Б.Мөнхбаатар: Төр бүгдийг барьж “базах” нь өрөөсгөл
“Glogex Holding”-ийн ерөнхийлөгч Б.Мөнхбаатараас ашигт малтмалын хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаарх байр суурийг нь сонирхлоо.
Монголд одоогийн байдлаар арилжааны банкаас зээл авахад заавал үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг.
Тэгэхээр бид төслийг байгуулахын тулд 30 сая долларыг ямар нэг хөрөнгөө барьцаалж байж авах хэрэгтэй болдог. Энэ нь өөрөө ломбардны арга учраас манай улсын банкны бодлого ерөөсөө явахгүй байгааг харуулж байна.
Монголд мөнгө байхгүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд олон улсын санхүүгийн институцийг монголд оруулж ирэх ёстой. Үүнд нь таарсан зохицсон хууль, эрх зүйн орчих байх ёстой гэж харж байна.
БНХАУ-ын Газрын нөөц, баялгийн сайд Xu Shao Shi:" Уул уурхайн салбарын хөгжил манай улсын ирээдүйн эдийн засгийн чиг хандлагад шууд нөлөөлөх нь гарцаагүй. Ашигт малтмалын нөөц ихтэй улс орнуудын гадаад худалдааг харгалзахгүй өнгөрөөж болохгүй".
Дэлхийн зах зээл дээр Хятад, Америк зэргийн улсуудын зээлийн сарын хүү 0,2 хувь хүүтэй байдаг. Гэтэл тэр мөнгө өнөөдөр монголд яаж орж байна гэхээр их олон шат дамжлагыг дамждаг. Ингэж олон зуучлалын компаниар дамжиж явсаар байгаад монголын зах зээл дээр орж ирэхдээ сарын 8 хувийн хүүтэй болоод орж ирдэг. Арилжааны банкаар дамжуулж биднийг зээл авахад 15-22 хувийн хүүтэй зээлийг авахаар болдог. Төсөл эзэмшиж байгаа хүнд энэ их хүндрэлтэй байдаг. Тиймээс ерөөсөө уул уурхайн компаниудад баталгаажсан нөөцөө үзүүлээд, зээлээ авах боломжийг олгох хэрэгтэй.
Үүнээс гадна одоо энэ шинэ зохицуулах хуулиар төрийн нөлөөллийг багасгах ёстой. Ингэснээр хөрөнгө оруулагчдад итгэл найдварыг төрүүлэх юм.
Тэрнээс биш төр дан ганц бүгдийг барьж базаад байх нь өрөөсгөл. Төр өөрийнхөө аппаратынхаа хувьд ч хүрэхгүй, монгол чинь цөөхөн боловсон хүчинтэй учраас энэ бүгдийгээ бодолцох хэрэгтэй.
Одоо ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх ашигт малтмалын шинэчилсэн найруулгын хуулийн төслийг гадна, дотны хөрөнгө оруулагч компаниуд, хайгуул олборлолтын жижиг компаниуд ч тэр чих тавин ажиглаж байна. Нэг ёсондоо хүлээлтийн байдалтай байна. Манай компаний хувьд энэ жил урд жилүүдийнхээс илүү ажил бага байлаа, ажил олгогчийн хувьд ч хөрөнгө багассан гэж хэлж болно. Учир нь 2012 оны их хурлын сонгууль, улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг үргээхэд хүргэсэн.