Цагаандэл-Өлзий боомт шинээр нээж, Алтанбулаг-Хиагтыг 24 цагаар ажиллуулна
Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн, олон зүйл өөрчлөгдөх аж.
2014.03.20

Цагаандэл-Өлзий боомт шинээр нээж, Алтанбулаг-Хиагтыг 24 цагаар ажиллуулна

Дөрөвдүгээр сарын 1-нээс Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн, олон зүйл өөрчлөгдөх аж.

Үүний нэг нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаандэл уул, ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны Өлзий уул гэдэг газарт авто замын шалган нэвтрүүлэх боомт шинээр нээх юм. Энэхүү Цагаандэл-Өлзий боомт байнгын ажиллагаатай байх аж.

Үүнээс гадна Алтанбулаг-Хиагт боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохоор болжээ. Манай улсад үүнээс өмнө хилийн боомтын тухай тусгай хууль байгаагүй.

Энэ асуудлыг хилийн тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоол, Монгол Улс- ОХУ, Монгол Улс-БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулж ирсэн юм. Өдгөө манай улсад нийт 46 боомт байгаагийн 29 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай хиллэдэг хилийн боомт бол дөрөв нь агаарынх.

Эдгээрээс 14 нь олон улсын, 11 нь байнгын ажиллагаатай, 14 нь түр, долоо нь дамжин өнгөрүүлэх боомт. Үүнээс 15 нь шалган нэвтрүүлэх барилгагүй, 23 нь алба хаагчдыг байрлуулах орон сууцгүй байгааг үе шаттайгаар шийдэх юм байна.