Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.10.09

Мэндчилгээ

Монгол Улсад ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан ахуйн үйлчилгээг үүсгэн хөгжүүлэхэд оюун ухаан, хүч хөдөлмөр, авьяас билгээ харамгүй зориулсан ахмадууд, салбарын нийт ажиллагсад Та бүхэнд Монгол Улсын Хөдөлмөрийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Манай улсын хөнгөн аж үйлдвэрийн анхдагч салбарын нэг болох олон жилийн түүхт уламжлалтай ахуйн үйлчилгээ нь хөгжлийнхөө явцад хүн амдаа олон төрлийн үйлчилгээг үзүүлж, улс орны хэмжээнд ахуйн соёлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан, эдүгээ эгнээндээ 1000 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг нэгтгэсэн,

80000 гаруй ажиллагсадтай, жилдээ 60 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийж, зах зээлийн тогтолцооны үед улам өргөжин хөгжиж байгаа нь салбарын хамт олны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүн гэдгийг баярын тань энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Шинэчлэлийн Засгийн газар ахуйн үйлчилгээний салбарыг тусгайлсан бодлого, хөтөлбөрөөр дэмжиж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чадавх чадамжийг нэмэгдүүлэх, ажиллагсдын ур чадварыг дээшлүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байгаа гэдгийг би зориуд дурдахыг хүсч байна.

Цаашид аймаг, сумдад ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүдийг байгуулахад санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах бөгөөд энэ чиглэлээр эхний алхмууд хийгдэж эхлээд байна.

Гагцхүү бид хамтдаа үйлдвэр, үйлчилгээнийхээ цар хүрээг улам өргөжүүлж, иргэддээ ахуйн чиглэлийн найдвартай, чанар стандартын шаардлага хангасан үйлчилгээг үзүүлэхэд онцгой анхаарч, хөгжлийн шинэ түвшин, зах зээлийн нийтлэг чиг хандлагад нийцүүлэн хөгжих зорилт чухлаар тавигдаж байна.

Улс орныхоо ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн түүхийг бүтээх, ахуйн үйлчилгээний салбарыг хөгжлийн шинэ түвшинд гаргахын төлөө та бүхнийг өөрсдийн хүч хөдөлмөр, мэдлэг оюун, авьяас чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллана гэдэгт итгэж байна.

                                Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав