УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.06.18

Л.Болд: Манай иргэд 20 гаруй оронд визгүй зорчдог

Засгийн газрын өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар ХБНГУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих тухай шийдвэр гаргасан. Уг шийдвэр энэ оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх бөгөөд үүнтэй холбоотой ноот бичгийг өчигдөр Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Петер Шаллерт гардуулсан юм. Энэ үеэр Элчин сайд Петер Шаллер уг шийдвэрийг гаргаснаар Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна хэмээж байв.Уг арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Л.Болдоос зарим зүйлийг тодруулаа.

-Манай улсад ХБНГУ- ын иргэд визгүй зорчдог болж байгаа юм байна. Герман улсад манай иргэд хэзээнээс визгүй зорчих вэ?

-Манай хоёр улс энэ сарын эхээр эхний ээлжинд дипломат паспорттай иргэдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь ирээдүйд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих үндэс тавигдаж байна гэсэн үг. Тиймээс манай талаас санаачлан Германы иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаагаар визгүй зорчих эрх олгох нь зөв гэж үзсэн юм.

-Ер нь одоогоор монгол иргэд ямар орнуудад визгүй зорчиж байна вэ. Цаашид визгүй зорчих улсуудын тоог нэмэгдүүлэх үү?

-Манай Засгийн газрын гадаад бодлогын чиглэлийн зорилтуудын хамгийн эхэнд монгол иргэдийн дэлхийн олон улс оронд визгүй зорчих нөхцөл бололцоог хангах асуудлыг тавьсан. Ялангуяа ОХУ, Европын холбооны улсууд, Америк, Япон, Солонгост эхний ээлжинд визний хөнгөлөлт үзүүлэх, цаашид визгүй зорчдог болгох чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.

Иргэд гадаад орнуудад зөрчил гаргахгүй байна гэдэг бусдынхаа төлөө том буян хийж байгаа хэрэг.

Бүрэн эрхийн хугацаанд энэ чиглэлээр их ахиц гаргахаар зорьж байгаа. Одоогоор манай улсын иргэд 20 гаруй оронд визгүй зорчиж байна. Үүнийг цаашид хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой. Хамгийн гол нь чанарын асуудалд анхаарч байгаа. Аль болох олон монгол иргэн амьдарч байгаа, зорчих сонирхолтой, шаардлагатай, эдийн засгийн болон аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажилладаг улс орнуудыг визгүй болгохоор зорьж байна.

-Визгүй зорчих боломж нээгдэж буйтай холбоотойгоор ямар нэгэн зөрчил гарах асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-1990-ээд оны үед манай эдийн засгийн байдал хүнд байсан учраас монгол иргэд гадаадад зорчихдоо хууль бусаар үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг зөрчил гаргадаг байсан. Сүүлийн үед энэ байдал засарч байгаа.

Ер нь иргэд гадаад орнуудад зөрчил гаргахгүй байна гэдэг бусдынхаа төлөө том буян хийж байгаа хэрэг. Монголчууд зөрчил гаргадаггүй, асуудалгүй хүмүүс шүү дээ гэсэн итгэлцлийг бий болгоно гэсэн үг.

-Сүүлийн үед гадаадад ажиллаж буй Элчин сайдуудаас хариуцлага алдсан тохиолдол яригдаж байгаа. Тухайлбал, Германд суугаа Элчин сайд Б.Даваадоржийн талаар мэдээлж байгаа шүү дээ. Ер нь ийм нөхцөлд ямар хариуцлага тооцох ёстой вэ?

-Элчин сайд бол төрийн албан хаагч. Тодорхой зөрчил дутагдал гаргасан бол түүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Элчин сайдыг томилдог газар нь УИХ. Хариуцлага тооцох механизмыг нь Гадаад харилцааны яам хэрэгжүүлж байгаа. Хэрэв зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхцөлд хариуцлага хүлээж л таарна.