2009.10.13

Дорнод аймгийн Матад суманд нар салхи хосолсон цахилгаан эх үүсвэр байгуулах ажлын талаар асуулт тавилаа

Эрдэс Баялаг Эрчим Хүчний сайд Д.Зоригт танаа
2009.10.14

Асуулт тавих тухай

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Танд дараахь асуултыг тавьж байна.

“Баян констракшн” ХХК нь Дорнод аймгийн Матад суманд нар салхи хосолсон цахилгаан эх үүсвэр байгуулах 890 сая төгрөгийн өртөг бүхий ажлыг 2007 оны 10 дугаар сард эхэлж 2008 оны 3 дугаар сард хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан ажилласан боловч одоог хүртэл ажлаа гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй төдийгүй суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь эвдэрч гэмтэн сумын төвийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж чадахгүй байна. Энэ нь зөвхөн Матад сумын төдийгүй бусад аймгийн сумдад ч тохиолдож буй бэрхшээл юм. Иймд дараахь асуултад хариу өгнө үү.
  1. Тухайн тендерт шалгарсан компанийн ажлын гүйцэтгэлийн хэдэн хувийг санхүүжүүлсэн;
  2. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас уг станцыг барьж байгуулах ажлын явцад хэдэн удаа, хэрхэн хяналт, шалгалт хийж ажилласан;
  3. Энэ станцыг одоог хүртэл улсын комисст хүлээлгэж өгөөгүй байгаа шалтгаан, гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй компанид ямар арга хэмжээ авсан;
  4. Нэгэнт шаардлага хангахгүй байгаа нь тодорхой болсон энэ станцын талаар цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа;
  5. Заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй компанийн гэрээг цуцалж, мөнгөө эргүүлэн татах боломж бий эсэх.
Хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүсье.

Хувийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт.
Хүндэтгэсэн,

УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮН П.АЛТАНГЭРЭЛ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.