2012.04.30

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”хуулийн төслийн үзэл баримтлал

altangerel-2_thumb_ef1_thumb_ef1МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ТАНАА

Хуулийн төсөлд санал авах тухай


Монгол Улсын Үндсэн Хуулийн 26.1, Их Хурлын тухай хуулийн 7.1.3-д заасан бүрэн эрхийн дагуу Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулгын хамт боловсруулж санал авахаар хүргүүлж байна. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдуулэх журмын тухай хуулийн 18.10-т заасны дагуу хуулийн төслийг судлан үзэж саналаа ирүүлнэ үү. Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөлүүд, танилцуулгыг хавсаргав.

ГАРЫН ҮСЭГ

“Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”хуулийн төслийн үзэл баримтлал

Нэг. Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Түлш, эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэл, тэр дундаа эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулах механизм бүрдүүлэх, эх орондоо байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай үйлдвэрүүдийг олноор байгуулж ажлын байр шинээр бий болгох, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, улмаар орон нутгийн болон улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг шинэ шатанд гаргах, алслагдсан бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх шаардлага тулгарч байна.
Бусад улс оронтой харьцуулахад эрдэс баялаг, эрчим хүчний салбар нь эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг хэдий ч Монгол Улсад түлш, эрчим хүчний болон уул уурхайн салбарт гарган авч байгаа бүтээгдхүүний дийлэнх хувь нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан бүтээгдэхүүн байна. Засгийн газрын 2009 оны 229 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Уул уурхайн институцыг бэхжүүлэх техник туслалцааны төслийн санхүүжилтээр, сонгон шалгаруулалтын үндсэн дээр Австрали улсын “Worley Parsons” компанийг ерөнхий зөвлөхөөр шалгаруулж, “Монгол улсыг үйлдвэржүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулсан.
Энэхүү судалгааны ажлын дүгнэлтээс харахад Монгол Улс үйлдвэржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр, уул уурхайн боловсруулалт, үйлдвэржилтээс улсын төсөвт 2011 оноос эхлэн 1-ээс 2 тэрбум ам.доллар, 2017 оноос 5-аас 9 тэрбум ам.долларын орлого орохоор тусгагдсан байна.Засгийн Газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр гаргахыг үе шаттайгаар багасгах, түүнчлэн экспортлож байгаа бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг шат дараалалтай ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ” мөн “Байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг урамшуулах механизм бүрдүүлнэ” хэмээн тус тус тусгасан нь түлш, эрчим хүч, уул уурхайн эцсийн бүтээгдхүүн гаргах, тэр дундаа байгаль орчинд хор нөлөө багатай үйлдвэр, технологийг дэмжиж байгаагийн илэрхийлэл юм.

Цахилгаан, дулаан, эрчим хүчний болон уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг урамшуулах үндсэн механизм нь уг үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, зуух, техник хэрэгсэл, тоноглолыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал гэж үзэж Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсрууллаа. Эдгээр хуулийн төслүүдэд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, шилдэг техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхайн, газрын тосны, дулаан, цахилгааны үйлдвэр шинээр барьж байгуулахад шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тоноглол, тэдгээрийн иж бүрдлийг тухайн үйлдвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр холбогдох өөрчлөлтийг тусгалаа. Энэхүү хуулийн өөрчлөлт нь энэ төрлийн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах сонирхол эрс нэмэгдэх, уг салбарт хөрөнгө оруулагчдыг урамшуулах томоохон механизм болох юм.

Хамгийн гол нь шинээр үйлдвэр байгуулахаар оруулж ирж байгаа тоног төхөөрөмж, зуух болон бусад туслах тоног, төхөөрөмж, техник хэрэгсэл, тоноглолын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг сайтар судалж үзсэний үндсэн дээр уг урамшууллын механизмыг хэрэгжүүлэх асуудал юм. Ийнхүү Засгийн Газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, түлш, эрчим хүч, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шилдэг технологийг дэмжих хөнгөлөлтийг бий болгосноор эхний ээлжинд хөрөнгө оруулалтыг татах, дараагийн ээлжинд улсын болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх орлогын шинэ их үүсвэр бүрэлдүүлэхээс гадна байгаль орчны бохирдол багасч мөн олон тооны ажлын байр бий болж ард иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх, ядуурал багасахад нөлөөлөх болно.

Хоёр. Хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах  харилцаа, хамрах хүрээ

а)Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй.

Төслийн 1 дүгээр зүйлд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, шилдэг техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхайн, газрын тосны, дулаан, цахилгааны үйлдвэр шинээр барьж байгуулахад шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тоноглол, тэдгээрийн иж бүрдлийг тухайн үйлдвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд гаалийн татвараас чөлөөлөхөөр хуулийн 38 дугаар зүйлд 38.1.13 дахь заалт болгон нэмж оруулах

Төслийн 2 дугаар зүйлд Засгийн газраас батлах барааны жагсаалтад 38.1.13-т заасан барааг нэмж тусгах

б). Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй. Төслийн 1 дүгээр зүйлд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, шилдэг техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхайн, газрын тосны, дулаан, цахилгааны үйлдвэр шинээр барьж байгуулахад шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тоноглол, тэдгээрийн иж бүрдлийг тухайн үйлдвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн 13 дугаар зүйлд 13.1.22 дахь заалт болгон нэмж тусгах Төслийн 2 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгаж байгаа 13.1.22-т хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батлахаар 38.2 дахь хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгах

Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн үр дагвар, тэдгээрийг шийдвэрлэх талаар

Монгол Улсад байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, шилдэг техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхайн, газрын тосны, дулаан, цахилгааны үйлдвэрийг шинээр барих үйл ажиллагааг татварын аргаар дэмжсэнээр энэ салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр байгаль, экологийн тэнцвэрт байдалд учрах хор нөлөөг багасгах, түүнчлэн үйл ажиллагаа явуулсны дараах нөхөн сэргээх явцад шаардагдах өртөг зардал багасах, цаашлаад Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зөвхөн цэвэр метал экспортод гаргах, эрчим хүчний үнэ өсөхгүй байх, ажлын байр олноор бий болж ард иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх, ядуурал багасах, татварын хүрээ өргөсч, Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэх болно.

Дөрөв. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаар

Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудтай нийцэж байгаа бөгөөд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

ТАНИЛЦУУЛГА


Сүүлийн жилүүдэд түлш, эрчим хүчний хэрэглээний өсөлт, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр нилээдгүй өсч, манай улсын эрдэс баялаг, эрчим хүчний салбар эрчимтэй хөгжих үндэс тавигдаж төр, засаг, олон нийтийн зүгээс тус салбарт гол анхаарал хандуулах боллоо. Стратегийн ач холбогдол бүхий болон нөөц нь тогтоогдсон бусад томоохон ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл, олборлолт, баяжуулалтыг нэмэгдүүлэх, улмаар уул уурхайн эцсийн бүтээгдхүүн гаргах боломж бидэнд нээлттэй байна. Түлш, эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэл, тэр дундаа эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулах механизм бүрдүүлэх, эх орондоо байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай үйлдвэрүүдийг олноор байгуулж ажлын байр шинээр бий болгох, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, улмаар орон нутгийн болон улсын эдийн засаг нийгмийн хөгжлийг шинэ шатанд гаргах, алслагдсан бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Бусад улс оронтой харьцуулахад эрдэс баялаг, эрчим хүчний салбар эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг хэдий ч Монгол Улсад уул уурхайн салбарт гарган авч байгаа бүтээгдхүүний дийлэнх хувь нь технологи багатай буюу хүдэр, баяжмал байна. Уул уурхайн бүтээгдэхүүн гаргалтын 2010 оны гүйцэтгэлээс заримыг товч дурдахад 127,3 мян.тонн цэвэр зэс агуулсан 500 мян.тонн баяжмал, төмрийн хүдэр 3203 мян.тонн, Цайрын баяжмал 112,6 мян.тонн, Түүхий нүүрс 25246,4 мян.тонн гарган авчээ. Засгийн газрын 2009 оны 229 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Уул уурхайн институцыг бэхжүүлэх техник туслалцааны төслийн санхүүжилтээр, сонгон шалгаруулалтын үндсэн дээр Австрали улсын “Worley Parsons” компанийг ерөнхий зөвлөхөөр шалгаруулж, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулсан. Энэхүү судалгааны ажлын дүгнэлтээс харахад Монгол Улс үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр, уул уурхайн боловсруулалт, үйлдвэржилтээс улсын төсөвт 2011 оноос эхлэн 1-ээс 2 тэрбум ам.доллар, 2017 оноос 5-аас 9 тэрбум ам.долларын орлого орохоор тооцоолсон байна.Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хирээр эрчим хүчний хэрэглээ огцом өсч байна.

Сүүлийн жилүүдэд системийн оргил ачаалал жил бүр 35-40 МВт-аар нэмэгдэж байгаагийн зэрэгцээ зөвхөн өмнийн говийн уул уурхайн олборлох үйлдвэрүүдийн ачаалал л гэхэд ирэх 10 жилд 625 МВт-аар буюу системийн суурилагдсан хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэхээр байна. Засгийн Газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Ашигт малтмалыг түүхий эд хэлбэрээр гаргахыг үе шаттайгаар багасгах, түүнчлэн экспортолж байгаа бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг шат дараалалтай ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ”, мөн “Байгаль орчинд ээлтэй, шилдэг техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийг урамшуулах механизм бүрдүүлнэ” хэмээн тус тус тусгасан нь түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт эцсийн бүтээгдхүүн гаргах, тэр дундаа байгаль орчинд хор нөлөө багатай үйлдвэр, технологийг дэмжиж байгаагийн илэрхийлэл юм.

Цахилгаан, дулаан, эрчим хүчний болон уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг урамшуулах үндсэн механизм нь уг үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмж, зуух, техник хэрэгсэл, тоноглолыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудал ггэж үзэж Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсрууллаа. Эдгээр хуулийн төслүүдэд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, шилдэг техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхайн, газрын тосны, дулаан, цахилгааны үйлдвэр шинээр барьж байгуулахад шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тоноглол, тэдгээрийн иж бүрдлийг тухайн үйлдвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр холбогдох өөрчлөлтийг тусгалаа. Дээрх хуулиудад энэхүү өөрчлөлтийг тусгаснаар энэ төрлийн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах сонирхол эрс нэмэгдэх, уг салбарт хөрөнгө оруулагчдыг урамшуулах томоохон механизм болох юм.

Хамгийн гол нь шинээр үйлдвэр байгуулахаар оруулж ирж байгаа тоног төхөөрөмж, зуух болон түүний туслах тоног төхөөрөмжүүд, техник хэрэгсэл, тоноглолын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг сайтар судалж үзсэний үндсэн дээр уг урамшууллын механизмыг хэрэгжүүлэх асуудал юм. Мөн Эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр бий болгох, хэрэглээгээ давсан эрчим хүчийг экспортлох болон уул уурхайн салбарыг түшиглүүлэн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломж байгаа юм. Ийнхүү Засгийн Газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг биелүүлэх зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд болон болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахилгаан дулаан болон уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шилдэг технологийг дэмжих хөнгөлөлтийг бйи болгосноор эхний ээлжинд хөрөнгө оруулалтыг татах, дараагийн ээлжинд улсын болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх орлогын шинэ эх үүсвэр бүрэлдүүлэхээс гадна байгаль орчны бохирдол багасаж улмаар нөхөн сэргээх зардал тэр хэмжээгээр хорогдоно, мөн олон тооны ажлын байр бий болж ард иргэдийн амжиргааны түвшин дээшлэх, ядуурал багасах эерэг талуудтай юм.

ТӨСӨЛ САНААЧЛАГЧ

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012. . оны... дугаар Улаанбаатар сарын. . . –ны өдөр хот

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/ 38 дугаар зүйлийн 38.1.13 дахь заалт: “38.1.13.Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, шилдэг техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхайн, газрын тосны, дулаан, цахилгааны үйлдвэр шинээр барьж байгуулахад шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тоноглол, тэдгээрийн иж бүрдлийг тухайн үйлдвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд;“

2 дугаар зүйл. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “38.1.6” гэсний дараа “,38.1.13” гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.13 дахь заалтын дугаарыг “38.1.14” гэж өөрчилсүгэй.

Гарын үсэг

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012... оны .. дугаар Улаанбаатар сарын ..ны өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дор агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/ 13 дугаар зүйлийн 13.1.22 дахь заалт: “13.1.22.Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, шилдэг техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхайн, газрын тосны, дулаан, цахилгааны үйлдвэр шинээр барьж байгуулахад шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тоноглол, тэдгээрийн иж бүрдлийг тухайн үйлдвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд.“

2 дугаар зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтын “13.1.21” гэсний дараа “,13.1.22” гэж нэмсүгэй.

Гарын үсэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.