Жолооч нар камерт бичигдсэн гээд ослын газрыг орхиж болохгүй
2012.02.14

Жолооч нар камерт бичигдсэн гээд ослын газрыг орхиж болохгүй

Улаанбаатар сая хол давсан хүн амтай, 300 гаруй мянган автомашинтай болж, дэлхийн томоохон хотуудын тоонд зүй ёсоор бүртгэгдэх болсон. Гэтэл нийслэлийн хэмжээнд он гарсаар зам тээврийн ослоор 104 хүн нас барж, 3482 хүн гэмтэж бэртсэн судалгаа гарсан. Тиймээс Замын цагдаагийн газраас дүрэм зөрчдөг жолооч нарт тооцдог хариуцлагыг чангатгасан. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөн зөрчсөн жолооч жолоодох эрхээ хасуулах уу, дүрмээ ягштал баримталж сурах уу гэсэн зарчим үйлчилж эхэлсэн гэхэд болно.

Энэ талаар ЗЦГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Сүрэнжаваас тодрууллаа.

-Жолооч ямар зөрчил гаргасан тохиолдолд машиныг нь журмын хашаанд хийдэг юм бэ. Зарим жолооч "Миний машиныг журамлах ёсгүй байтал журамласан" гэх юм?
-Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байддын тухай хуульд"... зам, тээврийн осол гаргасан, согтуугаар болон хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, улсын дугааргүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн үнэмлэх, талон, техникийн бичиг баримтыг түр хурааж, зөрчлийг шийдвэрлэж дуустал тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд байлгана" гэж дурдсан байгаа.

-Тэгвэл “Журмын хашаанд машиныг маань 30 хоног журамласан” гэж гомдоллох жолооч байдаг. Энэ ямар учиртай юм бол?
-Дээрх хуульд тухайн зөрчил гаргасан жолоочийн үнэмлэх, талон, техникийн бичиг баримтыг түр хурааж, зөрчлийг шийдвэрлэж дуустал тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд байлгана" гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн жолооч зөрчлөө арилгасан бол хэзээ ч машинаа авч болно. Харин зарим жолооч нар зөрчлийг арилгаад машинаа ирж авахгүй удах тохиолдол байдаг.

-Тухайы үед хяналтын камерт бичигдсэн бол осол гаргасан жолооч ослын газрыг орхиж болох уу. Осол гарсан шалтгаан камерт бичигдсэн гэдэг үүднээс?
-Осол гаргасан жолооч ослын газраас хөдөлж болохгүй. Замын хөдөлгөөний тухай хуульд "Замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх" гэж заасан байдаг.
Түүнээс "Ослын шалтгаан камерт тодорхой бичигдсэн" гээд ослын газрыг орхивол тухайн жолооч буруутан болно. Мөн "Зам, тээврийн осол гарсан үед осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ" гэж заасан байдгийг жолооч нар санахад илүүдэхгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.