Сум бүрт 5 тэрбум төгрөг ногдоно
“Сумын төвийн шинэчлэл” төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан аймаг сумын засаг дарга нарт мэдээлэл өглөө.
2014.03.05

Сум бүрт 5 тэрбум төгрөг ногдоно

"Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр"-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын хөтөлбөр бий.

Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд 16 аймагт тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа.

Энэ онд Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг сумыг шинэчлэх юм.

Түүнчлэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах”  МОН/13/302 төслөөр 8 сумын төвд төсөл хэрэгжүүлнэ.

Сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин байгуулах “Сумын төвийн шинэчлэл” төслийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан аймаг сумын засаг дарга нарт мэдээлэл өглөө.

Чухам аль сумыг сонгож шинэчлэх талаарх саналыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумдын Засаг дарга нараас авч  БХБЯ-ны зүгээс шаардлага, нөхцөл хангаж буй 16 сумыг сонгожээ.  Ингэхдээ сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумаас үйлчилгээ хүргэх боломжтой байх, ойрын таван жилд гадаад дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн үндсэн шаардлага тавьжээ.

Төсөл хэрэгжүүлж буй сумдад дэд бүтэц бий болгосноор хүн амын хэт бөөгнөрөл, их нүүдэл саарна.

Төсөл хэрэгжүүлж буй сумдад дэд бүтэц бий болгосноор хүн амын хэт бөөгнөрөл, их нүүдэл саарна. Сумын төвийн бүрэн дунд боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг инженерийн дэд бүтцэд холбосноор иргэдийн ая тухтай амьдрах, орон нутагт тогтвортой суурьших нөхцөл бүрдэх юм.

Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд сум бүрт 5 тэрбум төгрөг ногдож байгаа бол НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн төслийн санхүүжилт нь 200 мянган ам доллар байна. Энэхүү хөрөнгөөр сумандаа тохирсон инженерийн дэд бүтэцтэй болох ёстойг  салбарын сайд аймаг сумын засаг дарга нарт зөвлөлөө.

БХБ-ын сайд Ц.Баярсайхан:  “Бидэнд 80 тэрбум төгрөг байна. Нэг суманд таван тэрбумыг өгч шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ. Энэ бага мөнгө биш. Нэг зүйлийг хатуу хэлмээр байна. Энэ мөнгөөр Тамгын газрын байр мэтийн зүйл барьж болохгүй. Инженерийн шугам, сүлжээ зэрэгт зарцуулж, сумдын иргэдийн тав тухтай амьдрах боломжийг л ханга” гэсэн юм.

Уг уулзалтанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг  оролцож, төсөл хөтөлбөрийг үр дүнтэй гол нь иргэддээ наалдацтай ажил хэрэг болгохыг орон нутгийн удирдлагуудаас хүслээ. Баянхонгор аймагт хэрэгжүүлсэн “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн нийт өртөг 10 тэрбум төгрөг байсан бөгөөд  хуучин сумын төвийн хажууд дахин шинэ төв барьж байгуулсан. 

Сайн тал бий ч сумын төвд  ахадсан байгууламж болсон дутагдал ч байгаа.  Сумдад олгож байгаа таван тэрбум төгрөг угтаа 10 тэрбум байсан ч хэтэрхий үр ашиггүй зүйлд зарцуулж байна гэсэн үндэслэлээр хоёр дахин багасгасан. Хэт данхайсан барилга битгий барь.  Энэ нь буцаад ашиглалтын зардал маш их гаргаж байна. Өөрсдийнхөө хэмжээнд таарсан юм барь. Гэхдээ чанартай. Өнөөдөр Баянхонгор аймаг хуучин сургуулиасаа хоёр дахин том сургууль барьсан байна. Өөрөөр хэлбэл, сурагчид нэг ээлжээр хичээллэдэг болсон. Ингэх ямар шаардлага байна” гэж ярив.

Төсөл хэрэгжих аймаг сумдын удирдлагуудад Барилга, хот байгуулалт, Эрчим хүч, Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас мэдээлэл өгөхөөс гадна 100, 150, 250 м3/ хоног цэвэрлэх байгууламжийн технологийн шийдэл, төлөвлөлттэй холбоотой анхаарах зүйлүүдийн талаар  мэдээлэл өглөө.  Мөн  Нисэхийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг газар дээр нь танилцуулах юм.