НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд УИХ-ын гишүүн Р.Буд, Л.Гантөмөр нарын гишүүдийн санаачилсан “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг өнөөдөр өргөн барилаа.Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар УИХ-ын сонгуулийн бүх шатны үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор хөрөнгө оруулалтын зардалд 24 тэрбум төгрөгийг баталсан.
Мөн “Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээг авах тухай” 47 дугаар тогтоолын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох, хяналтыг хэрэгжүүлэх, сонгуулийн дүнг дамжуулах ажиллагааг бүрэн автоматжуулах техник хэрэгсэл, программ хангамжийг нийлүүлэх гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах үүргийг УИХ-аас өгсөн.
Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хороо, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороотой зөвшилцсөний үндсэн дээр АНУ-ын “Dominion Voting System” компанийн оптикал скайнер технологи бүхий санал авах, тоолох, дүн гаргах машиныг худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэрээний үнийн дүн 16 тэрбум 815 сая төгрөг болох бөгөөд үлдсэн хэсгээр нь сонгогчдийн бүртгэл хийх техник хэрэгслийг авах юм байна.
Гэрээнд гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг захиалагч тал төлөхөөр тусгагджээ. Төсөвт тусгагдсан 24 тэрбум төгрөгт техник хэрэгслийн гаалийн болон нэмүү өртгийн татвар тусгагдаагүй учир уг татваруудаас нэг удаа чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачилсан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.