Ц.Даваасүрэн: Манайд өвлийн спорт  амжилттай хөгжих боломж байгаа
Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэн
2014.03.12

Ц.Даваасүрэн: Манайд өвлийн спорт амжилттай хөгжих боломж байгаа

УИХ-ын гишүүн, Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

 -Монголд тэшүүрийн спортыг мэдэх хүн бараг цөөрчээ. Хуучин бол эсгийн гутал дээр коньки зүүгээд хурдалдаг байлаа?

-Тийм шүү. Бидний үеийнхэн бүгд л хөлдөө тэшүүр углан гулгаж, хоккей тоглож нааддаг байлаа. Тэр дундаас авьяасаараа шалгарсан хүүхдүүд нь тэшүүрээр хичээллэж өндөр амжилт гаргадаг байсан. Тухайн үед өвлийн спортыг төрөөс бодлогоор дэмждэг байж. Цана, тэшүүрээс бусад өвлийн спортын төрлөөр, тухайлбал, уран гулгалтаар хүртэл дасгалжуулагч багш гадаадад бэлддэг байсан юм билээ. Тэшүүр бол сайн хөгжиж байсан.

Манай спортын мастер Цэнд гуай чинь тухайн үедээ Азийн рекорд амжилт хүртэл тогтоож байсан байдаг. Саяхан хүртэл 1990-2000 оны хугацаанд Азийн аваргаас тэшүүрээр гурван удаа медаль авч байсан, тивийн мөнгөн медальтай Ганболд гэж тамирчин бий. Эдийн засаг хүнд байсан тэр үед шүү дээ. Энэ бол манайд тэшүүрээр амжилт гаргах боломж байгааг хэлээд байгаа юм.

-Тэшүүрийн тамирчид олимпод хэзээнээс оролцох боломжтой вэ. Сочигийн олимпод тэшүүрийн нэг ч тамирчин оролцоогүй байтал таныг олимпод яваад ирсэнд гайхах хүмүүс байна?

-Одоо Азиас Япон, Солонгос, Хятад, Казакстан гэсэн дөрвөн орон л тэшүүрээр амжилт гаргаж байна. Сүүлийн үед Тайванийн тамирчид гарч ирж байгаа. Уг нь тэшүүрээр амжилт гаргах хамгийн өндөр боломжтой Азийн тав дахь улс Монгол гэж олон улсын мэргэжилтнүүд үздэг. Гэтэл бид тэр хүлээсэн амжилтыг гаргаж чадахгүй байна. Энэ нь зуны бэлтгэл дутагддагтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, зундаа гулгах өвлийн спортын ордон манайд алга байна шүү дээ. Тамирчин хүн байнгын бэлтгэлтэй байж л дэлхийн хэмжээний амжилт гаргах нь тодорхой.

-Ерөнхийлөгчийн зүгээс өвлийн спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан нь цаашид хөгжих үүд хаалгыг нээв бололтой?

Манайд Азид өөр хаана ч байхгүй зуны бэлтгэл хийх байгаль, цаг агаар байна.

-Сая олимпийн дараа Ерөнхийлөгчийн зүгээс өвлийн спортын хөгжүүлэх талаар зарлиг гаргаж, Засгийн газраас өвлийн спортын ордон барих шийдвэр гаргалаа. Энэ бол дараагийн олимпод манай тамирчид оролцох боломжийг бүрдүүлж өгч байгаа хэрэг юм. Манайд Азид өөр хаана ч байхгүй зуны бэлтгэл хийх байгаль, цаг агаар байна. Төрөлхийн авъяастай, байгалиасаа заяасан тамирчид нь байгаа. Халуун газар өвлийн ордон байлаа ч дараа нь халуунд гадагш гарахдаа бэлтгэлээр олж авсан зүйлээ хөлрөөд алдчихдаг.

Тиймээс Азийн тамирчид манайд өвлийн ордон баригдвал зуны бэлтгэлээ хийх санал тавьж байгаа. Мөн манайх шиг далайн түвшнээс 1400-2000 метрийн өндөртэй газар хамгийн сайн нягтралтай, гулгалт сайтай мөс байдаг. Ийм мөсөн дээр тэшүүрчид амжилтаа ахиулах гэж ирж гулгадаг. Нөгөө талаар манайх шиг ийм цаг агаартай орчинд хүний тэсвэрийн булчин илүү хөгждөг юм байна. Энэ бүхэн бол манайд өвлийн спорт амжилттай хөгжих боломж байгааг харуулж байгаа юм. Олимпод оролцсоны хувьд бол би Тэшүүрийн холбооны тэргүүн гэдгээр бус Монголын олимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүний хувиар өвлийн олимпийн багаа ахалж оролцсон юм.

-Та Сочигийн өвлийн олимпод оролцоод ирлээ. Энэ удаагийн өвлийн олимпийн талаарх бодлоо хуваалцахгүй юу?

-Оросууд өндөр ач холбогдол өгч, маш өндөр түвшинд зохион байгууллаа. Ийм бүтээн байгуулалт хийгдсэн олимп өмнө болж байгаагүй гэдгийг олимпийн мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байсан. Үнэхээр гайхамшигтай бүтээн байгуулалтыг хийсэн юм билээ. Аюулгүй байдлын хувьд ярих юм байхгүй. Өмнө яригдаж байсан эрсдэлтэй зүйлүүд огт гарсангүй. Маш сайн зохион байгуулалттай олимп болсон.

-Монгол орон эрс тус уур амьсгалтай өвлийн спорт өндөр хөгжих боломжтой орнуудын нэг. Гэтэл өвлийн спорт гэдэг манайхны хувьд холын зүйл мэт санагдсаар байна. Тамирчдын амжилт гэхэд л Африкийн орны тамирчдын хэмжээнд байгаа санагдах юм?

-За тэр Африкийн түвшинд гэдэг ч худлаа. Би өмнө Казакстанд болсон Азийн өвлийн наадам дээр зарим орны тамирчдын гулгаж байгааг хараад манайхан ч тэднээс хол илүү юм гэдгийг ойлгосон. Дээр би хэлсэн шүү дээ, Азидаа бол тав дахь өвлийн спортын хөгжилтэй орон гэдгийг. Манай өсвөрийн хүүхдүүд дэлхийн хэмжээнд уралддаг юм шүү дээ.

Оролцсон тэмцээн бүрээсээ медальтай ирдэг. Би нэг жишээ хэлье. Өнгөрсөн жил Сингапурт болсон өсвөр үеийнхний тэмцээнд дээр гадныхан манай хүүхдүүдийн тэшүүрийг хараад голж, шоолж байснаа уралдаад барахгүй болохоороо “Mongolia” гээд хашгирч дэмжиж байсан тухай манай хүүхдүүд надад ярьж байсан. Үнэхээр төрчихсөн авъяастай хүүхдүүд манайд бий. Үүнийг л жаахан дэмжээд, түлхээд өгчихөөд л дэлхийн хэмжээний тамирчид манайхаас төрнө. Норвеги таван сая гаруй л хүнтэй улс.

Гэтэл өвлийн олимпод амжилтаараа хоёрт зогсож байна. Хүн ам ихтэйдээ биш, орчныг бүрдүүлээд өгчихвөл ийм амжилт гаргаж болдгийг харуулж байна шүү дээ. Би манайхаас дэлхийд улс орноо сурталчлах хэмжээний өвлийн спортын Виктор Ан шиг тамирчин төрнө гэдэгт эргэлздэггүй. Спортын гол ач холбогдол спортоор дамжуулж улс орноо сурталчлах явдал. Сая л гэхэд олимпийн нээлтийг дэлхийн гурван тэрбум гаруй хүн нэгэн цагт үзсэн гэсэн судалгаа гарсан байна билээ. Бид хоёр тамирчныхаа буянаар олимпийн ордонд далбаагаа намируулаад Монгол гэдэг улс байдгийг харууллаа. Өөр ийм цар хүрээтэй сурталчилгаа хаана ч байхгүй. Бид л эндээ Чингэсийн монгол гээд хөөрөөд байхаас биш. Гадаадад очоод асуухаар манайхыг мэддэг хүн ч маш цөөхөн байдаг юм шүү дээ.

-Засгийн газрын хуралдаанаар өвлийн спортын ордон барихаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг шуурхайлах хэрэгтэй байх. Өвлийн спортын ордон барих хэмжээний төсвийг улс гаргах болов уу. Төсөвт өртөг хэд болох бол?

р 400 метрийн гүйлтийн болон хоккейн талбайтай олон улсын стандартын шаардлага хангасан өвлийн ордон барихад наад зах нь 25 сая ам.доллар байх тооцоо гардаг юм.

-Өмнө төсөвт есөн тэрбум төгрөг суулгаад, өвлийн спортын ордон барих гэтэл хөрөнгө мөнгө нь дутаад барьж болоогүй. Одоо ч төсөв дээр энэ хөрөнгө байж байгаа. Ер 400 метрийн гүйлтийн болон хоккейн талбайтай олон улсын стандартын шаардлага хангасан өвлийн ордон барихад наад зах нь 25 сая ам.доллар байх тооцоо гардаг юм. Зардлаа нөхөхийн хувьд асуудалгүй юм билээ.

Азийн халуун бүсийн тамирчид зуны бэлтгэлээ манайд хийхээс авахуулаад орлого олох боломж нээлттэй байгаа юм. Азийн тэшүүрийн холбооны удирдлага Япон, Солонгос зэрэг орны тамирчдын зуны бэлтгэлийн бааз манайд байгуулах санал тавьдаг. Жишээ нь, Солонгосоос жилдээ 200 гаруй тамирчид зуны бэлтгэлээ Калгарт очиж хийдэг юм билээ. Монголд болсон Азийн аваргаас хойш манай Хандгайтын мөсийг хамгийн сайн нягтралтай гэж үнэлдэг болсон юм билээ.

 -Манай монголчууд олимпод оролцогч тамирчдаасаа өндөр амжилт нэхдэг болсон. Олимпод уралдсан тамирчдыг сайн муу хоёр янзаар тайлбарлаж байна. Үүн дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Дээр би олимпод оролцохын гол ач холбогдол бол улс орноо сурталчлах явдал гэж хэлсэн шүү дээ. Дэлхийн 200 гаруй улсаас 85 улс л саяын олимпод оролцож улс орноо сурталчилсан. Бусад нь чадсангүй. Энэ боломжийг манай хоёр тамирчин л олгосон. Тэд маань байхгүй бол тэр жагсаалд Монгол Улс байхгүй. Тийм биз. Тэр талаас нь илүү харах ёстой. Тамирчнаа харж баясахаас энэ ач холбогдол нь илүү юм. Тэр муугаар бичээд байгаа нөхөр ер нь улс орноо сурталчлахад ямар нэг хувь нэмэр оруулсан болов уу. Гэтэл энэ хоёр маань дэлхийд Монгол Улс гэж байдгийг харуулсан.

-Манай тамирчид зуны олимпод хангалттай сайхан амжилт гаргаж байна. Хоёр тамирчнаа муу уралдсан гэж байгаа юм биш. Харин өвлийн олимпод оролцсон нэрнээс цаашгүй шахам байна л даа. Өвлийн спортыг хөгжүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?

 -Тамирчдаа амжилт гаргах нөхцөлийг нь бүрдүүлж өгөөгүй байж өндөр амжилт шаардах нь хэрээс хэтэрсэн асуудал юм. Манай тамирчдын нөхцөлийг нь  бүрдүүлээд өгвөл ямар амжилт гаргадгийг сумогоос бид хангалттай харж байна.

-Уналтад ороод байсан жүдо бөх, чөлөөт бөхийг мөнгөтэй хүмүүс авч явж эхэлснээс хойш тамирчдын амжилт эрс өөрчлөгдсөн. Өвлийн спортыг мөн тэгэх ёстой юу?

-Ер нь спортын амжилт хөрөнгө мөнгөнөөс шууд хамаардаг. Өвлийн спортын ордныг барихад мөнгө л шаардагдана. Төр гэхгүй тал талаасаа спортыг дэмжих ёстой. Сая л гэхэд “Гоёо” компани бидний олимпод жагсах хувцсыг Италиас үнэтэй дизайнер авчирч хийлгүүлж өгсөн. Бидний

Хувцас улс орнуудын дунд дээгүүр үнэлэгдсэн нь тэдний маань л ач тус шүү. Танай сониноор дамжуулж дахин талархал илэрхийлье.

-Энэ удаагийн өвлийн олимпийн талаар хүн бүр л ам сайтай байна. Таныхаар энэ удаагийн олимп хэр болов?

-Сайхан сэтгэгдэлтэй үлдэж байна. Анх удаа Т\/5 телевиз олимпийн гол тоглолтуудыг эх хэл дээрээ олон түмэндээ хүргэлээ. Үүнээс өвлийн спортод хандах хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа. Тиймээс ч төр, засгаас өвлийн спортыг хөгжүүлэх шийдвэр гаргаж, тэр дор нь өвлийн спортын ордон барихаар боллоо. Энэ удаагийн олимпоос бидэнд үлдэх зүйл бол энэ юм.

-Цас мөсний орон Монгол Улс олимп зохион байгуулах боломж хэр байдаг бол?

-Боломж бий болно. Бидний иргэддээ тараасан 21 мянган төгрөг чинь саяын олимпийн тосгоны чимэг болсон таван ордныг барих хэмжээний мөнгө байсан юм шүү дээ. Энэ чинь ийм хэмжээний байгууламжийг барих чадалтай болсныг харуулж байна. Мөн нөгөө талаар хөрөнгийг бодлоготой, зөв зарцуулах ёстой гэдгийг хэлээд байгаа юм.

Казахстан улс олимп хүлээн авах хэмжээний өвлийн спортын байгууламжууд барьчихсан, 2020 оны олимпийг хүлээн авах тухай бодож байна шүү дээ. Бид яагаад болохгүй гэж. Зөв ашиглаж чадвал, байгальд маань тэр байгууламжуудыг нь хийчих мөнгө хэвтэж л байна.