Г.Баасан: Шүүхийн хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадвал Монголчуудад том аз жаргал ирнэ
Монголын Ахмадын Чөлөөт Холбоо, Хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах төвийн тэргүүн Г.Баасан
2014.02.28

Г.Баасан: Шүүхийн хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадвал Монголчуудад том аз жаргал ирнэ

Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн үзэл бодол, итгэл үнэмшлийг тандах зорилгоор зарим хүмүүсийн хэлсэн үгэнд анхаарлаа хандуулъя. Шүүхийн шинэтгэл бодит амьдралд хэрэгжиж байгаа өөрчлөлтийн талаар хэн, юу хэлснийг нэг дор тогтож, тунгаахаар шийдлээ.

Монголын Ахмадын Чөлөөт Холбоо, Хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах төвийн тэргүүн Г.Баасан:

- Хүний эрхийн төлөө ардчилсан нийгмийг бий болгоход би өөрийн хувь нэмрээ эхнээс нь оруулсан, цаашид ч үүнийхээ төлөө зүтгэнэ. Шүүхийг шинэчлэхийн эсрэг улс төрийн аргаар олон жил хүний эрхийг хоморголон зөрчсөн, зөрчдөг, олон түмний нэрээр халаасаа зузаалдаг, албан тушаалаараа далимдуулж бусдыг хохироодог, залилдаг сувдаг сэтгэлтэнгүүд л саад хийж, чөдөр тушаа болж, ар өврөөс нь зулгааж цаг үрэх нь дээ.

Шүүх засаглал бие дааж, хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадвал монголчуудад том аз жаргал ирэх нь тэр ээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бага зардал гаргаж, их ашиг олох багаж хэрэгсэл гэж хуулийг баталдаг гэж үздэгээ өөрөө хэлжээ. Монголчуудыг шулж мөлждөг, ядууруулдаг бодлогоо баталсан хуулиараа дамжуулж хийдэг аймшигтай харгис хүн болохоо илчиллээ. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг боловсруулахдаа 12 тэрбумыг олно гэж тооцоолоод 15 тэрбумыг олоод таван тэрбумыг хохирогчид өгөөд 10 тэрбум нь ашиг олсон гэсэн байна.

Уг нь хууль ашиг олох бус нийгмийн зүй зохистой харилцааг зохицуулах л үүрэг хүлээмээр санагдах юм. Шүүгч гэдэг нь үүссэн маргааныг хэнд ч мэдрэгдэхээр шударга шийдвэрлэж чаддаг, үүнээс өөр шударга шийдвэр гаргах боломжгүй байжээ гэж шууд хүлээн зөвшөөрөх хэмжээгээр шүүж чаддаг байх хүмүүсийг хэлнэ.

Хүмүүсийн ярьж байгаагаар харилцааны соёлоосоо эхлээд өөрчлөлт гарч байна гэж үзэж байна

Ингэж ажиллахын тулд шүүх бие даасан, хараат бус байх гол нөхцөл нь шүүх засаглалаа санхүү мөнгөөр дутаадаггүй, шүүгч нар нь шударга ёсны төлөө өргөсөн хатуу тангарагтай, өндөр цалинтай, туйлын хариуцлагатай, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёс суртахуунтай, сурч боловсорсон, амьдралын нарийн зовлон жаргалыг ялгаж салгах чадвартай, өөртөө шүүмжлэлтэй, хяналттай хандаж чаддаг, Үндсэн хуулиа амьдралд хэрэгжүүлэх гэж байгаагаа бүрэн ухамсарласан байвал зохилтой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ярилцлагадаа Үндсэн хуульд нийцүүлэх ажил дууссан гэж хэлсэнд’маш их харамсаж байна. Энэ хүн аргагүй л хуучинсаг гэдгээ эрх зүйн салбарынхны өмнө нотоллоо. Хүмүүсийн ярьж байгаагаар харилцааны соёлоосоо эхлээд өөрчлөлт гарч байна гэж үзэж байна. Нийгэм эмх замбараатай, бурууг цээрлүүлдэг, зөвийг олж тогтоодог болъё гэж байгаа бол шүүгчдийнхээ цалинтай барьцах нь туйлын буруу. Монголчууд хууль хяналтын байгууллагыг танил талын, авлигажсан, ялсан намын гар хөлийн байгууллага гэж хардаг бас итгэдэг болсон үед бид амьдарч байна.

Төр засгийн бодлогоор шүүхийг шинэчлэх ажил хэт оройтсон боловч хойч үеэ өнөөдрийнх шиг байлгахгүйн тулд шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн нь  тун зөв. Миний хувьд эрх зүйн орчин үеийн мэдлэг эзэмших гэж зорьж суралцсан хүний хувьд хүсэл төрөх байтугай, бодит болгохын төлөө хувь нэмрээ оруулж, чадах зүйлээрээ тусална гэж бодож байна. Харин шинэчлэл маань их л удаан явагдаж байна. Бэлтгэл ажил, бас эсэргүүцэл гээд нэлээд зовлон байгааг би ойлгож байна.Ийм орчинд шүүхийн шинэчлэл шиг хэрэгтэй зүйл алга.