Сонгуулийн сурталчилгааны хугацааг  2-3 сар болгох санал гаргав
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.03.11

Сонгуулийн сурталчилгааны хугацааг 2-3 сар болгох санал гаргав

Монголын ногоон нам (МНН)-аас өчигдөр УИХ-д суудалгүй намуудын дунд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа хэлэлцүүлэгт оролцож, улс төрийн намын төлөөллүүдэд мэдээлэл өгсөн. Техникийн Ажлын хэсэг төслийн суурийг бичиж дуусгажээ. Үүндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгасан дэвшилт заалтуудыг оруулсан байна.

Одоо үүн дээр сонгуулийн тогтолцооны холимог системийн харьцаа, санхүүжилт зэрэг бодлогын гол зүйлүүдээ нэмэх дутуу байгаа гэнэ. Бодлогын асуудлаар намууд, төрийн бус байгууллага, судлаачид, иргэдийн саналыг авсаар байгаа юм. Аймаг, нийслэл, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийг зохион байгуулах нийтлэг харилцаанаас ижил зүйлүүдийг төсөлд нэгтгэж байгаа. Төсөл боловсруулахдаа анхаарч өөрчлөх гол зүйлсийн нэг нь сонгуулийн зардлыг бууруулах явдал гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа онцолсон.

Ингээд улс төрийн намууд саналаа бичгээр Ажлын хэсэгт илгээхээр болсноор хэлэлцүүлэг өндөрлөсөн. Үүний дараа Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагаас зарим зүйл тодрууллаа.

-Үндсэн хуулийн Ажлын хэсгийн ахлагч нь УИХ-д нэр дэвших насны босгыг 40 болгоно гэсэн байна лээ. Та түрүүн насны босго 25 хэвээр байна гэж хэлсэн...

-Бид Үндсэн хуулийн Ажлын хэсгийг хүлээж нэлээд цаг алдсан. Тэгээд одоо хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуульдаа нийцүүлж төслөө боловсруулж байна.

-Жагсаалтаар сонгогдсон хүм үүсийг 2016 онд тойрогт өрсөлдөх боломж олгохгүй гэсэн мэдээлэл гараад байна. Үнэн үү?

-Тэрийг хуулиар заахгүй, нам дотроо хэнийг, хаана нэр дэвшүүлэхээ шийднэ.

-Нэг мандат, нэг тойрог гэсэн зарчим баримтлахаар тохирсон. Нэг тойрог хэдэн сонгогчтой байх юм бэ?

-Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгжийг харгалзаж тойргоо байгуулна. Одоо судалгаа хийж байгаа учраас тодорхой тоо гараагүй байна. Өмнө нь СЕХ-ноос тойрог байгуулах саналаа ирүүлж, УИХ баталдаг байсан бол одоо тусгай нэгж байна.

-Бүсгүйчүүдийн нэр дэвших квотын хэмжээг 20 хувиас илүү тусгах бодолтой байгаа гэж байсан. Хэдэн хувь болгох вэ?

-Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагынхан болон төрийн бус байгууллагаас 30 хувийн квот тогтоох санал гаргасан.