Ерөнхийлөгч Бан Ги Мүнтэй уулзлаа
Хүн төрөлхтний парламент гэгдэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дахь удаагийн чуулганд Дэлхийн 102 орны Төрийн тэргүүн, 49 Улсын Засгийн газрын тэргүүн, 42 улс Гадаад хэргийн сайдын түвшинд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотноо хуран цуглаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын бусад асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан явдалд баяр хүргэе. Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болон далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвх санаачилгатай ажилласаар ирсэн.
НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэллээ.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс сүүлийн хоёр жил даргалж байгаад тус нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Та Судан дахь энхийг сахиулах үйл ажиллагааны явцтай газар дээр нь очиж танилцсанд талархал илэрхийлье” гэлээ.
Хариуд нь Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын зүгээс тусламж, дэмжлэг үзүүлж ирсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж талархал илэрхийлээд цаашид Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд илүү идэвхитэй оролцох зорилт тавин ажиллаж байгааг тэмдэглэв.
Цаашлаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар Олон Улсын харилцааны түгшүүртэй бүс нутаг болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.
Монгол Улсын зүгээс санаачлах бүхий л үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой хамрагдах нь манай гадаад бодлогын зорилт байсаар ирсэн.
Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, интеграцийг түргэтгэж тогтвортой хөгжил бий болгоход Зүүн хойд Азид аюулгүй байдлыг хангах явдал чухал юм.
Энэ үүднээс бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хийх санаачилгыг дэвшүүлээд байна” гэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож байгаад талархал илэрхийлээд цаашид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон дурдав. Монгол Улсын зүгээс санаачлах бүхий л үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийллээ.