Энэ онд  255.5 га газар өмчлүүлнэ
2012.02.11

Энэ онд 255.5 га газар өмчлүүлнэ

Нийслэлийн газрын албаны газар өмчлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ё.Энхээгээс газар өмчлөлтэй холбогдуулж дараах тодруулга авсан юм.

-Нийслэлийн хэмжээнд газар олголт ямар шатандаа байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 2003 оны 5 дугаар сараас эхэлж 2011 оны эцэс гэхэд нийтдээ 8967 иргэнд 4678.3 га газар өмчлүүлсэн. Өөрөөр хэлбэл нийслэлийн нутаг дэвсгэрт өмчлүүлэх боломжтой газар 100.0 хувь өмчлөгдсөн гэсэн үг. Тухайн жилд өмчлөхөөр төлөвлөсөн газраа НИТХ-аар баталж өгдөг.

-Нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь газар өмчлөлд хамрагдаж байгаа хэрэг вэ?

-Нийт иргэдийн 8.0 орчим хувь нь болж байгаа юм.

-Газар хувьчлалын талаар хуулиндаа тусгасан заалтын талаар жаахан тодруулж хэлэх үү?

-Хуулиндаа иргэнд гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй өмчлүүлэх газрын хэмжээ, хугацааг тодорхой заасан байдаг. Гэхдээ эхлээд хоёр жилээр, дараа нь 2005 онд гурван жилээр, 2008 онд таван жилээр сунгасан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн дагуу иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр нэг удаа газар өмчлүүлэх хугацаа 2013 оны 05 дугаар сарын 01-нд дуусна. Газрыг гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн зориулалтаар өмчилж өгч байгаа. Аж ахуйн зориулалтаар өгч байгаа газар нь үнэтэй.

-Энэ онд өмчлүүлэх газрын тухайд...?

-Газар өмчлүүлэх төлөвлөгөө гарсан. Энэ оны хувьд долоон дүүрэгт нийт 255.5 га газар өмчлүүлэхээр төлөвлөсөн. Газар өмчилж аваагүй иргэд шинээр газар өмчилж авахдаа дүүргийн Засаг даргад хандах ёстой. Аль дүүрэгт ямар хэмжээтэй газар авахаа манай сайт руу ороод нарийн танилцаж байгаад шаардлагатай мэдээлэл авах боломжтой. Манай сайтын хаяг: WWW. GАZАR.КВ.GОV.МN.

-Өмчилсөн газартай холбоотой маргаан хэр зэрэг гардаг вэ?

-Өмчилсөн газартай холбоотой маргаан гардаг. Дүн шинжилгээ хийгдээд танилцуулсан байгаа. Гарч байгаа маргааны 70.0-80.0 хувь нь иргэд хоорондын маргаан байдаг. Ах дүү нарын хооронд ч газрын маргаан байдаг. Аав нь хүүгээ» манай хашааны газрыг авсан байна» гэх жишээтэй.

Ийм маргаан гаргахгүй байх үндэс нь юуны өмнө бичиг баримтаа үнэн зөв бүрдүүлсэн байх үүргээ биелүүлсэн ёстой.

Үүнтэй холбоотой хорооны Засаг дарга нь бүртгэлийн тодорхойлолт гаргаад өгчихдөг. Түр буусан айл «Манайх» гэж бүртгүүлчихдэг. Энэ мэтээр маргаан гарах шалтгаан гарна.

-Газар өмчлүүлэх тал дээр иргэдийн анхаарах гол зүйл юу вэ?

-Юуны өмнө газар хувьчлах тухай хүсэлт гаргахдаа иргэн хүн хуулинд заасан үүргийнхээ дагуу бичиг баримтаа үнэн зөв бүрдүүлж өгөх шаардлагатай. Мөн хуулинд зааснаар нийслэлд бүртгэлтэй иргэд бусад аймаг сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар үнэгүй өмчлэх эрхтэй байдаг учраас нийслэлийн иргэд бусад аймаг сумын нутаг буюу улсын чанартай авто замын дагуу газар өмчлөх боломжтой гэдийг хэлэхийг хүсч байна.

-Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлөх газрын хэмжээ нийслэл болон хөдөө орон нутагт ялгаатай юу?

-Ялгаатай. Нийслэлд 700.0 м2 газар үнэгүй өмчлөх эрхтэй бол аймгийн төвд 3500.0 м2, сумын төвд 5000.0 м2 газар үнэгүй өмчлөх эрхтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.