Монгол Улсын төрийн намуудын удирдлагууд уулзав
2014.01.29

Намуудын удирдлагууд тунхаг бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын төрийн намуудын удирдлагууд нээлттэй уулзалт зохион байгуулав.

МАН-ын дарга М.Энхболдын санаачилгаар 2013 оны арваннэгдүгээр сарын 13-нд улс төрийн намуудын дарга нарын анхдугаар уулзалтыг зохиож, үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон, харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлсэн санамж бичгийг байгуулсан. Улс төрийн намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар энэ удаагийн уулзалтаар уг санамж бичгээ бататгаж, тодорхой асуудлуудыг тусгасан тунхаг бичигт гарын үсэг зурлаа.

Тэд Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлтийг засах зайлшгүй шаардлагатай, мөн Монгол Улсын засаг захиргаа хэт давхардсан, үрэлгэн тогтолцоотой байгаа учир үүнийг Үндсэн хуульд зааснаар өөрчлөх хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.

Өнөөгийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа нь төрийн эрх барих дээд байгууллага парламентыг эрх зүйн чадамжгүй болгож байна. Үүний нэгээхэн жишээ Засгийн газар улсын төсвийн 7.4 их наяд төгрөгтэй тэнцүү шахам хэмжээний мөнгийг төсөл, хөтөлбөр, бонд нэрээр төсвөөс гадуур, хяналтгүй зарцуулж байгаа нь УИХ гүйцэтгэх засаглалаа хянаж чадахгүй болсны илрэл.

сонгуулийг бага зардлаар явуулдаг байх хувилбарыг ч дэмжлээ.

Тиймээс эрх мэдлийн давхар дээлийг дан болгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Мөн сонгуулийг бага зардлаар явуулдаг байх хувилбарыг ч дэмжлээ.

Улс төрийн намуудын дарга нар иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа болсон улс төрийн намуудын шинэчлэл, төлөвшлийн асуудлыг хөндөн ярилцсан байна. Намуудын гишүүнчлэл, санхүүжилт, өмч хөрөнгө, боловсон хүчний бодлогын асуудал зэргийг эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар шийдвэрлэх нь зүйтэй.

Түүнээс бус эрх баригчдын ярьсан шиг парламентад суудалгүй улс төрийн намуудыг шууд татан буулгах замаар асуудлыг шийдвэрлэх гэж оролдох нь хэтэрхий бүдүүлэг алхам гэж уулзалтад оролцсон улс төрийн намуудын дарга нар үзжээ. Тиймээс Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулж, саналыг нь тусган батлах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.