УИХ-ын гишүүд НӨАТ-ын босгыг нэмэх хуулийн төсөлд санал авахаар хүргүүллээ
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульдөөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан, боловсруулсанаа өнөөдөр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна. Хүргүүлсэн санал болон хуулийн төсөл, түүний танилцуулга, үзэл санааг бүрэн эхээр нь нийтлэж байна.
СҮХБААТАРЫН БАТБОЛД ТАНАА
Монгол Улсын Үндсэн Хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн миний бие “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.10 дахь хэсэгт заасны дагуу санал авахаар танилцуулга, үзэл баримтлалын хамт хүргүүлж байна.
Судлан үзэж, саналаа ирүүлнэ үү.
Хүндэтгэсэн, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН П.АЛТАНГЭРЭЛ
Хуулийн төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ НЭМЭГДСЭН ӨРТГИЙН
АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалтын, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.11, 7 дугаар зүйлийн 7.2, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсгийн “10 сая” гэснийг “100 сая” гэж өөрчилсүгэй.
Гарын үсэг
Төслийн үзэл баримтлал
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Нэг.Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Зах зээлийн эдийн засгийн нийгэм дэх Монгол Улсын татварын эрх зүйн шинэчлэлийг тухайн цаг үеийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн нөхцөл байдалтай уялдуулан хийж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2006, 2007 онуудад татварын хуулиудыг шинэчлэн баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг батлан гаргасан. Хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг тухайн үеийн эдийн засаг, төсвийн цар хүрээ, татвар төлөгчдөд үзүүлэх дарамт, ачааллыг харгалзан 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой иргэн, хуулийн этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байхаар хуульчилсан. Түүнээс хойш өнгөрсөн 6 жил орчмын хугацаанд эдийн засгийн цар хүрээ өргөжиж, төсвийн орлогын хэд дахин нэмэгдэж, татвар төлөгчдийн бүтцэд ихээхэн өөрчлөлт орлоо.
Тухайн цаг үеийн 10 саяын бодит үнэ цэнийг өнөөгийн 10 саяын үнэ цэнэтэй харьцуулахад чанарын ихээхэн ялгаа бий болсон. Тухайн үед 10 саяын борлуулалтын орлоготой ажиллаж байсан аж ахуй эрхлэгчид дунд, түүнээс дээш аж ахуй эрхлэгчид хамаарч байсан бол өнөөдөр 10 саяын борлуулалт хийж байгаа бизнес эрхлэгчид жижиг, өрхийн аж ахуйн төвшинд авч үзэхээр тийм татвар төлөгчдийн хэсэг хамаарч байна. Хуулиар тогтоосон татварын 10 хувь нь жижиг аж ахуй эрхлэгч тэдний хувьд үйл ажиллагаанд ихээхэн дарамт болж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэл болгож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.
Хоёр.Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 1 зүйлтэй.
1 дүгээр зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго мөнгөн дүнг 10 сая байсныг 100 сая болгон өөрчиллөө.Үүнтэй холбогдуулан хуулийн 4.1.10, 5.2, 6.11, 7.2, 13.7 хэсгийн “10” сая гэснийг “100 сая” болгон өөрчиллөө.
Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Жижиг бизнес, өрхийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодит хөшүүрэг бий бий болно.
Дөрөв.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай хэрхэн уялдсан, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах , хүчингүй болгох хуулийн талаар
Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах борлуулалтын орлогын босго мөнгөн дүнг 100 сая төгрөг болгосноор улсын төсөвт зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй гэж үзэж байна. Татварын байгууллагаас авсан судалгаагаар 2011 оны 2 дугаар улирлын мэдээгээр 0-100 саяын борлуулалтын орлоготой татвар төлөгчдын төлсөн нэмэгдсэн өртгийн татварын нийт хэмжээ 21 тэрбум 969 сая төгрөг буюу нэмэгдсэн өртгийн татварын нийт ологод 2.8 хувийг эзэлж байна.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн бөгөөд хуулийн төслүүдийг дагалдан шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулиуд үгүй болно.
Хуулийн төслийн танилцуулга
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар нэмэгдсэн өртгийн татвар төлөгчид 10 сая түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэнийг хамаарч байна.Хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг тухайг цаг үеийн эдийн засгийн цар хүрээ, татвар төлөгчдөд үзүүлэх драмт, ачааллыг харгалзан 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой иргэн, хуулийн этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байхаар хуульчилсан. Түүнээс хойш 6 жил орчмын хугацаанд эдийн засгийн цар хүрээ өргөжиж, төсвийн орлогын хэмжээ хэд дахин нэмэгдэж, татвар төлөгчдийн бүтэц өөрчлөгдлөө.
Тухайн үеийн 10 саяын бодит үнэ цэнийг өнөөгийн цаг үеийн 10 саяын үнэ цэнэтэй харьцуулахад чанарын ихээхэн ялгаа бий болсон бөгөөд тухайн үед 10 сая төгрөгийн борлуулалт хийж байсан аж ахуй эрхлэгчид дунд, түүнээс дээш аж ахуй эрхлэгчид хамаарч байсан бол өнөөдөр 10 саяын борлуулалт хийж байгаа бизнес эрхлэгчид жижиг, өрхийн аж ахуйн төвшинд авч үзэхээр тийм татвар төлөгчдийн хэсэг хамаарч байна. Татварын 10 хувь нь тэдгээрийн үйл ажиллагаанд ч ихээхэн дарамт болж байна.
Татварын байгууллагаас авсан судалгаагаар 2011 оны 2 дугаар улирлын байдлаар 0-10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгч нийт НӨТ- төлөгчдийн 40 орчим хувийг эзэлж байгаа хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын дөнгөж 1.6 орчим хувийг л бүрдүүлж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэл болгож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.
Хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 10 сая байсныг 100 сая төгрөг болгон өөрчлөх санал оруулж байна.
Ингэхдээ эдийн засгийн цар хүрээ нэмэгдсэн, төсвийн хүрээ өргөжсөн, түүнчлэн үнэ ханшны өсөлт зэрэг макро эдийн засагт гарсан өөрчлөлт, нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Татварын байгууллагаас авсан судалгаагаар 2011 оны 2 дугаар сарын байдлаар 0-100 сая төгрөгийн борлуулалтын орлоготой нэмэгдсэн өртгийн татвар төлөгч нь энэ иөрлийн татвартөлөгчдийн 77.3 хувийг эзэлж байгаа бөгөөд харин нэмэгдсэн өртгийн татварын орлогын 2.8 хувийг л бүрдүүлж байна. Тиймээс хуульд дээрх өөрчлөлтийг оруулснаар улсын төсөвт зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага үүсэхгүй гэж үзэж байна.
Төсөл санаачлагч