Эрээн хотын дарга шууд нислэг үйлдэх зөвшөөрөл хүслээ
2012.02.28

Эрээн хотын дарга шууд нислэг үйлдэх зөвшөөрөл хүслээ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг тэргүүтэй Улаанбаатарын төлөөлөгчдийн БНХАУ-ын Эрээн хотноо хийж буй ажлын айлчлал өнөөдөр Эрээн хотын дарга Бао Цүнминтэй уулзсанаар эхэллээ.Эрээн хотод Монгол Улсын 700 гаруй иргэн 10-аад жил амьдарч аж төрж байна. Мөн 300 гаруй хүүхэд энд сургуульд сурдаг байна.

Тэдний дунд Улаанбаатар хотын иргэд олон байдаг бөгөөд тэднийг ажиллаж амьдрах, сурч боловсроход дэмжлэг үзүүлж байдагт нь Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч Эрээн хотын даргад талархал илэрхийллээ. Мөн тэрбээр Улаанбаатар хот Эрээн хоттой дэд бүтэц, ногоон байгууламж зэрэг олон асуудлаар хамтран ажиллах, суралцах шаардлага бий гэдгийг тэмдэглээд Эрээн хотын даргын дэвшүүлсэн олон асуудлыг хэрэгжүүлэх боломжтой гэж хэллээ.

Эрээн-Улаанбаатар хот хооронд шууд нислэг үйлдэх зөвшөөрөл авахад Улаанбаатарын удирдлагууд туслахыг Эрээн хотын дарга хүслээ. Эрээн-Улаанбаатар хооронд хатуу хучилттай авто зам барих, эдийн засгийн хамтарсан бүс байгуулах, Улаанбаатарт Эрээн хотын Төлөөлөгчийн газар байгуулах, Эрээн хотод Буриад, Монгол багшийн сургуулиудын салбар сургууль нээх зэрэг олон асуудлыг 2 тал ярилцлаа.

Эдгээр ярилцсан асуудлуудаар ажлын хэсэг гарган, төлөвлөгөө боловсруулж, бодит үр дүнд хүргэнэ гэдгээ Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.Энэ өдөр Улаанбаатарын төлөөлөгчид Эрээн хотын Нисэх онгоцны буудал, төмөр замын тээвэр зуучлалын ложистик үйлчилгээ, эмнэлэг зэрэг газруудаар орж үйл ажиллагаатай нь танилцсан байна.
Эх сурвалж
ulaanbaatar.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.