Хаягжуулалтын тухай хуулийн төслийг батлав
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны эхэнд Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй зарим санал гарсаныг тус байнгын хорооны гишүүн Л.Болд танилцуулсан. Тус байнгын хорооноос тавхан бүлэгтэй цомхон хэдий ч агуулгын хувьд ихээхэн ач холбогдолтой хууль тул түүнийг чамбайруулах нь зүйтэй хэмээн гишүүд үзэж, ажлын хэсэг байгуулаад байсан юм.Танилцуулгын дараа хуулийн төслийн талаар асуулт асуух, үг хэлэх гишүүн байхгүй байсан тул зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж төслийг баталлаа.
Дараа нь Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад холбогдох байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан ч гишүүдийн олонх энэ саналыг дэмжээгүй тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
“УИХ-ын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн тухайд Төрийн байгуулалтын байнгын хороо ээлжит хуралдаанаараа хэлэлцэн хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс авсан саналыг харгалзаж 14 хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэснийг тус байнгын хорооны дарга А.Бакей гишүүдэд танилцуулав.
Харин түүний танилцуулгатай холбогдуулан Д.Лүндээжанцан гишүүн, бид Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн талаар нэлээд ярьсан. Жил ирэх тусам зуд турхам нүүрлэж малчдын маань амьдрал доройтож байна. Энэ хуулийг энэ хавар батлачихвал ирэх намраас малчдад эрсдэлээ багасгах боломж гарч ирнэ. Гэтэл энэ хууль жагсаалтад багтаагүй байна гэхэд А.Бакей гишүүн, Сангийн яам өнгөрсөн 7 хоногт энэ хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулсан байгаа. ЗГ-ын зүгээс хуулийн төслийг бүрэн боловсруулж өргөн бариагүй байгаа тул дараалалд оруулах боломжгүй юм. Хэрвээ хаврын ээлжит чуулган эхлэхээс 7 хоногийн өмнө өргөн бариад УИХ-ын даргын захирамж гарвал бусад гэсэн жагсаалтад хамруулах боломжтой хэмээн хариулсан.
Ийнхүү ирэх чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсны дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг мөн шийдэж дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.