2012.05.01

Өнөөдрөөс цалин, тэтгэвэр нэмэгдэнэ

Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө цалин, тэтгэврийг нэмэх зорилт тавьж, тун их эрчтэй ажилласан. Энэ дагуу 2008 онд 20, 2010 онд 30 хувиар нэмж чадсан ба 2008-2012 онд нийт гурван удаа цалин хөлсийг нэмжээ.

Дундаж цалин 2008 онд 300 мянган төгрөг байсан бол 2011 онд 410 мянган төгрөгт хүрсэн нь энэ Засгийн газрын хийсэн чухал ажлуудын нэг. Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын нэгнээс 630 мянган төгрөг болж нэмэгдсэнийг сайшаахаас яах билээ. Тэр тусмаа Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр байгуулж, цалинг өнгөрсөн хоёрдугаар сарын нэгэн болон өнөөдрөөс эхлэн нэмж олгохоор тохиролцсон юм. Иймээс ч Засгийн газар төсвийн тодотголоо УИХ-аар шийдвэрлүүлэхийн төлөө чармайсан. Ингэснээр төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд буюу өнгөрсөн хоёрдугаар сарын нэгнээс 80 мянган төгрөгөөр, дараагийн ээлжинд буюу өнөөдрөөс эхлэн 23 хувиар нэмж байна. Ийнхүү цалин нийтдээ 53 хувиар нэмэгдлээ.

Харин тэтгэврийн хувьд хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан бүрэн ба хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг тус бүр 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 180.300 төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 145.200 төгрөгт тус тус хүргэхийг зорьж байна. Энэ нь 2008 оны түвшинтэй харьцуулахад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2.2 дахин, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 2.7 дахин нэмэгдэж байгаа юм.

Ийнхүү өнөөдрөөс эхлэн тэтгэвэр нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр одоо байгаа 165 мянган төгрөгийн дундаж тэтгэврийн хэмжээ 222.4 мянган төгрөгт хүрч, өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 75 хувиар, энэ оны өнгөрсөн сартай харьцуулахад 35 хувь, 2008 оны дундаж тэтгэвэртэй харьцуулахад 2.3 дахин нэмэгдэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ахмадуудын тэтгэвэр дор хаяж 23 хувь ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдэж байна. Мөн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өнгөрсөн хоёрдугаар сарын нэгнээс сард 40 мянга, өнөөдрөөс 48 мянган төгрөгөөр нэмж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.