Тариаланчид, үйлдвэрлэгчдийн татварын хөнгөлөлтийг сунгана
2012.01.18

Тариаланчид, үйлдвэрлэгчдийн татварын хөнгөлөлтийг сунгана

Өнөөдөр Төсвийн Байнгын хорооны ээлжит хурлаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэнээр анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн саналтайгаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.tarialan

Хуулийн төслийн үзэл баримтлалд, ...“Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” 2008 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн Монгол улсын хуулиар “Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгаалалын бодисыг 2011 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас тус тус чөлөөлсөн”.

Энэ нь газар тариалангийн салбарын бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчдын эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан газар тариалангийн бүтээгдэхүүнээр хангахад эрх зүйн томоохон дэмжлэг болж чадсан.

Мөн газар тариалангийн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ манай улсын зах зээлд нийлүүлэх сонирхол бий болж гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэн дэвшилтэд технологи нэвтэрч байна.

Тиймээс үйл ажиллагаа нь тогтворжих энэ үед нь тариаланчид, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх үүднээс одоо хэрэгжиж байгаа гаалийн албан татварын хуулийн хэрэгжилтийг сунган 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж байна... гэжээ.

Уг хуулийн төсөл батлагдсанаар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл хийгдэн, тариаланч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа тогтворжиж ургац нэмэгдэх, газар тариалангийн салбарын эдийн засгийн чадавхи сайжирснаар улсын төсвийн орлого нэмэгдэх, цаашлаад тариалангийн талбайг хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах боломж бүрдэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.