Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” нэг нас хүрлээ
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11 төв” 2012 оны 10 дугаар сарын 12-нд нээгдсэнээс хойш бүтэн жилийг үдлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр тус төвд зочилж, жилийн ажлын тайлантай нь танилцлаа.
“Засгийн газрыг иргэдтэй холбодог энэ төвд манай иргэд санал бодлоо олон хэлбэрээр илэрхийлж, үгээ ямар нэг шат дамжлагагүйгээр төрийн аль ч шатанд шууд хүргэж ирлээ. Хоёр дахь жилдээ бид иргэний хэлсэн санал төрийн аль байгууллагын хэн гэдэг албан тушаалтанд очиж, яаж шийдэгдэж байгааг шууд харуулдаг болгоно. Тавьсан саналынхаа шийдвэрлэлтийн явцыг иргэд өөрсдөө хянаж чаддаг болно гэсэн үг” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Иргэдэд улам илүү ойртсон нэг чухал шинэчлэл “11 11 төв”-д саяхан хийгдсэн. Хот, хөдөөд байрлуулж буй ТҮЦ (төрийн үйлчилгээний цахим) машинтай “11 11 төв”-ийг холбож, иргэдийн өгсөн санал, хүсэлтийг “11 11 төв”-д шууд бүртгэдэг болоод байна.
Утсаар, интернэтээр төрд үгээ хүргэж, асуултдаа хариулт авах боломж бүрдүүлсэн “11 11 төв”, олон төрлийн лавлагаа авч болох ТҮЦ машин бол Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсч, тэдэнд шуурхай үйлчилж буйн илрэл юм гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.
“11 11 төв” - 1 жилд:
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “11 11 төв” 62 мянга гаруй иргэний үгийг хүлээн авч, холбогдох төрийн байгууллагуудад хуваарилан шийдвэрлүүлж хариуг нь хүргэсэн байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “11 11 төв” 62 мянга гаруй иргэний үгийг хүлээн авч, холбогдох төрийн байгууллагуудад хуваарилан шийдвэрлүүлж хариуг нь хүргэсэн байна. Иргэдийн хандалтыг төрөлжүүлбэл санал хүсэлт 46470, гомдол 8289, талархал 768, шүүмжлэл 5074, өргөдөл 128 байлаа. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, улсын бүртгэл, нийслэлийн асуудлаарх хандалт дийлэнх байсан ба эдгээрийн 77 хувьд төрийн байгууллагуудаас хариу өгч шийдвэрлэжээ. Иргэдийн санал хүсэлтэд төрийн байгууллагууд хэр шуурхай хариу өгч, ямар чанартай шийдвэрлэснийг ч дүгнэж гаргалаа. БШУЯ, УБЕГ, ЭМЯ, ҮХААЯ хамгийн “эелдэг” байж, иргэддээ хүрч үйлчилсэн бол ЭХЯ, түүний салбар нэгжүүд, ХЗЯ, ЦЕГ иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэн, хариу мэдэгдэхдээ хойрго байжээ. “11 11 төв”-д хандсан иргэдийн 70 хувь нь утсаар холбогдон үзэл бодлоо илэрхийлсэн байна.
- Хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн н.Хатанболд 11-11 утсанд бүх салбарын асуудлаар 57 удаа хандсан хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч байлаа. Утасны дугаар: 98814689
- Хамгийн олон мессеж ирүүлсэн иргэн: 95608539 дугаартай иргэн 368 удаа мессежээр хандсан үзүүлэлтээр “11 11 төв”-ийн хамгийн үнэнч харилцагчдын нэгээр нэрлэгдэж байна.
- Хамгийн олон твитердсэн жиргээч: Иргэн Х.Амарбаяр @Amarbayar_kh 140 гаруй удаагийн жиргээгээр санал бодлоо илэрхийлж, хариу авчээ.
- Хамгийн олон удаа сайтад хандсан иргэн: urnaa2002@yahoo.com хаягийн эзэн www.11-11.mn сайтад 135 удаагийн сэтгэгдэл үлдээж, үзэл бодлоо илэрхийлжээ.
- Хамгийн олон facebook хандалт: Цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгч Tumurmunkh Ganbold “11 11 төв”-д фэйсбүүк хаягаараа дамжуулан 33 удаагийн санал хэлжээ.
- Хамгийн шуурхай хариу өгдөг байгууллага: БШУЯ-ны хамт олон иргэн бүрийн асуултад хариу өгч, хүсэлтийг шийдвэрлэснээрээ хамгийн шуурхай, иргэддээ ойрхон байгууллагаар шалгарлаа.
- Хамгийн олон удаагийн асуулт: “11 11 төв”-д хандсан иргэдийн хамгийн гол сэдэв орон сууцны 8 хувийн зээлийн тухай байлаа.