МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.01.22

Х.Амгаланбаатар: Зөв оновчтой нэмэгдлийг салбар бүр хийх шаардлагатай

Оны дараагаар нэмэлт цалингийн санхүүжилт болох 110 тэрбум төгрөг салбар бүрийн дансанд орчихсон байгааг албаныхан мэдэгдлээ. Харин одоо цалин тэтгэвэр нэмэхэд тооцоо судалгааны ажил л үлдсэн гэлээ.

Энэ удаа цалин тэтгэврийн нэмэгдлийг нилээн ул суурьтай нухацтай тооцож олгохоор нийгмийн зөвшлийн гурван талт хорооныхон санал нэгдсэн байна. Өмнө нь өндөр цалинтай удирдах ажилтан, бага цалинтай ч бай адил хавтгайруулан нэмдэг байсан. Энэ нь цалингийн нэмэгдэл болж чадахгүй нэг ёсондоо зорилтод хэсэгтээ хүрч чаддаггүй хэмээн шүүмжлүүлдэг байсан.

Тэгвэл энэ удаа хэнд ямар хэмжээний цалин хэрхэн олгохыг ажлаа мэддэг тухайн салбарын ажил олгогчдод хариуцуулахаар болсон байна. ингэснээр бага цалинтай хэмээн гомдол гаргадаг багш, сувилагч нар үе шаттайгаар ажлынхаа үр дүнгээр цалингаа бодитойгоор нэмүүлэх боломж бүрдэнэ гэж үэзж байна.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:

Салбарт нь цалин нэмэх эрхийг нь олгож байгаа. Тэгэхээр ямар мэргэжлийн хүнийг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ гэдгийг тухайн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, ажил олгогч, мөн тухайн салбарын яам хэлэлцээрт орж асуудлыг шийдэх боломжийг олгосон. Тэгэхээр эрүүл мэндийн салбар гэхэд асрагч сувилагч нарын цалин нилээн доогуур байдаг.

Энэ хүмүүсийн цалинг бусад мэргэжлийн хүмүүсээс арай илүү нэмэх бололцоо бүрдсэн. Салбар бүрийн цалингийн фонд дээр 110 тэрбумын хуваарилалт хийгдсэн байгаа. Зөв оновчтой нэмэгдлийг салбар бүр хийх шаардлагатай. Цалингийн нэмэгдэл хойшлоод өндөр хувиар нэмэх нь адилхан нөхөгдөөд орлого болно. цагаан сараас өмнө нэмэх бол сөрөг нөлөө бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болов уу гэдэг олон зүйлийг харгалзаж байж тухайн салбарт цалин нэмэх нь зүйтэй хэмээн үйлдвэрчний эвлэл үзэж байна.

Одоогоор салбаруудад судалгаа тооцооны ажил сайтар хийж дүгнэлтээ гурван талт зөвшилцлөөр шалгуулах ажил үлдэж байгааг хэлсэн. Мэдээж цалин нэмэх сургаар барааны үнэ, инфляци өсдөг түүхийг давтахгүйн тулд хэзээ хэрхэн нэмэхээр олон нийтэд зарлахгүй байр суурь хэвээрэй байгаа юм.