодлогоор дэмжиж, хүн ам, аж ахуйн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх байдлаар асуудлыг шийдэж болохоор байгаа. Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох зэрэг эдийн засгийн бодлогоор дэмжих боломжтой. Гэхдээ энэ нь дараагийн ээлжид ярих асуудал.

-Алслагдсан бүс гэдгийг яаж тодорхойлох вэ. Говийнбүсийг яагаад нэмэгдэлд хамруулах болсон бэ?

-Улаанбаатараас хэр хол байна тэр хэрээр бараа бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Тэр хэмжээгээр ард иргэдийнх нь орлого буурч, амьжиргааны зөрүү гарч байгаа нь ойлгомжтой. Энгийн жишээ хэлэхэд, Улаанбаатарт нэг уут "Алтан тариа" гурил 16 мянган төгрөг байхад Ховдод 24 мянга байдаг. Ховдод нэг кг ноолуур 45 мянган төгрөгийн ханштай байхад нийслэлд 70 мянга байна шүү дээ. Энэ нь алслагдсан бүсийнхэн орлого багатай мөртлөө зарлага өндөртэй байгааг харуулж байгаа юм. Харин говийн бүсийнхэн бол цаг агаарын маш хүнд нөх-цөлд амьдарч байна. Байгаль цаг уурын хувьд үнэхээр эрс тэс уур амьсгалтай, температурын хувьд гэхэд 60 градусын зөрүү гардаг. Зундаа 30-40 градус хүрч халж, өвөлдөө 20-30 градусаас ч илүү ч хүйтэрдэг. Тиймээс бүсийн нэмэгдэлд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Алслагдсан бүс гэдгийг анх 1000 км-ээс алс гэж тодорхойлж байсан. Гэвч 900,, 700 дахь км-т байгаа аймаг, суманд ч гарцаагүй дээрх бэрхшээл тохиолддог. Тиймээс 1000 км гэж хатуу тогтоох нь буруу юм гэж үзэж, сум бүрт судалгаа хийж, амьжиргааны ялгаа байгааг тогтоосон. Алслагдсан бүсэд 91, говийн 82 сум бүсийн нэмэгдэлд хамрагдаж байгаа. Нийтдээ Монгол Улсын арав гаруй аймаг үүнд хамаарна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.