125 жилийн өмнөх Монголын фото түүхийн үзэсгэлэн нээгдлээ
ОХУ-ын гэрэл зурагчин Н.А.Чарушины гэрэл зургийн цуглуулга болон Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зарим бүтээлийг Монголын үзэгчдэд дэлгэн харуулах боломж бүрджээ.
ОХУ-ын академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музей, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй Н.А.Чарушины “Монголыг эргэн тольдохуй” хэмээх үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан оролцлоо.
Дээрх үзэсгэлэнгээс 125 жилийн өмнө Монголын түүхийг фото агшинд буулгасан ховор түүхийн баримтуудыг үзэж болно.
1888 онд Н.А.Чарушин Г.Н.Потаниний хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд “Өргөө” /Улаанбаатар/ хотод ирж, “Өргөө” болон тэр үеийн монголчуудын гэрэл зургийн баян цуглуулгатай эргэн очсон байна. Николай Аполлонович энэ талаар дурсахдаа, ”Бидний гол зорилго монголчуудын антропологийн хэв шинжийг харуулсан гэрэл зураг авах ажил эхний үед арай гэж явж байв.
Урьд өмнө нь гэрэл зургийн талаар ямар нэгэн ойлголт монголчуудын дунд байгаагүй учраас тэдний дунд сэжиг таавар хүчтэй байсан. Монголчууд гэрэл зургаа авахуулсан хүн өөрийн зүрх сэтгэлээ бусдад алдана хэмээн итгэж байсан ч эцэст нь хуучин танилуудаас энэхүү аз туршсан “үйл ажиллагаа-нд оролцох зүрх зоригтой хүмүүс олдож, нэг нэгнийгээ дууриан гэрэл зургаа авахуулахыг зөвшөөрч эхэлсэн.
Энэ бүх саад бэрхшээлийг даван туулж, “Өргөө” хотод байх хугацаа дуусахад монголчуудын антропологийн хэв шинжийг харуулсан гэрэл зургийн нилээд их цуглуулга бүрдүүлж чадсан хэмээн дурссан байна.