УИХ дахь МАН-ын бүлгийн асуудлыг хэлэлцье гэв
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг мөн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ талаар танилцуулга хийв. Тухайлбал, улс төрийн хүрээнд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан зарим асуудал эрх зүйн бүрэн зохицуулалтад орж чадахгүй, цаг хугацаа алдах, чуулганы үйл ажиллагаа гацаанд орох зэрэг бэрхшээл учирч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ажил тасралтгүй явагдах ёстой гэдэг зарчмыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тэрээр онцолсон. Ингэхдээ Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, зохион байгуулалтыг сайжруулах, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, ойлгомжгүй, тодорхойгүй байгаа зүйл, заалтуудыг нэг мөр болгохыг чухалчилжээ.
Түүнчлэн Улсын Их Хуралд 8 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийг Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор өргөн мэдүүлэх заалтыг өөрчилж тодорхой хугацааны хязгаарлалтгүй болгох, Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн нам, эвслийн бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлэх зохицуулалтыг өөрчлөх, Улсын Их Хурлын даргыг сонгож дуустал чуулганы хуралдааныг тухайн чуулганд оролцсон гишүүдийн насаар хамгийн ахмад нь зохион байгуулж хуралдуулдаг байх, байнгын хорооны гишүүдийн тооны хязгаар болон бусад хязгаарлалт, Улсын Их Хурлын даргын ажлын албаны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, нам, эвслийн бүлэг завсарлага авах асуудлыг тодорхой болгох, асуудлыг шийдвэрлэх санал хураалт явуулж уг санал нь дэмжигдсэн тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэсэн тогтоол нь батлагдсанд тооцогддог байх, зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр тухайн төсөл болон хамтад нь өргөн мэдүүлсэн бусад төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бол тэдгээрийг багцлан нэг санал хураалт явуулдаг байх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо тус тус хэлэлцдэг байх, чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх цагийг намар, хаврын чуулган эхлэхээс өмнө тухай бүр тогтоож байх, ирцийг хуралдаан бүрийн эхэнд бүрдүүлж байх зэргийг төслүүдэд тусгасан гэдгийг П.Цагаан хэлж байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн үзэл бодлоо мөн илэрхийлж байлаа. Тэрээр “нэг намд зориулж, Ерөнхийлөгч хууль санаачлахад хүрч байна” гэсэн утгатай зүйл хэлсэн бол
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “харин ч Ерөнхийлөгчид талархах нь зүйтэй.
Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон Ерөнхийлөгч ийм хууль санаачлан оруулж ирж байгаа нь улс төрд үүссэн үл ойлголцлыг арилгахад тустай, зөв зүйл” гэдгийг хэлсэн.
Ингээд санал хурааж, уг хуулийн төслүүдийг хэлэлцэхээр байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Хамгийн сүүлд “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх хэлэлцүүлгийг гишүүд хийж, дэмжигдсэн болно. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулга хийсэн бөгөөд орон нутгийн сонгуулийн үеэр ажиллах цагдаагийн байгууллагын болон иргэний бүртгэлийн чиглэлээр явуулах үйл ажиллагааны зарим зардлын талаар ярилцаж, тогтоолын төслийг хэлэлцье гэлээ.