МАХН-аас мэдэгдэл гаргалаа
2012.04.13

МАХН-аас мэдэгдэл гаргалаа

Сэтгүүлчдийг зодох, мэдээлэл авах боломж олгохгүй байх зэргээр Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх чөлөөнд халдаад зогсолгүй ТВ9 зэрэг сувгуудын цацалт түгээлтийг хязгаарлаж, мэдээлэл түгээх, авах эрх чөлөөнд халдаж байна. Онц байдал зарлаагүй үед ийнхүү хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөө үгүй болсныг илтгэж байна.

Өнөөдрийн энэхүү хүчирхийлэл нь 7 дугаар сарын нэгний үймээнтэй холбоотой мэдээллийг ард түмэндээ хандан дэлгэн тавьж, үнэн мөнийг илчлэх болсоны төлөө ийнхүү улс төрийн өшөө авалт хийн, үнэний дуу хоолойг хорих, гэм буруутай этгээдийг нуун далдлах гэсэн бусармаг явдлын илрэл боллоо. Энэхүү үйлдлийг 2012 оны сонгуульд МАХН болон түүнтэй үзэл санаа нэгтэй улс төрийн намуудыг оролцуулахгүй гэсэн МАНАН-гийн олигархи дэглэмийн санаархлын гэрч гэж бид үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан хүн төрийн тусгай хамгаалалтад, халдашгүй дархан эрх эдэлдэг. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд энэ талаар тодорхой тусгасан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бүхий л зүйл заалтыг зөрчин баривчилсан энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоож, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг нэн даруй (24 цагийн дотор) суллахыг шаардаж байна. Хэрвээ нэн даруй суллаж, шударга үнэнийг сахиулах арга хэмжээ авахгүй бол улс орон даяар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно. МАХН-ын гишүүд дэмжигчид, Монголын ард түмэн бид эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ үүгээр илэрхийлж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.