Боловсролын салбарын хуулиудын төслийг хэлэлцлээ
2012.01.13

Боловсролын салбарын хуулиудын төслийг хэлэлцлээ

ТОВЧХОН
  • УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Монголын их, дээд сургуулиудын дипломыг гадаадад хүлээн зөвшөөрдөггүй тухай дурдаж, энэ тал дээр ямар арга хэмжээ авбал зохилтойг салбарын сайдаас асуусан.

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн ээлжит хуралдаан /2012.01.13./ өглөө 10.00 цаг өнгөрөөгөөд эхэллээ.

 

Үдээс өмнөх хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэх асуудал үргэлжилж байгаа юм.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр гишүүд асуулт асууж , санал бодлоо хэллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, хэлэхдээ хуулийн төсөлд багш нарын зарим асуудлыг тусгахдаа ялгавартай хандсан байна гэлээ. Мөн тэрээр сумын төвийн асуудал аймгийн төвийнх тусдаа, олон хүн амтай газрын багш байлаа гэхэд хаа байсан хотоос онцлогийг нь үл харгалзан томилоод байгаа нь буруу юм биш үү гэдгийг хэлсэн. Хариулт нь, таван жилийн нэмэгдэл олгож буй багш нарын тухайд хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын тогтвортой байдлыг харгалзан уг нөхцөл анх орж ирсэн юм билээ, томилолтын тухайд хуулинд нь тэгээд заачихсан хэмээн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хариулж байсан ч гишүүн Д.Тэрбишдагва гүйцэд хариу аваагүй тухайгаа дахин илэрхийлж байлаа.

 

УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Монголын их, дээд сургуулиудын дипломыг гадаадад хүлээн зөвшөөрдөггүй тухай дурдаж, энэ тал дээр ямар арга хэмжээ авбал зохилтойг салбарын сайдаас асуусан. Мөн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр их, дээд сургуулиудын хийж буй дэвшилтэт сургалт, судалгааны ажлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд тодорхой төсөв гаргаж, сургуулиудад зарим талаар үр ашгийг нь хүртээж байх чиглэлд, өөрөөр хэлбэл зах зээлд тэдгээрийг холбох асуудлын талаар хуулинд ямар зүйл тусгав гэдгийг тодруулсан. Мөн төрөөс төгсөгчдийн талаар тэднийг ажилтай болгоход анхаарах талд ямар ажил хийгээд байна вэ хэмээн гишүүн нэмж асуулаа.

 

УИХ-ын гишүүн Н.Ганбямба хэлэхдээ, баялаг бүтээдэггүй салбарын төгсөгчид хэт их байгаа гээд Я.Батсуурь гишүүний саналтай нэг буйгаа ярьсан. Тэрээр, хуучин тогтолцооны эдийн засгийг боловсролын салбараас шахах ёстой гэсэн юм. Мөн төрийн албан хаагчдыг бизнес хийх боломжоор тодорхой хязгаарлалтын хүрээнд хийж яагаад болохгүй гэж байлаа.

 

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхээр болж, гишүүд дэмжин анхны хэлэлцүүлэгт холбогдох байнгын хороо руу нь шилжүүлсэн юм.

 

Дараа нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг мөн гишүүд хэлэлцлээ.

 

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. Тэрээр багшийн нэр хүндийг өргөх, боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн тогтолцоог сайжруулах чиглэлд уг хуулийн төсөл нэлээд ач холбогдолтой гэж байв.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог танилцуулсны дараа Ц.Сэдванчиг, Д.Дондог, Д.Тэрбишдагва, Х. Жекей нарын гишүүд санал бодлоо илэрхийлсэн.

 

Энэ үеэр хуралдааныг удирдаж байсан УИХ-ын дэд дарга Н.Энхболд гишүүдэд хандан, шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүрээнд Төрийн ордны их танхимд 1992 оны УБХ-ын гишүүд болон АИХ-ын депутатууд, Үндсэн хууль тогтоогч нийт судлаач, эрдэмтэд, үе үеийн төрийн түшээд, зочид, төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болох тул хуралдааныг түр завсарлаж буйг мэдэгдсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.