Г.Баярсайхан: Гэрээ нурааж тоглож болохгүй
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2013.07.26

Г.Баярсайхан: Гэрээ нурааж тоглож болохгүй

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай уулзаж ярилцлаа.

-АН-ын гишүүд Засгийн газраа унагахаар төлөвлөж байна гэх. Цаг хугацааг нь намраар товлочихож. Үнэхээр тийм сонирхолтой бүлэглэл намд байна уу, эсвэл өрсөлдөгч намынхны зүгээс “шидэж” байгаа чулуу юм болов уу. Байдал яг ямар байна вэ. Сайдууд бүгд амарчихсан ажил ч цалгардаад, унагахдаа тулбал энийг бас шалтгаан болгоно доо?

-Сонгуулийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бидний нэг жил арван жилтэй тэнцэх ёстой” гэж хэлсэн. Энэ үг чухамдаа АН эрх баригч байх энэ хугацаанд асар их ажлыг амжуулах ёстойг сануулсан хэрэг.

Гэтэл гол бүтээн байгуулалтын ажил урагшлах ёстой цагаар Засгийн газрын сайдууд бүгд амраад явчихсан нь буруу. Маш их цагийг алдаж байна. Физиологийнхоо хувьд хүн бүр амрах ёстой ч ид ажлын үеэр сайдууд зэрэг амрахаар ажилд халтай харагдаж байгаа.

Нэгэнтээ л улсын төлөө зүтгэнэ гээд төрийн өндөр албанд томилогдсон хойно ээлж дараагаар зохицоод амрах ёстой. Цаг хугацаа явж байна шүү дээ. Засгийн газар байгуулагдаад нэг жил болчихож, нэг мэдэхэд л сонгуулийн жил ирчихсэн юу хийж бүтээснээ дүгнүүлэх цаг ирнэ. Тийм учраас дэлгэр цагийг ашиглаад ажиллах ёстой.

Засгийн газрыг огцруулах асуудлын тухайд, намрын синдром эхлэв үү гэж харж байна. Жил, жилийн хавар, намарт иймэрхүү зүйл яригддаг. Тэгээд ч Засгийн газрыг огцруулахдаа тулбал, маш буруу жишиг, улс орны амьдралыг тогтворгүй болгоно.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад ажилласан хугацаа ердөө нэг жил. Хийсэн ажлыг нь дүгнэвэл сайн ч юм бий, саар ч юм бий. Гэлээ гэхдээ огцруулах шалтгаан биш. Сайдууд ажилдаа зүгшрээд явж байна. Ер нь Засгийн газар тогтворгүй солигдоод байвал шинэ хүн ажилд томилогдоно, шинэ ашиг сонирхол гарч ирнэ.

Эргээд энэ нь бодлого, хөтөлбөрүүдээ хүртэл шинээр тодорхойлж цаг алдахад хүргэдэг.  Урдах сайдын хийсэн ажлыг дараагийн сайд үгүйсгэдэг. Эцсийн дүндээ энэ нь улс орны хөгжилд маш хортой. Тийм болохоор Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Тавдугаар цахилгаан станц баригдаж орон сууцны хороолол сүндэрлэж иргэд эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах ёстой.

Төрийн ордон

Энэ бүх ажил хийгдэхгүй бол дараа нь хэнээс хариуцлага нэхэх юм бэ?. Яг одоо бол инфляци өндөр байна, Чингис бондын хүүгийн өр төлөгдөөд эхэлсэн ийм үед бид гэрээ нурааж тоглож болохгүй. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.

-Засгийн газраас жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгосон нь зөв алхам боловч эргээд үнийг хөөрөгдчихлөө. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үнэд хяналт тавьж чадахгүй байна. Улстөрчид барилгын бизнес эрхэлдэг нь эргээд хяналт тавихад төвөгтэй болгоод байгаа юм болов уу?

-Барилгын үнэ өсөөд байгаа нь аль нэг газарт бодлогын алдаа гаргачихав уу гэж харж байна. Гэхдээ төр барилгын салбарын үнийг бүгдийг барина гэвэл бүтэхгүй асуудал шүү дээ. Харин төртэй гэрээ байгуулж хөнгөлөлттэй зээл авсан барилгын компаниуд тавьсан шаардлагыг нь биелүүлээд явах ёстой. Монгол Улс чөлөөт зах зээлтэй орон.

-Засгийн газартай гэрээ байгуулсан байгуулаагүй эрэлтээр далимдуулж үнэ өсгөж иргэдийг чирэгдүүлж байгаа барилгын компанид төрийн нударга хэрэгтэй юм биш үү. Чөлөөтэй зах зээл нэрийн дор арай л хэтэрхий үнийг хөөсрүүлж байна? 

-Чөлөөт зах зээлтэй оронд төр нь үнэ ханштай хэтэрхий ноцолдвол алдаа гаргаж,  илүү их зардал гаргаж магадгүй. Түүний оронд үнийг тогтвортой байлгаж, буулгах арга замыг олох ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар барилгын материалын үнийг тогтвортой байлгахын тулд үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олголоо.

Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэр жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж байна. Хуучин жилдээ 500 мянган тонныг үйлдвэрлэдэг байсан. Монгол Улсын цементийн жилийн хэрэглээ 1.5 сая тонн гэж Барилга, хот байгуулалтын яамныхан хэлдэг. Цаашдаа  том том төслүүд хэрэгжихээр цементийн хэрэглээ 2 сая тоннд хүрнэ гэсэн судалгаа ч бий.

Тэгэхээр Хөтөлийн цементийн үйлдвэр хүчин чадлаа өсгөөд дангаараа 1 сая тоннын хэрэглээг хангаад, бусад компаниуд нь үлдсэн хэрэгцээг хангаад явахаар барилга барихад хамгийн их шаарддаг бүтээгдэхүүний нэг болох цементийн үнэ тогтвортой болно. Эргээд барилгын үнэ ханш өсөхгүй байх бололцоог бүрдүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс барьж байгаа барилга бүрийнхээ цементийг урд хөршөөс зөөлөө. Замын-Үүдэд бөөн түгжрэл үүсдэг, барилга ид баригдаж эхлэх улиралд. Манай “нөхдүүд” уг нь зөв л эхлүүлсэн.  Шатахууны үнэ энэ хугацаанд нэмэгдсэнгүй. Хайрга дайрга нийлүүлэгчид нь бас дотоодынх. Гол нь ашиглалтад орсон орон сууц ховор байгаа нь эрэлтийг өсгөж үнэд нөлөөлөөд байна.

Цаашид гэр хороолол дахин төлөвлөлтөд орж, орон сууцнууд олноороо баригдаад ашиглалтад орохоор үнэ бууна. Үнэхээр чанартай материал ашиглаж барилга сууц барьсан бол түүнийгээ дагаад үнэ нь арай өндөр л байх биз. Сууриа зөв тавьчихсан юм чинь нэг их удахгүй үнэ тогтворжино л гэж харж байна.

Барилгын салбар бол ашгийн байгууллага. Бүгдийг нь 100 хувь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна гэвэл бүтэхгүй, боломжгүй ч зүйл. Тэгэхээр хөтөлбөрт хамрагдсан нь үүргээ биелүүлээд явахаар үнэ ханш тогтворжино.

-Газар чөлөөлөлтөөс болж гэр хорооллыг барилгажуулах ажил удааширч байна. Газрын тухай багц хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, танай байнгын хороо хуулийн төсөл дээр ажиллаад байсан ч хаврын чуулганы хугацаанд батлагдаж чадсангүй. Гэтэл газар чөлөөлөлт хүлээгдээд байдаг. Яах вэ?

Чуулган

Иргэдийг хохироож болохгүй. Тэр тусмаа тухайн орон нутагт амьдардаг иргэдийн 70 хувь нь газраа чөлөөлөхийг зөвшөөрсөн нөхцөлд газар чөлөөлдөг дэлхийн жишиг бий. Түүнийг хууль болгоод явах нь зөв байх гэсэн байр суурь илэрхийлмээр байна.

-Одоогийн нөхцөлд газрын үнэлгээ маш бага байгаа. Нэг ам метр газрын үнэ 13800 төгрөгийн үнэлгээтэй. Дээрх үнээр тооцон газраа чөлөөлөхөөр эргээд байшин, хашаа худалдаж авах боломжгүй. Үүнээс болоод газар чөлөөлөлт саармаг байгаа болов уу. Гэтэл цаг хугацаа тулчихсан, Амгалан станцыг барих шаардлагатай байдаг. Энэ нөхцөлд хот газрын үнэлгээгээ өөрчлөөд ажлыг явуулж болдоггүй юм уу. Намрын чуулган эхлэхийг харвал арван сар хүрнэ шүү дээ?

-УИХ-аас Газар чөлөөлөх хуулийг баталж эрх зүйн орчин тодорхой болох ёстой. Өнөөдөр  бодит байдал ямар байна вэ гэхээр иргэд газраа аль болох өндөр үнээр худалдах сонирхол байна,  харин төр аль болох бага үнээр авахыг боддог.

Гэтэл нөгөө талдаа нийтийн төлөө хийх ёстой ажил ганц айлын газар чөлөөлөлтөөс болоод хойшлогдож нийтээрээ хохироод сууж болохгүй. Цахилгаан, дулааны шугам сүлжээ тавигдаж, барилга байшин, цэцэрлэг сургууль баригдах ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд, хотын захирагчийн ажлын алба аль аль талдаа уян хатан хандах ёстой. Ойлголцож ажил явна. Түүнээс нэг нэгдээ үнэд ороод бүтэхгүй.

Жишээ нь, нэг айлын газрын төлбөрт гурав, дөрвөн айлын газрын төлбөр төлөх нь шударга биш биздээ. Тэгэхээр газрын үнийг бодит зах зээлийнх нь үнээр гаргаж иргэдээ ч хохироохгүй төр ч хохирохгүй ажил явах ёстой.

Түрүүний хэлсэн дэлхийн жишиг ч байна, тухайн орон нутагт оршин суугаа иргэний 70 хувь нь газраа чөлөөлөхийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд 30 хувь нь олонхио дагаад явдаг. Түүгээр л явах ёстой.

УИХ-ын хувьд Газрын тухай багц хуулийг намрын чуулганаараа баталж цэгцэлнэ.

-Хаврын чуулганаар танай байнгын хороогоор Дулааны V цахилгаан  стан­­­цын  газрын  асуудлын талаар мэдээлэл сонсох үед та “Хөлийн голд V цахилгаан станцыг барих нь байгаль экологид халтай” гэж байр сууриа илэрхийлж байсан. Гэвч гэр хорооллыг барилгажуулж орон сууцны шинэ хороолол боссон нөхцөлд цахилгааны эх үүсвэр шаардана. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нэг дүгнэлт гаргах юм шиг байсан. Юу болж байгаа бол?

-Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хан­гамж нь хэрэглээнийхээ өсөл­­­төөс хоцроод олон жил өн­гөр­сөн. Төвийн эрчим хүч­ний системийн цахилгааны дөрөв­ний нэг, дулааны тавны гурвыг дангаараа V цахилгаан станц хангахаар төлөвлөсөн. Харин  II, III  станцтай нийлээд Улаан­баатар хотын дулааны ца­хилгаан станцуудын нийлбэр хү­чин чадал 1585 гигакалори цаг.

2010 онд дулааны хэ­рэг­цээ 1555 гигакалори цаг болж, үйлдвэрлэх хүчин чад­лаа­саа давсан байдаг. Урин ду­­лааны улиралд цахилгаан стан­­цууд оргил ачаалааллаараа ажил­лаж, хэрэглэгчдэд цахил­гаан түгээж байна.

Энэ нь өв­лийн ид хүйтний улирал ирэхэд ачааллаа давах, нөөц боломж бидэнд байна уу гэ­сэн асуултыг үлдээж байна. Нөхцөл байдал амаргүй ч  Баян­зүрх дүүрэгт харьяалагдах Хөлийн голын хөн­дийд V цахилгаан  станц барих  нь байгаль орчин  талаа­саа асар их  халтай.

Хувь гишүүнийхээ зүгээс би тэнд станц барихыг  дэмжихгүй байгаа.  Гэхдээ холбогдох яам  нь байгаль орчны дүгнэлтээ ха­раахан танилцуулаагүй байна.