О.Баасанхүү тамхи татах цэгийг тодорхой болгоно
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.01.02

О.Баасанхүү тамхи татах цэгийг тодорхой болгоно

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай Улсын Их Хурлын  тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Тамхины хяналтын тухай хуульд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тасалгаа байхаар заасан байна.

Мөн тамхины хяналтын талаар төрөөс баримтлах бодлогын асуудлыг улам нарийвчлалтай болгох үүднээс тамхины татварыг Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар нэмэгдүүлж байхаар заасан хэт ерөнхий зохицуулалтыг өөрчилж, тамхины онцгой албан татварыг хоёр жил тутам нэмэгдүүлж байхаар төсөлдөө тусгажээ.

 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх явдлыг хангах, албан татвар ногдуулах үйл ажиллагааг хялбар болгож татвар төлөгчдөд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тодорхойлох журмыг боловсронгуй болгох зорилгоор Засгийн газраас төрийн өмчийн аж ахуйн нэгжид олгосон санхүүгийн татаас, үзүүлэх дэмжлэгт тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифийг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тодорхойлон тогтоож байхаар тусгажээ.

Мөн Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа шонхор шувууг “Үндэсний бахархалт шувуу болгох тухай” 101 дүгээр тогтоол баталсан. Иймд шонхор шувууг цаашид аливаа ашиг олох зорилгоор агнах, гадаадад гаргах, барихыг хориглох нь зүйтэй гэж үзэж УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулсан байна.