Африкийг "цөлмөсөн" өнөөгийн баячуудад хариуцлага тооцно
Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс Африк тивээс үе, үе тэрбумтнууд Европ, АНУ, Азийн хөгжингүй орнууд руу гарах болсон. Өөрөөр хэлбэл цагаачлах болсон. Мэдээж өндөр татвар төлөөд тухайн улсын иргэншил авах бүрэн боломжтой. Гана, Тринидад ба Тобаго зэрэг орноос хамгийн их баячууд төрсөн байх жишээтэй. Тухайн үед ямар нэг гомдол санал хаанаас ч ирж байгаагүй.
Өнөөдөр мэдээллийн эрин зуун дэлхийг хамарч, Африкийн ихэнх улсын иргэд бичиг үсэгтэй болжээ, дэлхийд өөрсдийн гэсэн байр сууриа олсоор байна.
Мэдээж цаг хугацаа өнгөрөх тусам иргэдийн амьдрах орчин, дэлхийг таних боломж бололцоо нээгдсээр байгаа. Үүний хэрээр Африкийн орнуудын иргэд ч боловсролдоо анхаарал ихээхэн хандуулж буй нь үнэн.
Харин сүүлийн үед Африкийн холбоонд Конго, Гана зэрэг орны эрх баригчдаас тухайн улсаас гадны оронд цагаачлалын өргөдөл өгсөн мэдээлэл шаардах болсон талаар СNN агентлаг онцолсон юм. Эхний ээлжинд аль улсаас ямар иргэн цагаачлах талаар жагсаалт гаргахыг хүссэн өргөдөл Африкийн холбоонд хүргүүлсэн байна. Харин өчигдөр тус холбоонд "Африкийн аль нэг улсаас бусад орон руу гарсан тэрбумтнуудын талаар мэдээлэл хүсэж байна. Одоо дэлхийн банкуудад ямар хүн хэчнээн сая ам.долларын данс эзэмшдэг" талаар мэдээлэл олж өгөхийг шаардсан утга бүхий ил захидал ирсэн аж. Тус захидалд "Буруу гараар баяжсан хүн болгоныг эх оронд нь хар ажил хийлгэх, дансан дахь мөнгө, эд хөрөнгийг нь олон улсын шүүхээр хураалгах болно" гэдгийг дурьдсан байна.
Уг нь хэдхэн жилийн өмнө "Forbes" сэтгүүлээс Африкийн анхны тэрбумтан эмэгтэйг тодруулж байсан. Анголын Ерөнхийлөгчийн том охин Изабель Дос Сантос Африкийн хамгийн анхны тэрбумтан эмэгтэй болсон.
Тэрээр өдгөө 40 гарсан түүний хувьд Португалийн нэгэн телевизийн захирал бөгөөд тус улсын хэд хэдэн компанийн хувьцаа эзэмшигч аж. Эцэг нь Ерөнхийлөгч, охин нь тэргүүн баян. Анголын төв банкинд маш их хөрөнгөтэй түүнийг АНУ-ын Миами дахь нэгэн кафегийн ашгаас эх үүсвэрээ олсон талаар хэвлэлийнхэн онцолдог. Мэдээж түүний хувьд өөрийн бизнесийн амжилтаа тэр бүр дэлгээд байхгүй нь ойлгомжтой. Анголын хувьд хүн амд ногдох өдрийн орлого нь ердөө хоёр ам.доллар байдаг нь газрын тосны баялаг ихтэй тэрхүү улсад байж боломгүй тэгш бус хуваарилалт. Энэ бол энгийн жишээ.
Зарим нь улс орноо биш тивийн хөгжилд санаа зовж байх жишээтэй. Судан улсын тэрбумтан Мо Ибрахам Африк тивийн хөгжилд гар бие оролцох хүсэлтэйгээ өмнө нь мэдэгдэж байсан. Чухам хөгжлийн ямар шинэ зүйл Африк тивд амлаад байгаа нь тодорхой бус. Тэрбээр "Африкийн улс орнуудад шинэ Засаг, шинэ хүчин хэрэгтэй" хэмээн үүнийгээ тайлбарласан. Чухам улс төрийн хувьд шинэчлэл хийх нь зөв гэсэн санааг илэрхийлэх гээд байгаа юм уу, тивийн хөгжилд ямар нэгэн байдлаар гар бие оролцох хүсэлтэй гэдгээ илэрхийлээд байгаа эсэх нь ойлгомжгүй. Тэрбээр "Cell Тell" корпорацийг үүсгэн байгуулагч бөгөөд өдрийн орлого нь зардлаасаа хэдэн сая дахин эргэлддэг нэгэн аж. Африк тивийн хөгжилд ямар үүрэг гүйцэтгэх, санхүүгийн тусламж дэмжлэгийг хаана яаж үзүүлэх талаар тэрбээр ихэд санаа зовж буйгаа удаа дараа илэрхийлсээр байсан. Түүнийг Суданы сөрөг хүчнийхэн шүүхэд өгч байсан. Эзэмшдэг корпорацийх нь анхны эх үүсвэр хаанаас гарсан эсэхийг тодруулахыг хичээсэн боловч прокурорын шатан дээр гацсан аж.
Харин зарим нь тивийн хөгжилд үнэхээр санаа зовж, үүнийгээ ажил хэрэг болгосоор байгаа. Жишээ нь, "anglo Coal” Өмнөд Африкийн цэвэр ус хангамжийг сайжруулсан. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад "Emalahleni" ус цэвэршүүлэх байгууламж цэвэр усны байгууламжийг сайжруулсан. "anglo Coal”, "ВНР Вilliton"-ы охин компани " ВНР Вilliton Energy South Agrica” хамтран 300 сая өмнөд африк ранд буюу 43 сая ам.доллараар энэхүү ус цэвэршүүлэх байгууламжид зарцуулсан. Энэ хэмжээний хөрөнгөөр юу ч хийж болохыг дээрх жишээ харуулсан. Харин тус тивээс төрсөн тэрбумтнууд улсынхаа хөгжилд төдийлөн анхаарал хандуулах нь юу л бол. Хааяа нэг эрсдлийн сан, хандивын цэнгүүн дээр таарах нь энүүхэнд.
Ер нь л Африк тив хэзээнээс "Найдваргүй тив" гэсэн тодотголтой байсаар ирсэн. Харин 2010 онд уг тодотголыг ӨАБНУ өөрчилж чадсан. Тус улсын ихэнх иргэд нь гадны буюу цагаан арьстай хүмүүс байдаг нь нууц биш.
Мөн ашигт малтмалын баялаг нөөцдөө тулгуурласан эдийн засгийн оновчтой бодлого явуулж чадсанаар дэлхийн хамгийн хөгжингүй улсын нэгд тооцогдох болсон нь нэгийг өгүүлж буй. Харин Нигери улс хэрвээ яг тэдэн шиг замаар явсан бол өдийг ӨАБНУ-ын оронд байх ёстой. Гэвч өнөөх улс орны баялгийг цөлмөдөг, гадагшаа идэж уугаад цагаачилдаг эрх баригчид ихтэй тул хөгжил нэг ёсондоо гацсан.
Уг нь "Африк" гэхээр иргэний дайн, тулаан, ашигт малтмалын хууль бус олборлолт, байгалийн гамшиг санаанд ордог байсан үе бий. Харин өнөөдөр Африкийн Сахара орчмын орнуудын эдийн засгийн хөгжил хурдацтай нэмэгдэх хандлагатай болоод байгаа нь дээрх ойлголтыг өөрчилж буй. Хамгийн гол нь 10 гаруй жилийн өмнө иргэний дайн болоогүй байсан бол, эрх баригчид нь эх орны баялгаа хуваан дэлхийн өнцөг булан бүрт цагаачлаагүй байсан бол өдгөө хөгжил дэвшил нэг байтугай нэлээд хэдэн алхмаар урагшилсан байх бүрэн боломжтой байсан гэдгийг судлаачид тайлбарладаг. Ямартай ч тухайн үеийн эрх баригчид, "эдийн засгийн гацаа болсон баялаг цөлмөгсөд удахгүй олон улсын шүүхийн өмнө хариуцлага тооцох цаг ойртсон талаар томоохон хэвлэлийн агентлагууд онцолсоор байна.
Тивийн эдийн засгийн нэг жилд дунджаар зургаан хувиар өсөх чадвартай байна гэдгийг эдийн засагчид мэдэгдсэн. Өнгөрсөн жилийн хувьд Субсахара бүсийн орнуудын эдийн засгийн өсөлт нь 5.4 хувиар нэмэгдсэн. Сахар орчмын улсуудын улс төрийн тогтвортой байдал, түүхий эдийн үнийн өсөлт зэрэг эдийн засаг, санхүүгийн ирээдүйн төлөв нь Африкийн орнуудын гол давуу тал болсон гэхэд хилсдэхгүй. Баялагтай орны, эрх мэдэлтэй дарга нар дахин ашигт малтмал, уул уурхайн олборлолтоос хөрөнгө "шамшигдуулах" боломж үгүй болсон. Жишээ нь Замби улс шинжээчдийн хэлж байгаагаар түүхий эдийн эрэлт тус улсын эдийн засагт маш их нөлөөлж байгаа бөгөөд эрх баригчид нь ард түмний өмнө үйл ажиллагаагаа нээлттэй явуулсаар байгаа аж. Мөн сард хоёр удаа тайлан тооцоо Африкийн холбоонд хүргүүлж байгаа гэдгийг “African Union” баталсан.