Ч.Улаан: Тав дахь Засгийн газартайгаа ажилласан хүний хувьд сэтгэл хангалуун байна
Сангийн сайд Ч.Улаантай ярилцлаа.
-Одоогоос жил гаруйн өмнө 2013 оны улсын төсвийг баталсны дараа та шинэчлэлийг эхлүүлсэн төсөв боллоо гэж тодотгож байсан. Өнгөрсөн 2013 онд энэ зорилт үнэхээр хангагдаж чадав уу?
-Улс орны маань амьдралд нэг бүтэн жил дууслаа. Үйл ажиллагаа, явц хандлага, хүрсэн түвшний хувьд тодорхой дүгнэлт хийх бололцоо бүрдэж байгаа ч чанар, үр дүнгийн талаар бодитой дүгнэлтийг төсвийн тайлан гарсны дараа өгөх нь ойлгомжтой. Бид 2013 онд Нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай шинэчилсэн хуулиудыг багцаар нь хэрэгжүүлж, төсвийн цоо шинэ тогтолцоонд шилжиж байна.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу улсын төсвийн нэгдсэн удирдлага, хяналтыг сайжрууллаа. Төсвийг урт хугацаагаар үр дүнгийн шалгуураар төлөвлөж хэрэгжүүлдэг боллоо. Энэ оноос төсвөө бүрдүүлэх, захиран зарцуулах, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээлгэх эрх мэдэл, үүрэг хариуцлагыг орон нутагт шилжүүллээ.
Төсвийн эрх захирагчид бүгд ард түмний хяналт дор ил тодоор ажилладаг тогтолцоотой боллоо. Төсвийг боловсруулахаас эхлээд хянаж батлах, хэрэгжүүлэх, хяналт тавих шатанд олон түмний оролцоог нэмэгдүүллээ. Хэт төвлөрсөн удирдлага, хяналт, зохицуулалттай төрийн төсвийг ардчилал, зах зээлийн зарчимд нийцүүлэн ард иргэд өөрсдөө оролцон боловсруулдаг, хянаж хэрэгжүүлдэг "Түмний төсөв" болгосон доо.
-Оны дундуур төсвийн хуулийн хэрэгжилтийг дагасан олон шүүмжлэл гарч байлаа. Чухам ямар тодорхой асуудлууд шийдэгдсэн бэ?
-Төсвийн удирдлагын шинэ зарчим, тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг л хангаж ажиллахыг гол зорилтоо болголоо.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тодорхойлж харьцангуй тогтвортой байдлыг хангаж ажилласан. Улсын төсөвт тэнцвэржүүлсэн зарчмаар 5.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оноос нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.Үүний зэрэгцээ тогтворжуулалтын сангийн хуримтлалыг 45.5 тэрбумаар нэмэгдүүлж 381.5 тэрбум төгрөгт хүргэлээ.
ДНБ-ий 1.8 хувьтай тэнцлээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал хуулиар тодорхойлсон хэмжээндээ багтаж ДНБ-ий 1.8 хувьтай тэнцлээ. Ийм үр дүн гарахад Орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын төсөв, Хүний хөгжил сангийн төсөв алдагдалгүй ажилласан нь нөлөөлсөн. Өнгөрсөн жилд улсын нэгдсэн төсвийн алдагдлын нийт хэмжээ ДНБ-д эзлэх хувь нь 2008 оноос хойш (2010 оныг оруулахгүйгээр) хамгийн бага түвшиндээ хүрсэн.
Төсвийн зарлагын өсөлт нь орлогын болон баялгийн өсөлтөөс байнга түрүүлж байсан буруу хандлагыг өөрчилсөн. Шалгуур үзүүлэлтүүдийг хангахын тулд тооцоо судалгааг нарийвчлах, хүсээгүй ч хэмнэлтийн горимд шилжих, хэрэглээгээ хязгаарлах, хойшлуулах, том эрх ашгаа хангахын тулд салбар, орон нутаг, байгууллагын зарим эрх ашгийг тэвчихээс өөр аргагүй байлаа.
"Орон нутгийг хөгжүүлэх нэгдсэн сан" байгуулж улсын төсвөөс 190 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж, аймаг, сумдын хөгжлийн хөрөнгө оруулалтын зориулалтаар санхүүжүүлсэн. Үүгээр ард иргэдийн өөрсдийнх нь сонгосон 5050 гаруй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна. Төсөв, төрийн сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, яамд, аймаг сумдыг төрийн сангийн нэгдсэн сүлжээнд хамруулж, бие даан төлбөр тооцоогоо хийдэг болголоо. Мөн төсвийн дотоод хяналт, аудитын тогтолцоог төлөвшүүлж үйл ажиллагааг нь жигдрүүллээ.
Төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулдаг журамд шилжиж, тендер шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй болгов.
-Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч, алдагдал нэмэгдэх тодотгол хийсэн. Төсвийн орлого тасалдуулсан учраас таныг ч огцруулах асуудлыг ярилаа. Энэ бүхэнд ямар дүгнэлт өгч хийж сууна вэ?
-Анх төсөв батлах үед л эрсдэл гарах магадлал өндөр байгааг бүгдээрээ ойлгож санаа зовж байсан. Энэ эрсдэл нь дэлхийн эдийн засгийн төлөв байдал тодорхой бус байгаа, хоёр хөршийн маань хөгжлийн хурдац саарч байгаа, манай эдийн засгийн бүтэц өрөөсгөл зөвхөн уул уурхайгаас хэт хамааралтай байгаагаас болсон. Мөн нийгмийн халамжийг хавтгайруулсан бодлогын инерци их байгаагаас үүдэлтэй байсан. Үүнийг саармагжуулах талаар оны эхнээс тодорхой арга хэмжээ авч хөөцөлдсөн боловч эрсдлийг бүрэн арилгаж чадсангүй. Хичээл зүтгэл, боломж бололцооноос давсан хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдсөнийг хүлээн зөвшөөрч байна.
Төсвийн тасалдлын 40 хувь нь Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадаагүйгээс, 30 гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулалтын болон импортын бууралтаас, 15 хувь нь экспортын бууралтаас болсон.
Татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, шинэ төрлийн татвар бий болгож энэ тасалдлыг нөхөж болох байсан. Гэвч бид улс төрийн энэ сонирхлоос ангид байх зорилго тавьсан юм. Үүний нөгөө талд улсын төсвийн бааз суурийг хумисан бодлогын нөлөөлөл байсныг ч бодолцох учиртай. Тодорхой төрлийн татваруудын хураамжийг орон нутагт нь төвлөрүүлдэг журамд шилжсэн. Үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор хуулиар бий болгосон 250-иад төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр 270 гаруй тэрбум төгрөгийг татвараас чөлөөлсөн нь төсвийн орлогын бүрдэлтэнд сөрөг нөлөөлөл үзүүлснийг дурдах нь зүйтэй.
Гэхдээ Татварын ерөнхий газар 2013 онд улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оныхоос 600 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Гаалийн ерөнхий газар 1,6 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оноосоо 190 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ бол төсвийн орлого бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө зүтгэж ажилласан олон арван аж ахуйн нэгж, компани, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна.
Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд НДЕГ, Газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газар болон Эрдэнэт үйлдвэр, АПУ, МАК, Таван толгой, Энөржи Ресурс, Монгол тамхи СО, Эрдэнэс таван толгой , "Мобиком" зэрэг компаниуд санаачилгатай ажилласныг тэмдэглэмээр байна.
Төсвийн орлогын төлөвлөгөөт зорилтоо бүрэн биелүүлж чадаагүй нь сэтгэл зүтгэл, хичээл чармайлт дутагдсанаас болоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Жилийн өмнө төсөвт эрсдэл учирвал бүсээ чангална гээд бүх амьдралаа зогсоох уу гэж асуухад ямар ч эрсдэл учирсан бүсээ чангалах байдалд хүргэхгүй гэж хариулж байсан. Гэтэл 2014 оны төсвийг танаад, бүсээ чангалаад байгаа юм биш үү?
Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний санхүүжилтийг тэргүүн ээлжинд төсөвлөсөн.
-Тэгж хэлсэн зарчмаа бариад л иргэдийн ахуй амьдралтай холбоотой санхүүжилтийг эхний ээлжинд олгож ажиллалаа шүү дээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний санхүүжилтийг тэргүүн ээлжинд төсөвлөсөн. Ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд санхүүжилт олголоо. Хүний хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, соёл спортод зориулан 400 тэрбум төгрөгийн санхүүжилт хийлээ.
Сургалтын төрийн сангаас их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсдад олгодог үндэсний тэтгэлгийн санхүүжилтийг бүрэн олголоо. Ард иргэдийнхээ ая тухтай амьдрах бололцоог сайжруулах зорилгоор эрчим хүүчний үйлдвэрүүд, нийтийн тээврийн компаниудад олгодог татаасыг ч олгоод байна. Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс 265 тэрбум төгрөгийн татаас өглөө. Харин эд хогшил худалдан авах, урсгал засвар, гадаад дотоод албан томилолт, зочны зардал, сургалт, хурал зөвлөгөөний зардлыг аль болох хэмнэх, тэвчих зарчим барьж ажиллалаа.
Гэрэл цахилгаан, тээвэр шатахуун, түлш халаалтын болон эм, хоол, хувцас хэрэглэлийн зардлын үр ашгийг дээшлүүлэх, үрэлгэн байдлыг арилгахыг зорилоо. Сүүлийн арван жилийн дүнгээр төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөөс түрүүлж байсан хандлагыг энэ онд өөрчилж тэнцвэржүүлэх эхлэлийг тавилаа. Гашуун эм өгч хүнд өвчин эмгэгийг анагаадаг. Ийм эмийг уухад хэцүү ч дараа нь эрүүлжиж эрч хүчтэй болдог учир зориглосон нь хождог шүү дээ. Бид төсөв, санхүүгээ эрүүлжүүлэхийн тулд одоо л зориг гарган бодлого, үйл ажиллагаагаа зөв гольдролд нь оруулах ёстой гэж үзэж байна.
-Хөрөнгө оруулалт гэж гишүүдийн дунд маргаан үүсгэдэг нэг асуудал бий. 2013 оны төсвийн тухай хуулиар баталсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг 60 шахам хувиар тасалдуулсан тухай ч яригдсан...
-Хөрөнгө оруулалтын асуудал хүн бүрийн анхаарлыг татдаг юм. Нийт дүнгээр нь авч үзвэл улсын төсвөөс болон төсвийн баталгаа, дэмжлэгтэйгээр хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ энэ жил бараг гурав дахин нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх талаар Төсвийн тухай шинэ хуульд маш тодорхой зааж өгсөн юм.
Урьд өмнө нь хуваарийн дагуу олгодог байсныг өөрчилж үр ашгийн шалгуур хангаагүй төсөл, арга хэмжээнд санхүүжилт олгохыг хуулиар хориглосон зохицуулалттай болсон. Энэ дагуу Сангийн яам ажиллалаа. Гэвч хөрөнгө оруулалтын мөчлөг, үйл ажиллагааны саатлаас болж оны эцэст санхүүжүүлэх эрэлт эрс нэмэгдсэн нь төсвийн орлогын бодит боломжоос давсан учраас нэлээд санхүүжилтийг ондоо багтаан өгч чадсангүй.
Үүнээс болж ажил, үйлчилгээгээ хугацаанд нь хийж дуусгасан гүйцэтгэгч байгууллагуудад хүндрэл бэрхшээл үүссэнийг ойлгож байна. Аль болохоор түргэн хугацаанд шийдвэрлэхийг хичээж байна. Тиймээс дутуу санхүүжилтийг шийдвэрлэхээр төсвийн тодотголын саналыг УИХ-д оруулж хэлэлцүүлнэ. УИХ 2014 оны төсвийг батлахдаа 130-аад тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 240-өөд төсөл, арга хэмжээг энэ тодотголоор шийдвэрлэх болно.
-Засгийн газрын бодлого буруу байна. Өр нь дийлдэхээ байлаа гэдэг шүүмжлэл гарч байна. Дээрээс нь цалин тэтгэврээ нэмэхийг шаардаж байна. Ер нь улсын маань бэл бэнчин, санхүүгийн байдалд сайжирсан зүйл ажиглагдаж байна уу?
-Улсын төсөв амаргүй сорилтыг туулж байгаа ч тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж тэнцвэр бланс нь сайжирч байгааг дээр хэлсэн. Хамгийн гол нь бодлогын гажуудал засагдаж, бэлэнчлэх сэтгэлгээ өөрчлөгдөж эхэлж байна. Өмнө байсантайгаа, халагдаж солигдож байгаа бүхэнтэйгээ зууралдаад, зөвхөн тэр л өнцгөөс хараад байвал шинэчлэлийн бодлого буруу юм шиг санагдах нь аргагүй.
Шинэчлэл өөрчлөлтийн бодлогын зорилго, агуулга, мөн чанарыг таньж мэдэлгүй хуучин руугаа тэмүүлж, аялдан дагахыг тулган шаардаж, шинэлэг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дуулиан шуугиан болгон үнэгүйдүүлэх замаар улс төрийн оноо цуглуулах гэж хандах нь нийтлэг эрх ашигт огт нийцэхгүй. Нэг ёсондоо буруу үйлдэл юм. Ялангуяа хавтгайрсан халамж бий болгох, цалин тэтгэврийг тооцоо үндэслэлгүй нэмэгдүүлэх, үнэ тарифийг бууруулахыг шаардах нь далд утгаараа төсөв, санхүүгийн тэнцвэрийг алдагдуулж, эдийн засгийг сүйрүүлэх аюулд хүргэх үр дагавартай шүү дээ.
Бүх асуудлыг бүрэн төгс шинэчилчихсэн, сайхан болгочихсон гэж хэн ч хэлээгүй. Хүндрэл бэрхшээл, саатал тасалдал, ойлгомжгүй тодорхойгүй зүйл зөндөө бий. Бодлого үйл ажиллагаа уялдахгүй, ам ажил зөрөх дутагдал байсаар л байгаа. Цочирдож тулгамдах, барьц алдах явдал тохиолдож л байна. Тэглээ гээд өнгө будаг төдий өөрчлөлт хийсэн нэр зүүхгүй. Агуулга мөн чанарт нь нэвтэрч, сууриар нь оновчтой шийдэхийг л хичээж байна.
Алсдаа үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаа. Хамгийн гол нь бүгдээрээ улс орноо хөгжүүлэх том эрх ашигтаа захирагдан хамтарч, дэмжиж ажиллах нь чухал байна. Ер нь ажлын төлөө гэсэн итгэл зүтгэлээр Засгийн гарын гишүүд маань бараг амралтгүй зүтгэлээ. Гар нийлж ажилласан гэж бодож байна. Ялангуяа Ерөнхий сайдын хувьд танхимыг уялдуулж зохицуулах, удирдах тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргалаа. Тав дахь Засгийн газартайгаа ажилласан хүний хувьд сэтгэл хангалуун байна.
-Өрийн хэмжээ хэд болчихоод байгаа билээ?
-Улсын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр илэрхийлбэл 8,4 их наяд төгрөг болж ДНБ-ий 49.7 хувьтай тэнцүү гарсан нь хуулиар тогтоосон шалгуурыг хангаж байна. Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хандивлагч орнуудаас авч ашигласан хөнгөлөлттэй зээлийг анх тохирсон графикийн дагуу төлж барагдуулсаар одоо 2405.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болоод байна. Энэ зээлийн төлбөрийн хамгийн их төлөлттэй үө нь 2013-2014 онуудад таарч байгаа юм. Чингэс бондын хүүгийн төлбөрт 99 тэрбум төгрөгийг төсвөөс төлсөн байна.
Засгийн газрын дотоод үнэт цаасны шинэ тогтолцоог нэвтрүүлж ажилласнаар 2.6 их наяд төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий үнэт цаасыг анхдагч зах зээлд арилжаалж, үндсэн төлбөрт 1.6 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 100 тэрбум төгрөг төлж 1,7 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй он дамжлаа.
-Манай улсын бэл бэнчин нэмэгдэх хандлага байна уу?
-Бэл бэнчин нэмэгдэж байна. Энэ бол ашдын бэлэг бодон хэлсэн үг биш бодит байдлаас хийсэн дүгнэлт юм. Улсын төсвийн данс эөрэг үлдэгдэлтэй он дамжих хуулийн шаардлага хангагдаж, төрийн сангийн зээллэгийн хязгаар зохистой түвшинд байна. Төрийн сангийн нэгдсэн дансанд 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 835 тэрбум төгрөг байснаас улсын төсөвт байгууллагуудын дансны үлдэгдэл 245 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт байгууллагуудын дансны үлдэгдэл 380 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 200 тэрбум төгрөг байлаа.
Хүний хөгжил сангийн дансны үлдэгдэл 100 сая төгрөг болсон. Оны эхэнд энэ сангийн хуримтлагдсан өр нэг их наяд 47.6 тэрбум байснаас 141,8 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байна.
Монгол Улс төсвийн тогтворжуулалтын сандаа 381,5 тэрбум төгрөгийн хуримтлалтай болсон нь нэгдсэн төсвийнхөө алдагдлыг бүрэн хааж чадахаар байна. Гадаад валютын албан нөөц 2,3 тэрбум ам.доллар байгаа нь 18 долоо хоногийн импортын хэрэгцээг хангаж байна. ДНБ-ий үйлдвэрлэл 12 хувиар өсөх урьдчилсан гүйцэтгэл гарсан байна.
Энэ бүхэн бол шинэчлэлийн эхний жилийн бодитой үр дүн, эдийн засаг санхүүгийн байдалд бий болсон эерэг хандлага мөн.
-Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаж эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын болон зээл тусламжийн бодлого тодорхойлох ажлаа хариуцаж байгаа. Сангийн яамны үүрэг роль юунд байна вэ?
-Төсвийн шинэчлэлийн хүрээнд Сангийн яамны ажил үүргийн хуваарь, хариуцах асуудлын цар хүрээ, үйл ажиллагааны зарчим ихээхэн өөрчлөгдсөн. Аль ч улсын Сангийн яам нь төсвийн бодлого боловсруулах, батлуулах, төсвийг үйлчлэх, хэрэгжилтийг хянаж тайлагнах, арга зүйн удирдлагаар хангах нийтлэг үүрэг хүлээж байдаг. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай шинэ хуулиар
Сангийн яаманд төсвийн тогтвортой тэнцвэржүүлсэн байдлыг хангах, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэх, өрийн удирдлага, түүний стратегийг хэрэгжүүлэх асуудлыг хариуцууллаа. Сангийн яам Засгийн газрын санхүүгийн хяналт, дотоод аудитын үйл ажиллагааг эрхлэх боллоо. Төр, засгийн аливаа шийдвэр нь төсвийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт гаргах, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох онцгой үүргийг Сангийн яаманд хариуцууллаа.
Улсын төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд санхүүжүүлэлтийн болон зарцуулалтын эрхийг бууруулж байх онцгой эрхийг Сангийн садад олголоо. Төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтооно. Сангийн яам төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, тайлагналтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог удирдах болж байна. Энэ бүхнээс үзвэл Сангийн яамны ачаа хөнгөрөх биш харин ч нэмэгдэж үйл ажиллагааных нь цар хүрээ өргөжиж байна.
-Тэгвэл эдийн засгийн яам юу хариуцаж байгаа билээ?
-Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсанаар хөгжлийн болон зээл тусламжийн бодлого тодорхойлох, салбар хоорондын зохицуулалт хийх, хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцах үүргийг гүйцэтгэх болсон нь чухал ач холбогдолтой шийдвэр болсон юм. Эдийн засгийн нэгдсэн бодлогогүй учраас Монгол Улс хөгжихгүй байна гэдэг шүүмжлэлд их өртөж байсан шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яам маань өдөр тутмын техник ажлаас хөндий байж жинхэнэ утгаараа стратегийн удирдлагын байгууллага болж төлөвшинө гэж найдаж байна.
-Самурай бонд Хөгжлийн банкинд байршчихсан гэж байгаа. Энэ мөнгөөр юу хийхээр төлөвлөчихсөн байгаа билээ?
-Япон улсын санхүүгийн зах зээл дээр Хөгжлийн банк иенийн бонд борлууллаа. Борлуулалт амжилттай болж, орлого нь Хөгжлийн банкны дансанд орж ирсэн. Энэ мөнгөний эх үүсвэрээр үйлдвэржилтийн төсөл шалгаруулахаар тогтсон. Японы зах зээл дээр гаргасан учраас Самурай бонд гэж нэрлэсэн хэрэг. Хэрэв Хятадын зах зээл дээр бонд гаргавал панда бонд, Австралийн зах зээлд гаргавал кингру бонд болно шүү дээ.
-Тэгвэл Самурай бондыг манайд юу гэж нэрлэх юм?
-Үйлдвэржилтийн бонд болж хэрэгжинэ. Гэхдээ нэг асуудал бий. Энэ мөнгө улсын өрийн хязгаарт багтаж байгаа юу, үгүй юу гэдэг нь. Яагаад гэвэл 2014 онд улсын өрийг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх хэмжээнд баталж өгсөн. Гэхдээ Самурай бонд энэ өрийн хязгаарт багтаж байгаа. Харин үүнээс цааш гадаадын зах зээл дээрээс хөгжлийн зориулалтаар эх үүсвэр босгох боломж байхгүй. Энэ боломжоо дуусгачихлаа шүү дээ.
-Тэгэхээр одоо яах вэ?
-Хэрэв хөгжлийн хөрөнгө оруулалт нэмж дайчлах шаардлагатай гэж үзвэл УИХ өрийн асуудлыг дахин авч үзэх байх.
-Самурай бондын мөнгө үйлдвэржилт хийхэд мэдээж хүрэхгүй биз дээ?
-Яаж хүрэх билээ. Олон үйлдвэр аж ахуй нэгжүүдийг байгуулах шаардлага байна. Хамгийн наад зах нь нефть боловсруулах үйлдвэр барих асуудал яригдаж байна. Үүний тулд зээл авах шаардлага тулгарч байгаа. Японы Хөгжлийн банкинд баталгаа гаргаж өгөх хэрэгтэй байгаа. Гэтэл ийм баталгаа гаргаж өгөх боломж манай өрийн тооцоонд байхгүй. Нефть боловсруулах үйлдвэр барихын тулд зээл авъя гэвэл өрийн хязгаарыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг. Чингэс бондын хоёр дахь ээлжийг гаргана гэвэл ч өрийн хязгаарыг эргэн харахаас өөр арга байхгүй.
-Гэвч Ардын намынхан ирээдүйгээ өрөнд унагахгүй гэж үзээд байгаа шүү дээ?
-Тийм учраас байгаа хязгаартаа амьдралаа зохицуулахаас өөр яах билээ. 2014 оны зорилтыг Засгийн газар гурван үндсэн чиглэлээр тодорхойлж байна. Бүтээн байгуулалт, үйлдвэржүүлэлтийн зорилт, дараа нь ард түмний орлогыг нэмэгдүүлж амьдралыг сайжруулах, төрийн хүнд суртлыг арилгаж, авлига хээл хахуулийг арилгах зорилт тавьсан. Энэ гурван чиглэлд бүх үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
-Уул уурхайн орлого нэмэгдэх хандлага байна уу?
-Уул уурхайн салбар хэрхэн ажиллахаас төсөв шууд хамаардаг. 2013 онд уул уурхайн салбарт тодорхой хэмжээний бэрхшээл тулгарсан. Анх тооцсон хэмжээндээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадсангүй. Гадна талд бүтээгдэхүүн худалдаж авдаг зах зээл нь хумигдчихлаа. Борлуулдаг бүтээгдэхүүнийх нь үнэ уначихлаа. Үүнээс болж төсөвт тооцсон орлогоо оруулж чадаагүй.
Тиймээс төсөв тасалдсан нь үнэн. Харин энэ онд өмнөх оны хүрсэн түвшингээсээ илүү ажиллана гэж төсвөө тооцсон. Гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмөр, ашигт малтмалын экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж тооцоолсон. Оны сүүл рүү байдал гайгүй байж, бүтээгдэхүүний эрэлт өсч, үнэ өсч магадгүй гэж найдаж байна.
-"Чалько"-д төлж байгаа манай өр дуусах болоогүй юу?
-Дөхөж л байна. Багцаагаар бол эхний хагас жилд багтаад өрөө барагдуулчих болов уу гэж найдаж байна. Гэвч Оюу толгойн суутгал төлбөр одоо эхэлж байна.
-Гэрээндээ өөрчлөлт оруулах ажилд хэзээ цэг тавьж цэгцрэх юм бол?
-Хэлэлцээ үргэлжилж л байна. Тэр бол амар ажил биш шүү дээ.