Д.Зоригт: Хөрөнгө оруулалтыг татах эхний том дохио болно
Bloomberg телевизийн “Мөнгөний урсгал” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Д.Зоригт оролцлоо.
-Хөрөнгө оруулалтын хууль батлагдсантай холбоотойгоор өмнөх орж ирсэн төслөөс зарчмын хувьд хэр ялгаа гарсан бэ?
-Хуулийн төсөл Засгийн газраас өргөн баригдаад ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ-ын чуулган дээр гишүүдээс гарсан саналын дагуу нилээн өөрчлөгдсөн. Засгийн газраас орж ирсэн төсөл дөрвөн төрлийн татварыг тогтворжуулахаар орж ирсэн.
Батлагдахдаа тогтворжуулалтаас гадна хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус дэмжлэгүүд үзүүлж болно гэсэн маягаар өөрчлөгдсөн.
-Дэмжлэгүүд гэдэгт нь юу юу багтаж байгаа бол?
-Монгол улсад хөгжүүлэх шаардлагатай гол салбарууд бий. Тухайлбал, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам. Мөн уламжлалт хөдөө аж ахуйн салбартаа боловсруулах үйлдвэр байгуулах,
экспортын чиглэлийн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг хөрөнгө оруулалтуудыг зарим төрлийн татварын бодлогоор, хөнгөлөлт чөлөөлөлтөөр дэмжиж болно гэж оруулсан.
-Энэ хуулийн хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоодын гэж ялгаварлахгүй байх гол үндэслэл нь юу байна вэ?
-1993 онд монгол улс анх гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуультай болсон. Энэ хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, олон төрлийн татварын тогтворжуулалтыг хөрөнгө оруулалтын, тогтвортой байдлын гэрээгээр олгож ирсэн.
Дотоодын хөрөнгө оруулагчид ийм хөнгөлөлт эдэлдэггүй байсан. Сүүлийн жилүүдэд монголын хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчийн хэмжээнд хүрч ажиллаж чаддаг болсон. Тиймд нийтлэг, ялгаваргүй зохицуулалтад хамруулах нь зүйтэй гэж үзсэн.
-Хөрөнгө оруулалтаа тогтворжуулах гэрчилгээ авсан хугацаандаа хийхгүй бол ямар байдал үүсч болох вэ?
-Хуульд хөрөнгө оруулалтын эрх, үүргийг тодорхой заасан байгаа. Тогтворжуулах гэрчилгээ авсан хүн ямар хугацаанд хөрөнгө оруулалтаа хийхийг хуульчилсан. Хөрөнгө оруулалт гэдэг өөрөө их урт процесс.
Хуульд заасан 2-5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа хийхгүй бол гэрчилгээ цуцлагдана.
Бэлтгэл ажил, зөвшөөрөл авах, газраа авах, техник, эдийн засгийн үндэслэл тооцоогоо хийх гээд бүх зөвшөөрлөө аваад төслөө хэрэгжүүлэхийн өмнө хөрөнгө оруулалтын газар хандан тогтворжуулах гэрчилгээгээ авна.
Тэр цагаас эхлэн хуульд заасан 2-5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Энэ хугацаанд хийхгүй бол гэрчилгээ цуцлагдана. Үндэслэлтэй шалтгаанаар нэг удаа хоёр жил хүртэл хугацаагаар сунгах боломжийг олгож байгаа.
-Монгол улс хөрөнгө оруулалтын тогтворгүй орчинтой байна гэдэг шүүмжлэл байнга сонсогддог. Хууль батлагдсанаар энэ хүлээлтийг хэр нааш эргүүлж чадах бол?
-Монгол улс хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого явуулах юм байна гэдэг мессеж, дохиог нийт хөрөнгө оруулагчдад өгч байгаа. Ганц энэ хуулиар тогтвортой сайн орчин болж чадахгүй.
Нийт хөрөнгө оруулалтын 70,80 хувийг татаж буй ашигт малтмал, эрдэс баялгийн салбарынхаа төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг тогтвортой болгох хэрэгтэй. Татварын багц хуульд бодлогоо оруулж өгч тогтвортой болгох.
Олон зуун зөвшөөрөл өгдөг, бизнест саад болдог тогтолцоог цөөрүүлж, хүнд суртлыг бууруулмаар байна. Ийм дөрөв, таван багц асуудлыг шийдэх ёстойгоос эхнийхийг нь хийж чадлаа.