Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг тордох хэрэгтэй гэв
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж батлахаар УИХ-аар хэлэлцэж байна. 1996 онд баталсан уг хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Учир нь, тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо цөөн, чөлөөт сэтгүүлзүй дөнгөж хөгжиж байсан үе. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг шинэчлэн найруулж батлахтай зэрэгцэн нэлээд шүүмжлэл гарч буй. Уг хуулийн талаар УИХ-ын зарим гишүүн ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Г.Баярсайхан: Сэтгүүлчдэд заавал эрүүгийн хариуилага хүлээлгэх шаардлагагүй
-Хууль тогтоох байгууллага Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлахаар хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй танилцсан уу?
-Хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглалынхан гэдэг. Энэ үг их учиртай. Өөрөөр хэлбэл, төр засгийг хянах байгууллага бусдаас хараат бус байх ёстой, Тиймээс Хэвлэл мэдээллийн тухай хууль дахин орж ирж байна. Өмнөх хуулиас улам сайжирч, либерал ардчилсан, төр, хөрөнгө оруулагчдаас хараат бус байх ёстой.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
Сүүлийн үед манай нөхдүүд буюу Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг төрөл болох цахим хуудасны сэтгэгдлийг хянана гэж яриад бййгаа. Энэ оновчтой" зүйл биш. Ард иргэд уншсан зүйлийнхээ талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Тэрхүү сэтгэгдлүүд дотор хүнийг гутаан доромлох, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн зүйл байдаг. Тэхдээ үүнийг тухайн сайт гаргахгүй, хааж болно. Мөн кабелийн 20 гаруй телевизийг хаана гэж байна. Энэ бол хэрхэвч болохгүй. Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд энэ асуудалд нэг шатаар ухарсан нь дээр. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иймэрхүү байдлаар хандвал манай улс Белорус, ОХУ, БНХАУ шиг болно. Энэ улсуудад сэтгэгдлийг хянаж, хэрэв коммент үлдээх гэж байгаа бол тухайн хүн регистрийн дугаараа бичдэг гэсэн.
-Өмнөх Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд сэтгүүлч гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээдэг байсан. Одоо батлах гэж буй хуульд ийм зүйл заалт байхгүй гэсэн.
-Хууль иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой гэсэн байр суурьч энэ хуульд мөрдөгдөх естои. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан улс төрийн зорилгоор хэн нэгнийг гутаан доромжилбол тухайн сэтгүүлчдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэн гэхгүйгээр өөр аргаар шийдэж болох байх гэж бодож байгаа. Учир нь, тэднийг бусад улс төрийн нам хүчнүүд дарамталж, хааж боогдуулж магадгүй.
Ц.Даваасүрэн: Ор үндэслэлгүй мэдээлэл бичвэл хариуцлага тооцох ёстой
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлахаар чуулганаар хэлэлцэж байна. Уг хуулийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд зайлшгүй нэг зүйлийг өөрчлөх хэрэгтэй харагдсан. Учир нь, тухайн байгууллагын эзэн юу гэж дуугарна түүний үгээр явах байдал ажиглагдаад байгаа. Тухайлбал, Оюу толгой нэг хэвлэлтэй байя гэж бодъя. Тэгвэл тэр нь Оюу толгойг муулахгүй, бүх зүйлийг нь магтана. Манайд иймэрхүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэр сэр бий. Үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс тухайн байгууллагын хөрөнгө оруулагчийг олон нийтэд мэдээлэх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Нөгөө талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэн зөв, бодитой зүйлийг мэдээлмээр байна. Жишээлбэл, саяхан хэвлэлүүдээр намайг дүүгээ Татварын ерөнхий газрын дэд даргаар тавьсан тухай мэдээлэл цацагдсан. Гэтэл би хоёрхон дүүтэй. Дүү нар маань нутагтаа өөр өөрсдийнхөө ажлаа хийгээд явж байна. Нэг дүү тогооч, нөгөө нь техникч хийдэг. Ор үндэсгүй зүйл ярьж, бичдэг зүйл байж болохгүй. Тиймээс энэ мэтийн зүйлийг уг хуульд тусгаж, хязгаарлаж өгөх хэрэгтэй.Шударга үнэн мэдээллийг эздийн нөлөөлөлд автахгүйгээр хүргэх зохицуулалтыг уг хуульд оруулж өгөх ёстой.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай зэрэгцээд Засгийн газраас цахим хуудас дахь сэтггэгдэл болон кабелийн телевизүудийг хаана гэж ярьсан. Энэ хэр оновчтой юм бол?
-Цахим хуудасны сэтгэгдлүүдийг хаах нь буруу. Миний хувьд үүнийг дэмжихгүй. Иргэд бичвэл бичнэ л биз дээ. Айх зүйл байхгүй бол хаалгах гээд байх шаардлагагүй шүү дээ. Харин гүтгэх, доромжлох асуудлыг манайхан хаана хаанаа бодох цаг болсон. Ор үндэслэлгүй зүйл биччихээд ямар ч гэмгүй царайлж болохгүй.