Г.Баярсайхан: Зарим  асуудалд  монгол улс уян хатан байгаасай гэж хүссэн
2009.07.07

Г.Баярсайхан: Зарим асуудалд монгол улс уян хатан байгаасай гэж хүссэн

Азийн парламентын ассамблейн ээлжит чуулган БНСУ-ын Сөүлд хотод энэ сарын 1-2-нд болжээ. Уг арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн Г.Баярсайхан оролцсон байна. "Ази тивд тэрбум мод тарья" уриан дор зохион байгуулсан уг чуулганд Азийн 18 орны 40 гаруй төлөөлөгч оролцож, байгаль орчны тулгамдсан асуудлаар ярилцжээ. Энэ талаар Г.Баярсайхантай ярилцлаа.

-"Ногоон улс төр" гэсэн нэр томьёо хүчтэй сонсогдож байна. Таны оролцсон арга хэмжээний гол сэдэв ч энэ байсан бололтой.

-Азийн улс орнуудад байгаль орчны тулгамдсан ямар асуудал байна, түүнийг хамтраад хэрхэн шийдэх талаар ярилцлаа. БНСУ "ногоон улс төр"-ийг дэлхийн хэмжээнд явуулах бодлого баримталж байгаа юм билээ. Азийн парламентын ассамблейд оролцсон олон орны төлөөлөгч энэ бодлогыг дэмжсэн. Иран, Ирак, Афганистан, Пакистан, Палестин зэрэг орон дайн дажинтай байгаа. Дайн байгаль орчинд сөргөөр нөлөөлж буйг төлөөлөгчид нь хэлж байна лээ. "Ногоон улс төр" дотор "усны дайн" гэсэн шинэ нэр томьёо бий болчхож. Пакистанд усны төлөө дайтахаас буцахааргүй нөхцөл үүсжээ. Энэтхэгээс эх авч Пакистаны нутгаар дамжиж урсдаг том гол байдаг аж. Гэтэл энэтхэгчүүд усны эхээс нь татчихаад Пакистан усны гачаалд орсныг хэлж байна лээ.  Манайд ч бас цэвэр ус гэдэг юм түвэгтэй болоод байгаа. Монгол Улсын экологийн байдал өнөөдөр ямар байгаа, цөлжилт, ойн нөөц, шар шуурга, түүний эсрэг төрөөс авч буй арга хэмжээний талаар би танилцуулсан. Байгаль орчинд хортой технологи ашиглахыг хорих, ой, усны сав газарт ашигт малтмал олборлохоос татгалзах гэх мэт бодлогыг манай улс баримталж буйг төлөөлөгчид сайшаасан. Ер нь хөгжингүй орнуудад төлөөлөгчид шүүмжлэлтэй хандаж байна лээ. Байгаль орчны эсрэг тэдний үзүүлсэн сөрөг нөлөө их. Байгаль орчин, агаар мандлыг сүйтгэж буй учир буурай хөгжилтэй орнууддаа энэ асуудалд илүү дэмжлэг үзүүлэх ёстой гэж байсан.

-Азид тэрбум мод тарих ажлыг хэрхэн хэрэгжүүлэх юм бол. Манай улсад ямар хувь ногдох вэ?

-Үүнийг ажил болгох дэд хороо байгуулагдсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдэн зуун сая доллараар хэмжигдэх хөрөнгө шаардлагатай. Одоо аль улс хэдий хэмжээний хөрөнгө гаргах вэ гэдгээ яриад ойлголцож байгаа. Дэлхийн хэмжээний асуудал учир шат шаттайгаар хэрэгжинэ. Эх орондоо 10 сая мод тарья гэхэд л бидний хөрөнгө хүч дийлэхгүй шүү дээ. Энэ онд мод тарихад зориулж төсөвт 1.8 тэрбум төгрөг хуваарилсан. Хүн ам цөөн, газар нутаг уудам болохоор өөрсдийн хөрөнгөөр мод тарих нь амаргүй байгааг ч уламжилсан. Манай орны тулгамдсан асуудлын нэг болох шар шороон шуурганы асуудлыг мод тарихтай холбоод Монголд түлхүү анхаарах хэрэгтэй гэдэг саналаа хэлсэн. Шуурганы сөрөг үр дагавар зөвхөн Монголд биш Азийн орнуудад нөлөөлж байгаа.учраас үүний эсрэг хамтран ажиллахыг тэд дэмжсэн. Мэдээж энэ талаар манай Засгийн газар ямар арга хэмжээ авч буйг лавласан л даа. Таван хошуу малтай байж яагаад ямааг түлхүү өсгөдгийг ч онцолж сонирхсон. "Дэлхийн зах зээл дээр ямааны ноолуурын үнэ өссөн. Малчдын амьжиргааны гол эх үүсвэр нь учир тоо толгой нь нэлээд нэмэгдсэн. Үүнийг цэгцлэх бодлогыг манай улс баримталж байгаа" гэж л хэллээ. Уг нь манай төр хойрго хандаж байгаа шүү дээ. Харин ч нэг ямаанд 5000 төгрөгийн нөхөх олговор өгөөд өсөлтийг нь дэмжээд байгаа. Азийн орнуудаас байгаль орчны ээлтэй бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэх нь миний зорилго байсан, үүнийгээ биелүүлсэн гэж хэлж болно. Чуулганы төгсгөлд Азийн парламентын гишүүн орнууд нэгдсэн бодлого хэрэгжүүлж, хамтран ажиллах нь зөв гэсэн тогтоол гаргасан.

-Уул уурхайн томоохон ордуудаа ашиглах талаар бид ид ярьж буй. Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглахад ус хамгийн том асуудал болж байгаа. Энэ талаар та ярьсан уу. БНСУ манай уул уурхайн салбарыг их сонирхож байгаа шүү дээ.

-Байгалийг шаардлагын хэмжээнд нөхөн сэргээхгүй байгаа нь манай орны байгаль орчин сүйдэхэд гол нөлөө үзүүлж байгаа л даа. Үүнийг мэдээлэлдээ хөндсөн. Чуулганы дараа би БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ким Хёнг О-той уулзсан. Энэ уулзалтыг БНСУ дахь манай ЭСЯ шуурхай зохион байгуулсан. Ноён Ким Хёнг О манай уул уурхайн салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн. Ялангуяа Тавантолгойн нүүрсний ордыг тэд их сонирхож байна. "Бид монголчуудад элэгтэй ханддаг. Цаашид ч дэмжинэ. Гэхдээ зарим зүйлд Монгол хэтэрхий хатуу байр суурьтай ханддаг, уян хатан байгаасай" гэж ноён Ким Хёнг О хэлсэн. Үүнийг уул уурхайн салбарт илэрхийлж буй сонирхолтой нь холбоотой гэж ойлгосон. Усны асуудлаар тодорхой юм ярих боломж гараагүй. Байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлээч гэж түүнээс би хүссэн. Одоо БНСУ-ын 10 сая долларын санхүүжилттэй төсөл манай улсад хэрэгжиж буй. Гэхдээ төслүүдийг нэгдсэн бодлогоор зангидахгүй бол сайн дурынхан ирээд мод тарьдаг, тэр нь ургахгүй хөрөнгө дэмий үрсэн явдал болдог шүү дээ. Тэд монголчуудад илүү нааштай ханддаг юм билээ. Тэнд 40.000 гаруй монгол иргэн гэрээгээр ажилладаг. Залуусыг гэр бүлтэй нь хамт явуулах хүсэлт тавьсан, судалж үзэхээ тэд амласан.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.