Блүүмбэргтэй ярилцах цаг
2014.02.28

Ж.Бат-Эрдэнэ: 4G технологийг нэвтрүүлснээр интернетийн хурд тав дахин нэмэгдэнэ

Монголын цахилгаан холбоо компани 4G технологийг нэвтрүүлэх судалгааг хийж дуусгасан. Төслийн эхний хөрөнгө оруулалт 500 сая америк доллар. Харин төслийг бүхэлд нь амжилттай хэрэгжүүлэхэд 1,9 тэрбум доллар шаардлагатай. Улаанбаатар хотын хэрэглэгчид 18 сарын дотор буюу жил хагасын хугацаанд, харин улсын хэмжээнд дөрвөн жилийн дараа гэхэд 4G үйлчилгээнд холбогдох тооцоог компаний зүгээс гаргажээ.

Төсөл амжилттай хэрэгжвэл Монголын Цахилгаан Холбоо компани суурин утасны зах зээлээ тэлэх боложмтой болно. Ингээд тус компаний захирал Ц.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

- Энэ технологийг нэвтрүүлэхэд техник, тоног төхөөрөмжийн ямар өөрчлөлтийг хийх вэ? Шууд хүлээж авах нөхцөл хүн амын дунд бүрдсэн үү?

4G технологийг нэвтрүүлэхэд хэд хэдэн зүйл шаардлагатай. Нэгдүгээрт харилцаа холбооны салбарын хэрэглэгчид 4G-д шилжихэд бэлэн байх хэрэгтэй. Хоёрдугаарт 4G-гийн зах зээлд хөрөнгө оруулах бололцоо бүрдэх ёстой. Гадны байгууллагуудтай хийсэн судалгаагаар 4G үйлчилгээний дэд бүтцийг харилцаа холбооны салбарын аж ахуй нэгжүүдэд байгуулах хэрэгтэй гэдэг нь тодорхой болсон. Уг үйлчилгээний эрэлт хэрэгцээ их байна гэсэн үг.

Манай компани Солонгосын корпорацитай хамтраад 4G-гийн дэд бүтцийг бий болгож түүн дээрээ үндэслээд бөөний урсгалын сүлжээний үйлчилгээг нэвтрүүлэх бизнес загварын судалгаа хийсэн. Судалгаанаас харахад бидний хэрэглээд 4-5 жил болсон 3G үйлчилгээний хэрэглээ дөнгөж 17 хувьтай байна. Харин хэрэглэгчдийн гар дээр буй төхөөрхөмжийг аваад үзэхээр бараг 30 хувьтай болчихсон. Тэгэхээр 4G үйлчилгээний хэрэгцээ зайлшгүй гэж дүгнэж болно. Дээр дурьдсан бизнес загварын дагуу хөрөнгө оруулалтын өгөөж 28 хувьтай гарч буй учраас уг төслийг Монголд хэрэгжүүлэх бололцоотой.

Ямар технологи, ямар хөрөнгө оруулагчийг сонгохоос шалтгаалаад хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй. Бид эрсдлийг тооцож, үндэсний аюулгүй байдалд тулгуурласан технологийн судалгааг хийсэн учир өртөг өндөр гарч байгаа. 406 нь сая доллараар сумын төвийн түвшинд хүртэл 4G технологийг нэвтрүүлж болно.

- 4G үйлчилгээг ашиглах боломжтой хүмүүсийн тоо 30 хувь гэж та хэллээ. Энэ хүмүүсийн ихэнх нь Улаанбаатар хотод амьдардаг. Тэгвэл үүсэх ачааллыг зохицуулах талаар судалгаа хийсэн үү?

Ачааллыг балансжуулна гэдэг бол бизнесийн үр ашгийн үндсэн загвар. Ухаалаг утас хэрэглэгчдийн олонхи нийслэл, аймгийн төвүүдэд байдаг учраас эхний ээлжинд тэдний хэрэглээний урсгалыг идэвхжүүлэх чиглэлд, өөрөөр хэлбэл хүн ам ихээр төвлөрсөн хэсэгт  хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өгөгдлийн урсгал бага газарт хөрөнгө оруулвал бизнес эрсдэлд орно. Тэгэхээр төсөл Улаанбаатараас орон нутаг гэсэн чиглэлтэй хэрэгжинэ.