Урт наслах нууцаас
2012.01.29

Урт наслах нууцаас

Та зуугаас дээш наслах уу, үгүй юу гэдэг нь таны удамшлаас дөнгөж 25 хувь хамаардаг болохыг Хятадын ген судлаачид саяхан тогтоожээ. Үлдсэн 75 хувь нь таны амьдралын хэв маяг, сэтгэл санааны тогтвортой байдал, сэтгэлийн хямралыг тэсэн гарах чадвараас шалтгаалах ажээ. Хүчин зүйлүүдийн олонхийг бид өөрсдөө зохицуулж чадах юм байна. Тэгвэл юу бидний насыг уртасгадаг вэ?
Шинэ алим
Алим тогтмол идэх нь залуу насыг уртасгадаг болохыг Британийн хүнсний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд олж нээжээ. Тэд алимнаас судасны ханыг зөөлрүүлж, зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулан, дархлааг бэхжүүлдэг бодис гаргаж авсан байна.
Цэвэр шоколад
Европын арьсны мэргэжилтнүүд судалгаа хийж, өдөр бүр хэд хэдэн жижиг дөрвөлжин цэвэр шоколад идэх нь үрчлээ үүсэхээс сэргийлж, арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг багасгадаг болохыг тогтоожээ.
Өдөрт 2-оос 3 дөрвөлжин цэвэр шоколад идэх нь цусны өвчний үед үрэвслийг дарахад тустай болохыг Италийн эрдэмтэд үүнээс бүр өмнө тогтоосон юм. Ийм хэмжээний шоколадыг өдөр бүр идвэл ой тогтоолт сайжирч, архаг ядаргаа арилдаг болохыг Британийн эрдэмтэд олж илрүүлжээ.
Эфирийн тос
Антиоксидант буюу үл исэлдүүлдэгч бодисууд нь бидний бие махбодид орж байгаа бүхэн боловсорсны дараа бий болдог илүүдэл зүйлүүдээс бидний эсийг хамгаалагчид юм. Нас ахихын хэрээр тэдгээр илүүдэл бодисууд хуримтлагдаж, эргэн тойронд байгаа бүхнийг хөнөөж эхэлдэг байна. Харин хоол амтлагчуудад агуулагддаг эфирийн тос үр ашигтай антиоксидант байж болох юм гэж Оросын эрдэмтэд үзжээ. Чухамхүү хавдраар өвчлөх нь эрүүл мэндийг муутгах, үхэлд хүргэх хамгийн түгээмэл шалтгаан болдог гэнэ.
Эр эмийн ажил ба бүхнийг өршөөн хэлтрүүлэхүй
Америкийн эрдэмтэд нас уртасгах тал дээр өөрийн гэсэн өвөрмөц бодолтой улс. Нэгдүгээрт, өршөөн хэлтрүүлж сурах хэрэгтэй гэж тэд зөвлөж байна. Христос шашинтнууд шашин шүтдэггүй хүмүүсээс яагаад илүү урт насалдгийг сэтгэлзүйчид хэдэн жилийн турш судлаад хэргийн учир нь өөрийг нь гомдоосон хүнийг уучилж чаддагт байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ нь стрессээс амархан гарахад сүсэгтнүүдэд тусалдаг гэнэ. Хоёр дахь чухал зүйл нь эр, эмийн ажил гэнэ. Сексийн үед ганцаардах мэдрэмжийг дарж, сэтгэл санааны хямралыг даван туулахад тусалдаг даавар ялгардаг байна.
Биеийн тамирын дасгал
Ийм дасгал хийх үеэр нэг цаг эсвэл 30 минут тутамд цэвэр агаарт алхах нь “хортой” холестериний хэмжээг нэг декалитрт 4 миллиграммаар бууруулдаг байна. Судас хатуурах, зүрхний шигдээс, зүрхний титэм судасны өвчин зэрэг зүрхний өвчний даамжрал чухамхүү “хортой” холестериний хэмжээ ихэссэнтэй холбоотой байдаг нь нэгэнт тодорхой болсон билээ.
Ухаантай эхнэр
Эрэгтэйчүүдийн хувьд насаа уртасгах тун хялбархан арга бий гэж Шведийн эрдэмтэд үзэж байна. Нөхрийнх нь наслалт эхнэрийнх нь ухаан, боловсрол, соёлоос шууд хамаардаг болохыг тэд олж тогтоожээ. Үүний шалтгаан нь, эмэгтэй хүн гэр орны ажил, хоол хүнсний асуудлаа эрхэлж байдагт оршино гэж эрдэмтэд тайлбарлажээ. Ингэхлээр ухаантай, боловсролтой эмэгтэй ашигтай хүнсний бүтээгдэхүүн болон хоол хүнс сонгон авч, нөхрөө согтууруулах ундаа, тамхинд донтох зэрэг хортой зуршлаас нь ангижруулан, өөртөө болон эр нөхөртөө ямар хобби илүү чухал вэ гэдгийг сонгож чаддаг байна.
Хөдөлгөөн
Эрүүл мэнд сайтай байж, өндөр наслахад таны жин ямар байх нь чухал биш, харин та хэр хөдөлгөөнтэй вэ гэдэг нь чухал юм. АНУ-ын Өмнөд Каролины эрдэмтэд энэхүү дуулиант нээлтийг хийжээ. Өдрийн турш идэвхитэй хөдөлгөөнтэй байдаг хүн бусдаас илүү өндөр насалж, бие сайтай байдаг байна. Гүйж харайхаасаа илүүтэй гэртээ болон ногооныхоо хашаанд ажиллаж, ач нартайгаа зугаалан, эсвэл гэрийн тэжээвэр амьтдаа салхилуулах, дэлгүүр хоршоогоор явах нь тун ашигтай гэнэ.
Жинхэнэ кофе
Кофе тогтмол уух нь түрүү булчирхайн хорт хавдраас маш сайн урьдчилан сэргийлнэ. Өдөр бүр кофе уудаг эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хавдраар өвчлөх тохиолдол барагцаалбал 60 хувиар цөөн байдгийг Харвардын анагаах ухааны коллежийн эрдэмтэд тогтоожээ. Кофе зүрхэнд муу тухай яриаг аль эрт няцаасан бөгөөд одоо бол зүрхний эмч нар жинхэнэ кофе хэрэглэхийг цусны даралттай хүмүүст зөвшөөрдөг болсон.
Бүтэн нойртой байх
Хэрэв эмэгтэй хүн хоногт наймаас доош цаг унтвал зүрхний өвчин тусах эрсдэл ихсэнэ гэж Британийн Варрик, Юниверсити Коллеж их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Байнга дутуу нойртой байх нь эмэгтэй хүний цусанд өндөр идэвхижилтэй уураг нэмэгдэхэд хүргэж, энэ нь зүрх, судасны өвчин үүсгэдэг ажээ. Түүнээс гадна хоногт найм хүрэхгүй цаг унтдаг эмэгтэйчүүдийн цусанд үрэвсэл үүсгэдэг уургийн агууламж нэмэгддэг байна.
Хожуу төрөх
40 гарсан хойноо хүүхэд төрүүлэх нь урт наслахад тустай гэдгийг Америкийн эрдэмтэд нотолж байна. Тэд XVII-XVIII зууны үед Квебек хотод амьдарч байсан 400 000 хүний талаарх түүхэн баримт бичгүүд, өнөөгийн 1 500 000 гаруй хүний эрүүл мэндийн талаархи мэдээллийг судалжээ. 40-50 насандаа ээж болохоор шийдсэн хатагтай нар ингэж зориглоогүй хатагтай нараас илүү урт насалж байжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.