Засгийн газраас үнэгүй газар өгч, дэд бүтцийг нь шийдвэл орон сууцны үнэ буурна
2012.08.22

Засгийн газраас үнэгүй газар өгч, дэд бүтцийг нь шийдвэл орон сууцны үнэ буурна

ТОВЧХОН
Өчигдөр шинээр томилогдсон Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан салбарынхаа ажилтай танилцсан. Үүний хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэр орон сууцжуулах хөтөлбөрүүдийн хэрэгжилт, барилгын үнэ зэрэг асуудлаар голчлон ярилцсан юм.

Тухайлал, орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн, “4000 айлын орон сууц”, “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт болон одоо хэрэгжиж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудлаар хэлэлцсэн. Мөн орон сууцжуулах хөтөлбөрүүдийг ямар байдлаар явуулах нь үр дүнтэй талаар харьцуулсан дүгнэлтийг гаргаж, хямд үнэтэй барилгыг иргэдэд өгөх талаар голчлон ярьсан юм.

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт сайн байсан гэлээ

2007, 2009 онд “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Сангийн яам бонд гаргаж, санхүүжилтийг хөтөлбөрт оролцож буй арилжааны банкинд 7 хувийн хүүтэйгээр өгсөн байна. Харин банкууд Орон сууцны санхүүжилтийн корпорацид 11 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлүүлснээр орон нутаг дахь барилгаа санхүүжүүлдэг байсан аж. Арилжааны банк ОССК-тай хамтран барилгын компаниа сонгож, барилгаа барьж дуусгасан компанид мөнгийг нь өгдөг байсан гээд “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрт банк нэлээд үүрэгтэй оролцсон байна.

Харин 2010-2011 онд хэрэгжсэн “4000 айлын орон сууц” хөтөлбөрийг дээрх хөтөлбөрөөс өөр байдлаар хэрэгжүүлсэн аж. Ингэхдээ квотоор орон сууцны зээлд хамрагдах 4000 төрийн албан хаагчдийг сонгосон байна. Квоттой төрийн албан хаагчид зах зээл дээр борлогдохгүй байгаа байрнаас сонгож, ОССК-д хандсанаар зээлийг нь шийдэж, тухайн барилгын компани, эсвэл зээлтэй банк руу нь шилжүүлж байсан аж. Ийнхүү зээлийг банкаар дамжуулалгүй ОССК зохицуулж ажилласан нь үр дүнтэй болсон гэж удирдлагууд нь дүгнэж байгаа гэнэ.

Гэхдээ тухайн үед Орон сууцны санхүүжилтийн корпорацийг шууд зээл өгч банк шиг ажиллаж байна гэсэн шүүмжлэл их байсан бөгөөд банкууд болон эдийн засагчдын зүгээс арилжааны банкаар дамжуул гэсэн хүсэлтийг тавьж байжээ. Тиймээс энэхүү хүсэлтийн дагуу одоо хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээлийг банкуудаар дамжуулан олгож байгаа юм байна. Түүнээс гадна ОССК-аар дамжихгүй бол арилжааны банкууд зөвхөн өөрсдийнхөө зээлдэгчдэд, эсвэл өөрөөс нь зээл авсан барилгын компаниудад иргэдийн зээлийг олгох магадлал өндөр байсан учраас хяналт тавих үүднээс ажилласан гэлээ. Мөн банкуудад ачаалал үүсгэхээс сэргийлсэн байна. Хэрэв банкин дээр хүсэлт хүлээж авсан бол олон мянган иргэн банкин дээр дугаарлан маш хүнд байдал үүсэх байсан гэсэн юм.

Ямартай ч өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт сайн байсныг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан хэлсэн. Тэрбээр “Орон сууцжуулах хөтөлбөрүүдээс хамгийн амжилттай хэрэгжсэн нь “4000 айлын орон сууц” хөтөлбөр бөгөөд одоогийн байдлаар 152 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэсэн. Манайх Сангийн яаманд хагас жил тутамд 6 тэрбум төгрөг эргүүлэн төлдөг тул зээлийн эргэн төлөлт сайн байгаа. Одоо 4200 хүн байртай болсон. Тухайн үед байрны ханш нэг сая төгрөгөөс доош байсан тул хоёр өрөө байрыг 30, 40 саяар авч байсан. Тиймээс иргэд энэ байраа алдахыг хүсэхгүй байгаа тул зээлийн эргэн төлөлт сайн байна. Хугацаанаасаа өмнө төлөгдсөн зээл ч их байгаа. Одоогийн байдлаар нэг тэрбум гаруй төгрөгийн зээл хугацаанаасаа өмнө төлөгдсөн байна” гэсэн юм.

“4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2010 онд 2300, 2011 онд 1900 төрийн албан хаагчдад нийтдээ 152 тэрбум төгрөгийн зээл өгсөнөөр ОССК-д төвлөрсөн зээлийн багц арилжааны банкуудынхаас илүү гарсан байгаа юм. Арилжааны томоохон банкууд 300 орчим тэрбумын зээлийн багцтай байдаг. Тиймээс хоёр жилийн туршид дундаж банкны төвшинд хүрч ажилласан гэдгийг хэлж байсан.

“4000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжихийн өмнө буюу 2009 онд барилгын салбар гацаанд орж, барилгын компаниуд зээлээ төлж чадахаа больсон. Ингэснээр арилжааны банкуудын чанаргүй зээл нэмэгдэж, барилгын компани борлуулалтгүй болсон үе. Тиймээс Засгийн газар барилгын салбарыг хямралаас гаргахаас гадна арилжааны банкийг давхар аваръя гэсэн зорилгоор төрийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Тухайн үед байр элбэг байсан тул орон сууцны үнийн хөөрөгдөл бууж, бодит үнэ дээрээ ирж байжээ. Ингэснээр төрийн албан хаагчдыг байртай болгосноос гадна барилгын компаниудын борлуулалтыг нэмэгдүүлж, арилжааны банкны чанаргүй зээлийг байхгүй болгосон аж. Хамгийн гол нь “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 2583, хөдөө,  орон нутагт 1617 иргэн байртай болжээ. Мөн арилжааны найман банкинд дээр байсан 104 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгдсөн аж.

Газрыг нь үнэгүй олгосон “Буянт-Ухаа” хорооллын орон сууц хямд байна

Харин “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хувьд хэрэгжилт нь муу байгаа, зээлийг удаан хугацаанд шийдэж байна, компаниудын жагсаалт гаргасан гэхчлэн олон шүүмжлэлд өртөөд байгаа. Түүнчлэн цаашид хэрэгжих эсэх нь ч асуудалтай байна гэж яригдсан. 100 мянган айлын орон сууцны жагсаалтыг гаргасанаараа олон барилгын компаниудыг дэмжиж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байсныг ОССК-иас тайлбарлахдаа “40 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж байх үед Засгийн газарт хаана хэрэгжиж байгааг заахад хэцүү байсан. Тиймээс жагсаалтыг гаргаж өгснөөрөө хэрэгжилтийг багцлах давуу талтай байсан тул энэхүү жагсаалтыг гаргасан” гэсэн юм.

Одоогийн байдлаар ОССК 3022 иргэний хүсэлтийг хүлээн авч Төрийн банк руу илгээсэн байна. Төрийн банк 329 хүнд 14 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зээлд хамрагдсан иргэд 85 компаниас байр сонгосноос 16 компанийн 319 байрыг хөдөө орон нутгаас сонгожээ. Харин үнийн хувьд дийлэнх нь буюу 37 хувь нь 1.5 сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууцыг сонгосон байна. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар сайн байгаа гэсэн үг биш, харин хамгийн хямд үнэтэй буюу м2 нь нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй байр олдохгүйд байгаа аж. Тиймээс орон сууцны нийлүүлэлтийн тал дээр ажиллах ёстой гэдгийг салбарынхаа сайдад уламжилж байлаа.

Мөн орон сууцны үнийг бууруулах талаар ч санал солилцсон юм. Тухайлбал, Нисэхийн арын дэнж дээрх Буянт-Ухаа хорооллын 2000 айлын орон сууцны барилгын эхний ээлжийн ажил эхэлжээ. Уг барилгын үнэ м2 нь 850 мянган төгрөг байгаа аж. Учир нь Засгийн газраас дэд бүтцийг нь тавьж өгснөөс гадна газар нь үнэгүй аж. Тиймээс хямд байх боломжтой гэнэ. Цаашид орон сууцжуулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хоёр арга байгаа талаар Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан “Дэлхийн олон оронд орон сууцны хөтөлбөрийг хоёр байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Үүний нэг нь санхүүжилтээр шийддэг. Нөгөө нь орон сууцаа захиалж хорооллоор нь хариуцаж ажилладаг юм. Үүнийг Тайланд, Солонгос зэрэг олон оронд амжилттай хэрэгжүүлсэн байна.

Мөн бид өнгөрсөн хугацаанд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн манай улсад Орон сууцны банк байгуулах шаардлагатай гэж үзсэн. Яагаад гэвэл Хөгжлийн банк орон сууцны салбар руу төдийлөн анхаарал хандуулж чадахгүй байгаа. Мөн моргейжийн зээл арилжааны банкуудаар дамжихаар банкуудын хүү дээрээс нь нэмэгдээд иргэдэд нэлээд хүндрэл учирч байгаа. Арилжааны банкуудын өндөр шалгуурыг доод, дунд орлоготой иргэд дааж чадахгүй байгаа. Тиймээс орон сууцны банкийг байгуулах ёстой юм байна гэдэг саналыг гаргаж байгаа. Ийм банк байгуулж зөвхөн дундаас доош орлоготой иргэдтэй ажиллах ёстой. Энэ нь арилжааны банкуудтай өрсөлдөх шаардлагагүй зөвхөн чиглэлийн банк байх хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс тус банк өөрөө мөнгөө босгодог, хадгаламж авдаг, Засгийн газрын баталгаатай бонд гаргадаг байх хэрэгтэй.

Орон сууцны банкийг Төрийн банкны суурин дээр байгуулбал тохиромжтой. Учир нь Төрийн банк нь  18 салбартай учраас хөдөө орон нутагт ч хүрэх боломжтойгоос гадна жижиглэнгийн зээлийг дунд орлоготой иргэддээ өгдөг болно. Мөн банк байгуулагдвал ОССК Буянт-Ухаа хороолол шиг томоохон хэмжээний нийлүүлэлт дээр Засгийн газрын өмнөөс санхүүжүүлэн, дэд бүтцийг нь шийдэж, газрыг нь үнэгүй өгвөл үнийн өсөлтийг хязгаарлах бололцоо үүснэ” гэсэн юм.

Ц.Баярсайхан: Уул уурхайн орлогын эх үүсвэрээр орон сууцны сан, чиглэлийн банк байгуулна

Орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилт болон барилгын үнийг бууруулах боломжтой эсэх талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цөөн хором ярилцлаа.

-Барилгын салбарыг хүлээж авсан сайдын хувьд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрхэн дүгнэж байна вэ?
-1996-2000 оны хооронд Ардчилсан холбоо эвсэл олонхи байхдаа орон сууц хувьчлах төрийн бодлого гаргасан. Өнөөдөр хэрэгжилт нь 99,96 хувь байгааг манай мэргэжилтнүүд мэдээлсэн. 4000, 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад Орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулж ажиллуулсан нь үр дүнтэй болсон гэж үздэг. Ялангуяа төрийн 4000 албан хаагчдийн орон сууцны хөтөлбөрт амжилттай хэрэгжиж, зээлийн эргэн төлөлт ч сайн байна гэж үзэж байгаа. Иргэдээ ажилтай орлоготой болговол орон сууц авах бололцоотой болж байна гэж үзэж байна. Тиймээс юуны түрүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ ч утгаараа шинэ Засгийн газар Хөдөлмөрийн яам байгуулж байгаа. Цаашид БХБЯ, Хөдөлмөрийн яамтай энэ чиглэлээр хамтарч ажиллана.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг 3000 гаруй иргэн ирүүлснээр 300 гаруй иргэний зээлийг шийдсэн байна гэлээ. Үүнээс хөтөлбөрийн хэрэгжилт муу байна гэж дүгнэх нь бий. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар?
-Шинэ бүтээн байгуулалтыг УИХ-аас баталсан дунд хугацааны хөтөлбөрт “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” багтаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд 6 хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан. Зээл олгохдоо 55 м2–аас дээшгүй талбайтай орон сууц худалдан авах гээд шаардлага тавьсан. Гэтэл ийм орон сууцыг авах сонирхолтой иргэд их байгаа. Тиймээс цаашид нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн зээлийн сангаа нэмэгдүүлэх ёстой. Дээрээс нь хямд төсөр санхүүжилт олох хэрэгтэй гэж бодож байна.

-Хөгжлийн банкны санхүүжилт зогссонтой холбоотойгоор хэрэгжилт муу байна гэж байгаа?
-Хөгжлийн банк санхүүжилтээ зогсоосон гэсэн мэдээлэл өгөөгүй. Одоогоор санхүүжилт босгож байгаа гэсэн. Түүнийгээ шууд салбарт өгчихгүй. Тиймээс төлөвлөж байгаад оруулах байх аа.

-Барилгын үнийг бууруулах боломж бий юу?
-Үнийн асуудлыг зохистой төвшинд байлгахын тулд орон сууцнуудад шаардлагатай дэд бүтцийг улсаас байгуулах, газрын асуудлыг үнэ төлбөргүйгээр шийдэх юм бол барилгын үнэ хямдрах бололцоотой. Буянт-Ухаа орон сууцны м2 нь 850 мянган төгрөг байгаа талаар ярьсан. Үүн шиг ажиллаж чадвал орон сууцны үнэ 650-850 мянган төгрөг байх боломжтой бөгөөд иргэдийн худалдаж авах бололцоо улам нэмэгдэнэ. Үүнд тансаг хэрэглээний орон сууцыг оруулж хэлээгүй. Улаанбаатар хотод шинэ бүтээн байгуулалтын хүрээнд 35 байршил дээр томоохон хорооллуудыг барих төлөвлөгөө гарсан. Засгийн газрын гурван ч удаагийн жагсаалтаар 130 гаруй мянган орон сууцыг барьж болно гэсэн тооцоог гаргасан. Барилгын үнийг хэн нэгэн хүчээр тогтоох хэцүү. Үнэ өндөр байгаа шалтгаан нь барилгын материалын үнэ, газартай холбоотой авлигын асуудал. Газрын авлига ямар хэмжээнд хүрсэнийг иргэд бүгд мэдэж байгаа. Тиймээс томоохон барилга барих газрыг үнэ төлбөргүй олговол хямд үнээр барьж болно. Мөн дэд бүтцийг төрөөс шийдвэл үнэ нь хямдарна.

-Орон сууцны банк байгуулах саналыг юу гэж бодож байна?
-Намайг сайдаар томилогдох үед Ардчилсан намтай хамтарч Засгийн газрыг байгуулж байгаа МҮАН-ын “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрт орсон Төрийн орон сууцны сан байгуулах асуудлыг анхаарч Засгийн газрын хөтөлбөртөө оруулахыг хүссэн. Энэ асуудлыг Орон сууцны банк байгуулах замаар шийдэж болох юм гэж бодлоо. Монгол улс дэд бүтцийнхээ салбарын улс орныхоо хөгжлийн асуудлыг шийдэхийн тулд Хөгжлийн банк байгуулсан. Хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс нэгдсэн төсвийн баталгаагаараа томоохон төслүүд дээр хөрөнгө мөнгө босгох бололцоо байгаа. Тиймээс цаашдаа орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг нэлээд олон талаас бүрдүүлэх боломжийг хайж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх үедээ энэ санхүүжилтийг шийдэх арга замын талаар холбогдох мэргэжлийн хүмүүс, агентлагийн боловсруулсан санал дээр тулгуурлаж саналаа оруулна. Мэдээж энэ санал тооцоо судалгаатай байх ёстой. Эхний ээлжинд Монгол Улсын Хөгжлийн банк болон дээр нь Засгийн газрын урт хугацааны бондын эх үүсвэрүүд байна. Мөн арилжааны банкуудын тодорхой хэмжээний эх үүсвэр бий. Түүнчлэн гадаадын байгууллагуудтай ярьж хөрөнгө босгох чиглэлийг барьж байгаа. Мөн Хүний хөгжлийн сан байгаа.

Одоогоор бэлэн мөнгөний олголт зогссон. Гэхдээ энэ сангийн тодорхой зориулалт нь орон сууц авахад дэмжлэг үзүүлнэ гэсэн чиглэл байгаа. Ингээд уул уурхайгаас орж байгаа орлогын тодорхой эх үүсвэрүүдээр орон сууцны сан, Орон сууцны банк байгуулах замаар иргэдээ орон сууцжуулах чиглэлд анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийг орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Үүнийгээ улам бүр эрчимжүүлж нааштай эхлэлийг шинэчлэлийн Засгийн газар улам бүр дэмжинэ.
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.