Ц.Даваасүрэн: Дулааны цахилгаан станц барих ажил хоёр жил хойшлогдлоо
130 мянга гаруй хүн амтай Хөвсгөл аймагт 174 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. үүнээс энэ жил 73 тэрбум төгрөгийг тус аймагт хийхээр төлөвлөсөн.
Гэвч өнөөдөр Хөвсгөл аймгийн хэмжээнд улсын чанартай бодитой хийгдсэн бүтээн байгуулалт алга. Тухайлбал аймгийн төвийг дулаанаар хангах дулааны цахилгаан станц барих талаар 2-3 жилийн турш ярьсаар байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Манай аймагт дулааны станцын асуудал өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, хүлээгдээд байна. Яагаад гэвэл станц нь баригдаагүй учир дараагийн бүтээн байгуулалт, орон сууцны ажилд сөргөөр нөлөөлж байгаа.
Энэ жил 14 тэрбум төгрөгөөр шугам сүлжээний ажил хийж дуусгах байсан ч станц баригдаагүй учир туршилт тохируулах хийгдэж чадахгүй болсон. Энэ мэт дараа дараагийн ажилд чөдөр тушаа болж, ашиглалтад орохгүй олон жил болсноос үнийн өсөлтөд өртөж ажил сунжрах асуудал гарч байгаа”.
Энэ жил засгийн газар зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох томоохон зорилт дэвшүүлсэн. Эдгээрийн нэг нь Хөвсгөл аймаг. Өнгөрсөн 6-р сард Хөвсгөл аймгийг Улаанбаатар хоттой автозамаар холбох ажлыг Ерөнхий сайд гүйцэтгэж байгаа компаниудын ажилтай газар дээр нь танилцаж 10-р сард багтаан хүлээлгэж өгөхийг үүрэгдсэн. Компанийн зүгээс ч боломжтой гэдгийг мэдэгдсэн. Харамсалтай нь авто замын ажил энэ жилдээ амжихааргүй болжээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Замын ажилд янз бүрийн компани шалгаруулсан зарим нь сайн ажилладаг, зарим нь ажлаа огт хийдэггүй асуудал байна. Улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг муутгаж байгаа асуудал гараад байна” хэмээн ярилаа.