Уул уурхай, зам барилгын салбарынханыг шилдэг технологи, тоног төхөөрөмж хүлээж байна
- Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Ирэх 4 жилд бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно" гэлээ.
Мөн Монгол Улсын төрөөс барилга, уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. “Эхний ээлжинд бид барилгын материалаа дотоодоосоо хангах зорилго тавьж байна. Тухайлбал Хөгжлийн банкны санхүүжилтээр цемент, арматурын 15 үйлдвэр байгуулах төслийг Засгийн газраар хэлэлцээд, Хөгжлийн банкинд хүргүүлж байна. Мөн импортоор заавал авах шаардлагагүй 15 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татварыг нэмэгдүүлэх замаар дотооддоо үйлдвэрлэх бололцоогоор хангах хуулийн төслийг Засгийн газарт оруулж байгаа. Удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Мөн орон нутаг болоод нийслэлд барилгын төрөл бүрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд импортын татварыг чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж байна” гэлээ.
Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэ үзэсгэлэн есдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжлэнэ. Дэлхийн 24 орноос уул уурхай, барилгын салбарын 200 гаруй компани сүүлийн үеийн шилдэг техник технологио танилцуулахаар авчирсан байв. Үзэсгэлэн ийнхүү өргөн цар хүрээтэй болж байгаа нь манай улсад барилга, уул уурхайн салбарт эрчимтэй хөгжиж байгааг харуулж байна. Түүнчлэн гадаад орнуудаас манай улсад суугаа элчин сайдууд өндөр ач холбогдол өгч нээлтийн ажиллагаанд оролцлоо.
Энэ үеэр уул уурхайн олборлолт, хайгуул, зам барилгын салбар дахь хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг дэлгэсэн байв. Тухайлбал, бутлуур, өрөмдлөгийн тоног төхөөрөмж, холын холбоо, ажлын хувцас хэрэглэл, бүхий л төрлийн боолт, жийргэвч, дамжуулах хоолойн систем зэргийг эндээс үзэж сонирхож, худалдан авах боломжтой байсан..
Цаашдаа “Mining Mongolia-2012-Building and construction Mongolia 2012” үзэсгэлэнг жил бүрийн есдүгээр сард уламжлал болгон зохион байгуулж байхаа зохион байгуулагчид хэлж байлаа. Барилга, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг хэн бүхэн энд ирээд, хэрэгцээт мэдээллээ аваад, хамтран ажиллагчаа олох боломж нээлттэй. Барилга, хот байгуулалтын салбар дахь хамгийн том бүтээн байгуулалтыг эдийн засагчид “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд баригдах 100 мянган айлын хөтөлбөр гэж дүгнэдэг. Тийм ч учраас барилга, уул уурхайг холбосон үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр энэ хөтөлбөрийн үйл явцын талаарх танилцуулгыг хийхээр төлөвлөсөн байлаа..